"Төр, түмний төлөө ажиллах тангараг өргөчихөөд шуналдаа автаж болохгүй"
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдтой 2026 оны улсын төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.
-УИХ улсын төсвөө энэ долоо хоногт батална. Цалин, тэтгэвэр нэмэхтэй зэрэгцээд зураг төсөлгүй шинэ хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсөвт нэмсэн тухай УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Ирэх оны улсын төсвийн орлого, зарлагыг хэр бодитоор тооцоолж чадсан гэж харж байна вэ?
-Улсын төсөв бол Монгол Улсын Их Хурлын шийдвэр гаргах эрэмбийн хамгийн эхэнд байх ёстой. УИХ-ын гишүүд парламентад сонгогдож, тангараг өргөдөг. Тэр өргөж байгаа тангаргийн үнэ цэн, ач холбогдлыг илэрхийлж байгаа хэлбэр бол улсын төсөв батлах үйл явц. Төсөв гэдэг бол тухайн улс ирэх жил ямар хэмжээний эдийн засгийн цусны эргэлттэй байх, эдийн засгийн өсөлт хөгжилд улс орны "тамир"-ыг ахиулах шалгуур. Өмнөх 76 гишүүнтэй найман удаагийн парламентыг "76 Сангийн сайдтай" гэж иргэд шүүмжилдэг байсан. УИХ-ын гишүүд сонгогдсон тойрог руугаа илүү их улсын төсөв хуваарилуулах уралдаан өрнөдөг байлаа. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө нэг аймгийн төсөв улсын төсвийн 17 хувьтай тэнцэж байсан бол нөгөө аймгийн төсөв улсын төсвийн 0.3 хувьтай тэнцэж байсан. Энэ нь өөрөө тэгш бус байдлын суурь нь болж ирсэн. Хэн авхаалжтай, хөөцөлдөлгөөтэй, улс төрийн найруулга хийж чадсан нь төсвийг илүү зарцуулж, татвар төлөгчдийн мөнгийг өөрийн мөнгө мэтээр сонгуулийн далд сурталчилгааг тогтмол хийж байсан. Улсын төсвийг өөрийнхөө нэрээр иргэд сонгогчдод ойлгуулж, хөрөнгө оруулалт хийх нь асар том ёс зүйн төөрөгдөл. Энийг халахын тулд парламентын гишүүдийн тоог 126 болгож, Улаанбаатар хотоос гадна зургаан бүсийн төвүүдийг нэг бодлогод зангидсан. Үүний гол зарчим нь ядаж л эрүүл мэнд, боловсролын хатуу болон зөөлөн дэд бүтцийг сайжруулах зорилготой байсан. Гэтэл шинээр явуулж байгаа бодлогын систем бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна.
Миний бие 2024 оны намрын чуулганаас эхлээд удаа дараа нэг сэдвийг хөндсөн. Өнгөрсөн 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын төсөв нийцэж байгаа асуудлаар аудитын байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргах ёстой байдаг.
Харамсалтай нь, сүүлийн 15 жилийн хугацаанд аудитын байгууллага энэ дээр ерөнхий дүгнэлт гаргасан. Яагаад нарийвчилсан дүгнэлт гаргаагүй вэ гэхээр шалгуур үзүүлэлт тодорхойгүй гэдэг. Монгол Улсын эдийн засгийн бүтцийг хүний биеийн анатомитой зүйрлүүлбэл, артер болон венийн судас нь улсын төсвийн орлого, зарлага гэсэн үг. Гэтэл хүний биеийн зарим хэсэгт цус нь боогддог, бөглөрсний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болох юм уу, амь нас нь эрсдэх аюултай шүү дээ. Тэр дунд хамгийн их алдагдаж байгаа зүйл бол нийтлэг дундын эрх ашгийг хангаж байдаг салбар буюу боловсрол, эрүүл мэндийн салбар хоцорч, орхигдсон. Эргээд энэ нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрх зэрэг Үндсэн хуулийн суурь зарчмууд гажуудахад хүргэж байна. Тиймээс аудитын байгууллагад удаа дараа шаардлага тавьсаар ирсэн. Дүгнээд хэлэхэд, улсын төсвийг хамгийн түрүүнд зайлшгүй ямар салбарт зарцуулж, зориулах ёстой юм бэ. Тэвчих боломжтой, боломжгүй зардлаа ялгах ёстой. Тэгэхгүй бол ноднин жил улсын төсөв алдагдалтай байна гээд Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ хүлээн авч, нийт хөрөнгө оруулалтыг тэгшитгээд 20 хувиар хасчихсан. Ингэхээр эрүүл мэнд, боловсролын зардлыг танаж, хассан.
