Улаанбаатараа аврахыг хүсвэл зориг гаргаад л нүүцгээе
Хэд хоног Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг муу хэлцгээлээ. Сайн ч муу ч Монгол Улсын тэргүүн хүн шүү дээ. Тэгээд ч тун удахгүй "ноосоо тушаах гэж байгаа” хүнтэй ноололдох шаардлага юу байна. Ц.Элбэгдорж бидний хараагүй ажлуудыг хийж, бидний анхаардаггүй сэдвээр ярьж, НҮБ-ын индэрээс шагнал хүртсэн тухайгаа ярьлаа. Түүний хариуд "шагнал хүртсэн Ерөнхийлөгчийн амьдарч буй орчинг хардаа үнэхээр гамшиг болчихлоо. Та яг юу хийсэн юм бэ” гээд л дайрцгаагаад байх юм.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Улаанбаатарт битгий хөрөнгө оруул. Амьдрах аргагүй хот болчихлоо гэж Ерөнхийлөгч биднийг доромжилж байна. Ийм хүнийг эртхэн огцруулья” гээд л попдов. Ц.Нямдорж Зайсанд сардаа таван сая төгрөгийн түрээс өгөөд тансаг сайхан амьдарч л байдаг юм байгаа биз. Яг үнэндээ иргэд бид амьдрах аргагүй болчихоод байна шүү дээ. Энэ утаагаар амьсгалаад уушги, дотор юу болж байгааг мэдэх юм алга. Ингэж байхаар Улаанбаатараас нүүчихмээр л санагдах юм. Гэвч энд л ажил байна. Энд л хордоод ч болох амьдрах боломж байна.
Үнэндээ утаа л өнөөдрийн сэдэв болохоос биш хот төлөвлөлт, автомашины зогсоол, орон сууцны үнэ, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг сургуулийн хүрэлцээ, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд энд амьдрахад үнэхээр хүнд, ёстой л амьдрах аргагүй хот болчихоод байгаа нь үнэн шүү дээ. Ц.Элбэгдорж хэлсэн болохоор л бид уурлаж хүлээн аваад байгаа болохоос үнэн дээ Улаанбаатарын ирээдүй маш бүрхэг байгааг хүн бүр л харж мэдэж байгаа. Тэр тусмаа Ц.Нямдорж мэт бүр л сайн мэдэж суугаа.
Нийслэлээрээ нүүх цаг үе ирэхэд Ц.Нямдоржтонгууд хамгийн түрүүнд орхиод нүүх хүмүүс. Тэгэхээр Ерөнхийлөгчөө муулж болно. Яаж ч харааж болно.
Гэхдээ эцэстээ бид нэг л зүйл дээр нэгдэх ёстой. Улаанбаатар хотод амьдрах уу. Тэгвэл Улаанбаатарыг хэрхэн эрүүл аюулгүй хот болгох вэ. Нэг талаас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь зөв. Дөрвөн уулын дундах Улаанбаатар хотын хүн ам нь багтаж ядаж байна. 500-800 мянган хүн амьдрахаар төлөвлөж, зохион байгуулсан хотод өнөөдөр 1.5 сая хүн буюу төлөвлөснөөс хоёр дахин их хүн амьдарч байгаа учраас л алхам тутамд асуудал үүссээр л байна. Тиймээс л боломж байвал нүүх нь зөв. Орон нутагт ажлын байр байхгүй, амьдрах нөхцөл боломж бүрдээгүй нь үнэн. Тэгвэл үүнийгээ л төр засгаасаа шаардмаар байх юм. Ажилтай орлоготой бол хотод хордон байж шигдэхийг хүсэхгүй л байх.
Улаанбаатарчуудыг доромжилж байна хэмээн попдож буй энэ эрх баригчдаас л үүнийг хүсэх хэрэгтэй байх. Үгүй бол утаа дарах нэрээр янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжиж, мөнгө угаасаар л байна. Хот утаанаас өөр асуудалгүй юм шиг жил бүр тэрбум тэрбумаар нь цацна. Энэ байдал удаан үргэлжилбэл азийн цагаан дагина нэртэй хот минь Сирийн бөмбөгдүүлсэн хотуудаас дутахгүй нүүр царайтай болно доо. Ганц л арга зам байна. Зориг гаргаад л нүүцгээе. Ц.Нямдорж Зайсандаа үлдэнэ биз.
Шар хүү
Үндэстэн агентлаг
Сэтгэгдэл байхгүй байна.