Хаврын шинэ галзуурал: ӨД
Загварын тайзнаа өдөөр бүрхсэн хувцас, эдлэл, хэрэглэл, гоёл чимэглэл моданд орох болжээ. Парис, Нью Йорк, Лондоны загварын долоо хоногт өдтэй загвар удаа дараа давтагдаж байгаа нь орчин цагийн шинэ тренд гарч ирснийг илтгэж байна. Энэ талаар "NEWS" агентлагийн "FASHION" буландаа онцлон хүргэж байна.
Загвар зохион бүтээгчид өд болон сөдийг төрөл бүрээр ашиглаж байна. "Brandon Maxwell’s"-ийн урдаа хар өд урссан цэмцгэр пальто, "Altuzarra"-гийн өдөөр чимэглэсэн нэхмэл хослол, "Prabal Gurung"-гийн үүл мэт цагаан, өдөөр бүрсэн даашинз гэх мэт загваруудаас харж болно. Лондон хотод болсон загварын шоуны үеэр "Roksanda" брэнд олон өнгийн өдөөр хийсэн үдэшлэгийн даашинз танилцуулж, Оскар Оуян өдтэй "Converse" кетээр олны анхаарлыг татсан. Харин Парис хотод болсон шоуны үеэр загвар зохион бүтээгчид илүү сонирхолтой байдлаар өдийг ашиглажээ. "Balenciaga", "Pierpaolo Piccioli" брэндийн шоунд банзал болон даашинзыг өдөөр бүрж, тансаг төрхийг бий болгосон. "Chanel" брэндийн "Maison Lemarié" урлан өдөөр хийсэн Камелли цэцэг, гоёл чимэглэл, малгай зэргийг урласан байна.


Викториа Бекхэмийн урласан даашинз жижигхэн ч өдний нарийн чимэглэлтэй байв. "The Row" брэндийн шоуны үеэр өдөн юпка олны харцыг булаасан бол байгальд ээлтэй загварын төлөөлөгч Стелла Маккартни ургамлын гаралтай анхны хиймэл өдийг бүтээжээ. Энэ мэт бүхий л том, тансаг зэрэглэлийн брэндүүд өдийг гол төлөв ашигласан байгааг "Аварга шувууны нөлөө" гэж тодорхойлж байна. Гэхдээ өд яагаад гэнэт тансаг байдлын бэлгэдэл болсон юм бол? Үүнийг тайлбарлахын тулд өдний түүх эртний Египетээс эхэлдэг гэдгийг мэдэж авах шаардлагатай. Эл үед туулайн өдийг сэнс, гоёлд ашиглаж, бүр сийлбэр бичээст дүрслэн үзүүлдэг байв. Вавилон, Ассирийн урлагт ч өд бурхдын хувцас, хаадын титэм дээр чимэг болон гардаг.
Товчхондоо, өд үргэлж эрх мэдэл, гоо үзэсгэлэн, тансаг байдлын илэрхийлэл байсаар иржээ.