Ер нь Монгол Улс жилийн дөрвөн улиралтай, томоохон суурин газрууд нь утааны асуудалтай, дэд бүтцийн асар өндөр зардалтай. Эдгээр зардлуудад улсын төсвийн шалгуур үзүүлэлт, эрэмбийг зайлшгүй тогтоох хэрэгтэй.
Хүний хөгжлөө дэмжсэн, тийшээ чиглэсэн үр өгөөжийг ахиулсан, урт хугацааны тогтвортой бодлогыг яаж явуулах вэ гэдэг нь улсын төсвийн хамгийн том асуултын тэмдэг. Одоо бол нийт иргэдэд хүрч байгаа ярианы 90-95 хувийг тэр аймгийн төсөв, тэр салбарын төсөв, багш болон эмч нар ажил хаяна гэхээр гал унтраах байдлаар асуудлыг нь шийдэж байна. Уг нь энэ дээр урт хугацаандаа системийн хувьд яаж зөв байх вэ гэдгийг шийдвэрлээд явах ёстой. Хоёрт, дараа жилийн төсвийн хүрээгээр орлогоо яаж төлөвлөх вэ. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдрээс ямар хэмжээний орлого олж, хэрхэн зарцуулахаа маш сайн тооцоолох ёстой. Энэ олон эдийн засгийн загвар дээр үр дүнтэй, алдагдал багатай, өгөөжтэй төсвийг батлах вэ гэдэг нь чухал. Улсын төсвийн төслийг боловсруулахдаа сэтгэл хөдлөлд автах бус "хүйтэн тархи"-иар бодож, төлөвлөвөл богино зайндаа шүүмжлэл дагуулах ч урт хугацаандаа улс оронд эм шиг хэрэгтэй юм.
-МАН-ын хэрүүл улсын төсөв хэлэлцэхэд хэр нөлөөлж байна вэ. Сүүлд МАН-ын хэсэг гишүүд Ардчилсан намын тойргоос сонгогдсон гишүүдийг улсын төсвөөр авлигадсан гэх яриа гарсан. Та энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?
-Монгол Улсын төсөв уул уурхайн нэрийн бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээс нүүрс нэгдүгээрт бичигдэнэ. Цаашаа зэс, алт, төмрийн хүдэр гээд дараалалтай явж байна. Харамсалтай нь, нүүрс олборлож, баялаг болгон экспортлох асуудал олон жил улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн хяналтад нээлттэй бус байсан. Үүний улмаас том гэмт хэргийн чанартай хардлага үүсч, эхнээсээ баримтууд ил гарч байна. Энэ нь аль нэг улс төрийн нам юм уу, эрх баригчдын зовлон гэхээс илүүтэйгээр Монгол Улс далд эдийн засагт живсэн гэдгийг харуулж байна. Тэр тусмаа Монгол Улсад валютын нөөц бий болгож буй уул уурхайн салбар ямар их хүнд сорилтод орсон юм бэ. Энэ салбарт нээлттэй, ил тод байдал, олон нийтийн хяналт ямар чухал вэ гэдгийг харуулж байна.
Хоёрт, одоо өрнөж буй нүүрсний хулгай гэгдэх асуудал маш сайн зүйл болж байна. Улс төрийн нам үл харгалзан авлигын болон баялгийн асуудал эхнээсээ ил болж байна.
Ингэж бугшсан идээ бээрийг хурц хутгаар хага ярж байж шарх бүрэн эдгэнэ. Цар тахлын төсөв, ЖДҮС, ногоон автобус гээд энэ бүх асуудал хэзээ нэгэн цагт бодит байдалтай нүүр тулж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой байсан. Энэ бүхэн улс төрд маш том хичээл, сургалт болж байна. Төр түмний төлөө ажиллахаар тангараг өргөсөн хүн хувийн шуналдаа автаж болохгүй. Тийм учраас нүүрс, баялаг тойрсон асуудлууд цэгцэрч, шийдэгдэх маш том боломж.
Нөгөө талдаа ард түмний нэрийг барьж, популизм хийх замаар хувийн хэвшилд халдаж, чөлөөт нийгмийн амин сүнс болсон бизнес эрхлэгчдийг дарамталж, дээрэмдэж болохгүй гэдэг давхар сорилт энд явж байна.
Харин хувь хүний халаас руу авлига болж очвол энэ гэмт хэрэг. УИХ хамтын шийдвэр гаргадаг учраас аль санал нь дэмжих, дэмжигдэхгүй байх вэ гэдэг нь бүрэн эрхийн асуудал. Улсын төсвөөр авлигадсан гэх яриа улстөржсөн сэдэв. Бодлого, улс төр хоёроо ялгахгүй байвал хөгжил хэзээ ч ирэхгүй. Болж өгвөл бодлого гэдэг зүйл богино, дунд, урт хугацаанд хэрэгжих боломжтой, сайтар судалгаанд суурилсан, нийгэмд үр өгөөжөө өгдөг, хэмжих нэгжтэй зүйл. Улстөрчид хүмүүст таалагдах гэж янз бүрийн мэдэгдэл хийж болно. Тэр болгоныг дөрөөлж, бодлоготой хольж хутгавал энэ улс хэрэлдсэн хэвээрээ л байна. Хэзээ ч хөгжихгүй.
-Таны сонгогдсон тойргийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү, хасагдсан уу. Ер нь бодлогоо баръя гэвэл жишээлбэл Төв аймагт нэн тэргүүнд юу хийх шаардлага тулгарч байна вэ?
-Парламентын 126 гишүүнээс 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдсон. Би гэхэд 209 мянган сонгогчтой тавдугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн бүсээс сонгогдсон. Манай бүсэд 1-12 дугаар ангийн 72 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа. Бүсийн хувьд Улаанбаатар хоттой ойр, хөгжлийн олон давуу талтай хэрнээ өнөөдөр Төв аймгийн 27 сумын ихэнх нь хатуу хучилттай замд холбогдоогүй. Эмнэлгийн чанар, боловсролын хүртээмж дээр маш олон асуудал бий. Тойргийн иргэдээс тодорхой санал хүсэлтүүд ирдэг. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд ажлын хэсэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлж, ийм хөрөнгө оруулалтыг тойргийн иргэд маань хүсч байна гэдгийг илэрхийлэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Үүнийг УИХ-аар шүүн тунгаагаад шийдвэрлэх ёстой. Манай тойргоос 10 УИХ-ын гишүүн сонгогдсон. Тэдний дөрөв нь Засгийн газрын сайдаар ажиллаж байна. Би төсвийн ажлын хэсэгт оролцоогүй. Төсвийн байнгын хороонд байдаггүй.
Ямар ч гэсэн манай тойргийн нийтлэг эрх ашгийг Ардчилсан намаас сонгогдсон Ц.Туваан, Д.Батбаяр, бид гурав хэлэлцээд зохих ёсны ажлуудыг тойргийнхоо төсвийн саналд оруулсан. Эндээс 30 орчим хувь нь эрүүл мэнд, боловсролын салбараараа дамжин улсын төсвийн төсөлд орчихсон явж байгаа. Энэ төсөв нь батлагдвал сайн байна.
УИХ бол шидэт дэнлүү биш. Эдийн засаг гэдэг бол хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг яаж хангах вэ гэдгийг зохицуулж байдаг механизм. Тэр утгаараа төсвийг зөв эрэмбэлж чадвал нутаг орон хамаарахгүйгээр Монгол Улсын иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах бололцоог хангах нь төрийн үүрэг.
-Эмч нар яг одоо цалингаа нэмүүлэхийг шаардаж, хугацаагүй суулт зарлаад байна. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг нь нэмэх боломж бий юу?