Өдийг 1500-аад оны үед л нийгмийн давхарга хамаарахгүй ашиглаж эхэлжээ. Ялангуяа Их Британид. Загварын түүхч, профессор доктор Элизабет Гернердийн хэлснээр, тухайн үед хүмүүс өдийг зөвхөн гоё сайхан харагдахын тулд өмсөж эхэлсэн. Британичууд гарын доорх зүйлээ ашиглаж, галуу, тахиа зэрэг шувууны өдийг шохой, хүхрээр ариутгаад малгай, сэнсэндээ хэрэглэдэг байв. Харин энгийн ажилчин анги өдийг илүү өдөр тутмын хэрэглээнд, жишээлбэл шүүр эсвэл дэвсгэр хийхэд ашигладаг байсан. 18-р зуунд загварын чиг хандлагыг тодорхойлсон Мари Антуанетт үсний засалтдаа зориулж тэмээн хяруулын өд зүүх болсон байна. Ингэснээр илүү сүр жавхлантай, үзэсгэлэнтэй харагддаг байсан тул тухайн үеийн хүмүүс ч Антуанеттийг дуурайх болжээ. Мөн тухайн үеийн өдөн чимэглэлүүд маш том байсан тул тухайн үеийн сонинд үдэшлэгийн үеэр лааны дөлөнд шатсан өдний талаар хөгжилтэй нийтлэлүүд бичигддэг байв. Харин 19-р зуунд Британийн эзэнт гүрэн тэлж, дэлхийн худалдаа нэмэгдэхийн хэрээр "өдөөр галзуурах” үе оргилдоо хүрсэн гэж Гернерд хэлжээ. Тэр үед өд загварын хамгийн их шүтэгдсэн материал болсон юм.
Шинэ Гвиней зэрэг арлуудаас гаралтай үзэсгэлэнт шувуудыг 1800-аад оны үед өнгөлөг өднийх нь төлөө агнах болсон.
Ингэснээр өдийг нь Европ, АНУ руу илгээж, Лондон, Парис, Амстердамын дуудлага худалдаанд оруулдаг байв. Мөн малгай урлаач нар маш ихээр худалдан авдаг байжээ. Ийм өд зүүх нь баян, эрх мэдэлтэй, холын орноос ирсэн загварыг өмсөж буйгаа харуулах бэлэг тэмдэг болсон байна. Гэхдээ зөвхөн хэдхэн өд бус, бүхэл бүтэн шувуудыг ашигладаг байжээ. 1870-аад онд бүрэн чихмэл колибри шувуудыг сэнс дээр чимэг болгон хэрэглэхээс гадна малгай дээр тансаг чимэглэл болгон байрлуулдаг байсан. 1900-аад он гэхэд сая сая шувуудыг загварын төлөө устгасан бөгөөд олон төрөл зүйл мөхөх аюулд хүрсэн юм. Улмаар ховордсон тул эрдэмтэд судалгаанд ашиглах өд худалдан авч чадахгүй болсон.
1912 онд Титаник онгоц живэхэд хамгийн үнэтэй ачааны нэг нь Нью-Йорк руу тээвэрлэж байсан тэмээн хяруулын өд байжээ. Энэ нь өнөөгийн ханшаар ойролцоогоор 2.3 сая ам.долларын үнэтэй байсан гэнэ.

Хэдийгээр өдний хэрэглээ асар их, нийгэм тэр чигтээ ашигладаг байсан ч үүнийг эсэргүүцэгчид ч байсан. Бостон хотын Харриет Хеменуэй болон Минна Б. Холл нар бусад чинээлэг эмэгтэйчүүдийг өдтэй хувцас зүүхээ болихыг уриалах үдийн цайны уулзалт зохион байгуулдаг байсан. Тэд 1905 онд "Одубоны нийгэмлэг” хэмээх шувуу хамгаалах байгууллага байгуулсан. Үүний үр дүнд Нью-Йорк мужид 1910 онд батлагдсан "Audubon Plumage Law” болон 1918 оны "Migratory Bird Treaty Act” зэрэг хууль гарч, нүүдлийн шувуудыг агнах, барих, худалдаалахыг хориглосон юм. 1921 онд Их Британи мөн гадаадын орноос шувууг оруулж ирж, загварын зориулалтаар ашиглахыг хориглосон хууль баталжээ. Гэвч тэмээн хяруулын өдийг ашиглахыг зөвшөөрсөн хэвээр байсан. Учир нь тэмээн хяруулын өдийг алахгүйгээр авах боломжтой байсан юм. Тиймээс өнөөг хүртэл тэмээн хяруулын өд загварын ертөнцөд түгээмэл хэрэглэгддэг хэвээр байна.
ҮСЛЭГ ЭДЛЭЛ ӨДӨӨР СОЛИГДОВ УУ?
Олон алдартай загварын брэнд амьтны гаралтай үс хэрэглэхээ больжээ. Донателла Версаче, Жон Гальяно, талийгаач Жоржио Армани зэрэг дизайнерууд бүгд үслэг эдлэлийг эсэргүүцсэн байна. Мөн "Gucci", "Chanel", "Prada", "Burberry" зэрэг тансаг брэнд бүгд "үсгүй” болохоор шийджээ. Vogue сэтгүүл зэрэг олон хэвлэлийг гаргадаг "Condé Nast" компани хүртэл жинхэнэ амьтны үсийг нийтлэл болон сурталчилгаандаа оруулахгүй гэж мэдэгдсэн. Улмаар "Үсний оронд өд шинэ чиг хандлага болох уу?" гэх асуултыг төрүүлж байна. Ёс зүйтэй загварын хөдөлгөөн "Collective Fashion Justice"-ийн үүсгэн байгуулагч Эмма Хоканссон хэлэхдээ, дизайнерууд одоо тэмээн хяруулын өдийг үсний оронд ашиглаж байгаа. Гэвч энэ нь жинхэнэ шийдэл биш гэлээ. "Бид амьтдыг загварын төлөө алахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ яг нэг асуудлыг өөр амьтанд давтаж байна” гэж тэр хэлэв. Түүний байгууллага 2023 онд хийсэн судалгаагаар тэмээн хяруулын өдийг алахгүйгээр авах боломжтой ч, эцэст нь эдгээр шувуудыг нядалдаг болохыг тогтоожээ.