-Би 2025 оны наймдугаар сарын 27-нд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд асуулга асууж, аравдугаар сард Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороон дээр хэлэлцүүлэг явуулсан. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнгөрсөн жилийн төсөв улсын төсвийн 2.7 хувь орчим байсан. Эрүүл мэндийн даатгалын төсөв нэмэгдээд өндөр дүнтэй болчихдог. Гэтэл олон улсын жишиг нь долоон хувь байдаг. Зарим өндөр хөгжилтэй орнуудад тэрнээс дээш хувьтай байгаа. Миний хувьд эрүүл мэндийн салбарынхны цалинг олон улсын жишигт системтэйгээр яаж хүргэх вэ гэдэг асуудлыг өнгөрсөн жилээс хойш тавьсаар ирсэн.
Монгол Улс 330 сумтай. Сум болгон эрүүл мэндийн төвтэй. Тэнд эмч сувилагч төрийн алба хаагчид ажиллаж байгаа. Улсын хэмжээнд нийтэд нь дэд бүтцийг нэг удаа засаад зогсохгүй, байнга засвар үйлчилгээний зардлууд гарч байдаг. Яаж энийг системтэйгээр долоон хувь руу хүргэх вэ. Ер нь жил бүр 0.5 хувиар нэмэгдүүлээд явах ёстой байсан. Эхлээд суурь асуудлаа шийдсэний дараагаар хатуу болон зөөлөн дэд бүтцээ шийдээд явах ёстой. Миний хувьд эрүүл мэндийн асуудал бол Үндэсний аюулгүй байдлын суурь асуудал гэж үзэж байгаа. Боловсрол, эрүүл мэнд гэх ганц салбарын асуудал биш.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа эсэх дээр хяналт тавьж, дүгнэлт гаргаад тэнд тохирсон эрэмбийн дагуу тогтолцоог нь шинэчлэх замаар цалинг нэмэгдүүлэх нь чухал.
Эрүүл мэндийн салбарт нэг их наяд төгрөг төсөвлөж байж Төв аймгийн Дэлгэрхаан сумын эмнэлгийн 40 жил болсон шугам сүлжээг солих боломжтой. Тэгэхээр одоо хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй, урт хугацаанд явж ирлээ. Ер нь бид улсын төсвөө судалгаан дээр суурилж, нарийвчилсан оновчлолтой боловсруулах ёстой юм шиг байна. Нэг жилд нь эрүүл мэндийн салбартаа ийм хөрөнгө оруулалтыг хийе гэдэг ч юм уу. Жилд хамгийн багадаа 200 сая ам.доллар БНСУ руу урсаж байна. Монголд эмчлүүлэх боломжгүй гэдэг шалтгаанаар өвдсөн иргэд нь гадаадад руу явдаг. Энэ мөнгөний 40 орчим хувь нь онгоцны билет, амьдрах байр гээд эрүүл мэндийн бус зардалд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор жилд 700 тэрбум төгрөг нэг улс руу урсдаг гэсэн үг. Дахиад БНХАУ, Энэтхэг, Турк зэрэг улс руу 300-400 тэрбум төгрөг иргэдийн халааснаас гарч байна. Хэрвээ энэ мөнгөний урсгал их наяд төгрөг гардаг байлаа гэхэд энэ жил 100 тэрбум эх орондоо үлдээх хэмжээнд хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Гадаад руу урсаж байгаа их наядын урсгалаа ойрын таван жилийн дотор 50 хувьд хүргэж бууруулна гэдэг зорилтыг тавих ёстой. Тэгж байж эмнэлгийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлж, гадаад руу урсч байгаа валютын урсгалыг эх орондд үлдээнэ. Бодлогыг зөв болгочихвол хувийн хэвшлүүдтэй ч хамтран ажиллах бүрэн боломжтой.
-Засгийн газраас ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулахдаа 2030 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулна гэдгийг онцолсон. Ирэх жилийн төсвийн бодлогоор дамжуулан ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн ямар ажлуудыг хийхээр туссан байна вэ?