Хоканссоны баг 2024 онд Копенгаген загварын долоо хоногт зэрлэг амьтны гаралтай бүх материалыг хориглоход тусалсан. Мөн Британийн Загварын Зөвлөлийг үс болон ховор амьтдын арьсыг ашиглахыг хориглох шийдвэр гаргахад нөлөөлжээ. Тэд одоо Нью-Йорк, Парис, Миланы зохион байгуулагчдыг ижил хориг гаргахыг уриалж буй. Гэхдээ өөрчлөлт зөвхөн хориг бус, шинэ санаа, инновац шаарддаг. Үүний нэг жишээ бол Стелла Маккартнигийн 2026 оны хавар-зуны коллекц юм. Тэд "Fevvers” хэмээх ургамлын гаралтай өдийг ашигласан бөгөөд эдгээр нь дэлхийн анхны ёс зүйтэй, байгальд ээлтэй өд гэж тооцогдож байна. Үүнийг зохион бүтээгч Никола Вуллон болон Жеймс Уэст нар бүтээсэн бөгөөд тэд технологио нууцлалын гэрээгээр хамгаалж, Стелла Маккартнигийн тайзыг туршилтын талбар болгосон. Никола Вуллон болон Жеймс Уэст нарын хэлснээр, уг санааг хөгжүүлэхэд хэдхэн сар л шаардлагатай байсан гэнэ.
Вуллон "Сүүлийн үед олон брэнд амьтны гаралтай материалыг орлуулахыг хичээж байгаа тул яг энэ мөч шинэ зүйлийг бүтээхэд хамгийн тохиромжтой үе байлаа” гэж "CNN"-д ярьжээ. Уэст нэмж хэлэхдээ, "Хүмүүс ихэвчлэн арьс, үсний талаар ярьдаг, харин өдний тухай бараг боддоггүй. Бид үүнийг өөрчлөхийг хүссэн” гэв. Тэдний анхны хиймэл өдийг бүтээх санаа тэмээн хяруулын өднөөс эхэлсэн. "Тэмээн хяруулын өд нь тансаг загвар болон хэрцгийллийн бэлгэдлийг илэрхийлдэг. Бид энэ дүр төрхийг дахин тодорхойлохыг хүссэн” гэжээ. Тэд мөн "Загварыг илүү ёс зүйтэй, байгальд ээлтэй болгох бодлого хэрэгжүүлэх нь бүтээлч байдлыг хязгаарлахгүй. Харин ч илүү бүтээлчээр сэтгэхэд хүргэдэг” гэж онцлон тэмдэглэсэн юм.



Сэтгэгдэл байхгүй байна.