-Улсын төсвийг оруулж ирэхийн өмнө УИХ-аас эхлээд Хөгжлийн хөтөлбөрөө баталдаг. Хөгжлийн хөтөлбөр жил болгон гардаг буюу Засгийн газар дөрөв жилийн мөрийн хөтөлбөрөө дөрөв хуваагаад нэг жил болгоноор нь гаргадаг. Хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж, төсөв орж ирдэг. Өмнөх Засгийн газар бүсчилсэн хөгжил, боомт, эдийн засаг, хүний хөгжил гэж орж ирж байсан бол энэ удаагийн Засгийн газар нэгдүгээрт хүний хөгжлөө тавьсан байна.
Хоёрт, хүний эрхээрээ дамжаад эдийн засгаа яаж төгөлдөржүүлж, солонгоруулах вэ гэдгийг төлөвлөсөн байна лээ. Би энийг эрэмбийн хувьд зөв байна гэж харж байгаа.
Энэ бол Монгол Улсын Засийн газар. Аль нэг нам эрх барьж байгаагаас үл шалтгаалан бодлого тогтвортой зөв чиглэлд явж байх ёстой. Тэр утгаараа хүнээ эхэнд тавьж байгаа нь зөв. УИХ-аас 2024 оны арваннэгдүгээр сарын 28-нд хүн төвтэй байх таван тулгуурт бодлого гаргасан. Тэгэхээр энэ бол зөв замдаа явна. Засгийн газрыг хэн тэргүүлж байгаагаас үл шалтгаалан бодлогын эхэнд хүнээ тавьж байх ёстой. Тэр хүнээ тойруулаад асуудлаа шийдээд явах нь зөв.
-УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Ардчилсан намын бүлгээс энэ асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан шүү дээ?
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн засварлагын хугацаа өнөөдөр дуусч байна. УИХ-ын Дэгийн тухай хуулийг харж байхад, Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын цаг дууслаа гээд алх цохиод хурлаа дуусгасан. Заримдаа шөнийн 05-06 цагт хурлаа хиймээр байна гээд зарладаг. Энэ нэг хүний асуудал биш. Маргалдагч талууд өөрсөддөө ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж болохгүй. Х.Булгантуяа гэдэг хувь хүнийх асуудалд маш хүндэтгэлтэй ханддаг. Өндөр боловсролтой, эмэгтэй улстөрчдийн шилдэг төлөөллийн нэг гэж хүндэлдэг. Гэхдээ тэр шөнийн чуулганы ирц бүрдүүлэлтийн асуудал дээр ирцэнд ороогүй хүмүүсийг байж болшгүй өнцгөөр хэлж, олон нийтэд шүүмжлүүлэх бай болгож байгаа нь таалагдаагүй. Би тэр асуудлыг УИХ дээр микрофонгүйгээр илэрхийлсэн. Энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэн МАН-ын бүлэг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх гэж байна. Дахиад түүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл бүх асуудал нээлттэй.
-Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг шинэ даргаа хэзээ сонгох вэ?
-Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга Улсын дээд шүүхэд бүртгэгдсэний дараа сонгоно.
-Улсын дээд шүүхээс Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзсан. Та бүхэн буцаан өргөн барьсан уу?
-Бид өчигдөр л Улсын дээд шүүхээс бичгээр материалаа хүлээж аваад байна. Одоо ажлын хэсэг ажиллаад ойрын хугацаанд энэ сардаа багтаж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдана. Хуралдаанаар Улсын дээд шүүхээс буцаасан үндэслэл тайлбар дээр ажилласан ажлын хэсэг тайлангаа тавьж, шүүх рүү явуулахад бэлэн болно. Энэ сарын сүүлчээр шүүх рүү бичиг баримтаа дахин илгээх ёстой. Ингээд арванхоёрдугаар сард Улсын дээд шүүх дээр дүрэм бүртгэгдсэний араас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг шинээр сонгох байх. Би сураг сонсох нь ээ дүрэмд байгаа 20 орчим журмуудыг бүгдийг нь хавсаргах ёстой байснаас заримыг нь хавсаргаагүйгээс буцаасан юм билээ. Тэрнээс зарчмын чанартай, Улс төрийн намын тухай хууль зөрчсөн ноцтой зүйл байхгүй.



Сэтгэгдэл байхгүй байна.