УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ЗАНГАРАГ
УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн хаврын чуулганд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг бүгд оролцов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлчийн удаа чуулганы нээлтэд оролцож байгаагаараа энэ удаагийн хаврын чуулган онцлогтой. Мөн тэрбээр сүүлийн удаа УИХ-ын гишүүдэд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар үгээ хэллээ. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн хэлсэн үг жин дарсангүй. Өлгөөд авчих үзүүр, өнцөг аль аль нь байсангүй. Улиг болсон тунхагийн шинжтэй, протоколын сэдвүүдийг хөндсөн нь Ерөнхийлөгчийн хувиар хэлж байгаа сүүлийн үг гэхэд арай сул байлаа. Харин УИХ-ын дарга М.Энхболдын хаврын чуулганыг нээж хэлсэн үгнээс өлгөөд авчих үзүүр, өнцөг аль аль нь байв. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд саяхан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагатай уулзах үеэрээ хийх ажил, бодлого зорилт, баримтлах зарчмаа тодорхойлсон. Эдийн засаг "эмнэлгийн сэхээнээс энгийн тасагт шилжсэн” бол одоо эдгэрэх ёстой. Эдийн засгаа эрүүлжүүлж, "эмнэлгээс гаргах” гол ажлыг энэ хавар эхэлж, энэ ондоо багтааж дуусгахыг эрмэлзэх учиртай” гэсэн нь ард түмний нурууг жаахан ч гэсэн тэнийлгэлээ. Өмнөх эрх баригчдын сэхээнд оруулсан эдийн засгийг өнөөгийн эрх баригчид богино хугацаанд энгийн тасаг руу шилжүүлж чадсан нь том амжилт. Гэхдээ энэ амжилтдаа бялууралгүй бүтээн байгуулалтаа шуурхайлахыг УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газарт санууллаа. Тэрбээр "Энэ онд 1200 гаруй км төмөр зам барих төслийн ажлыг эхлүүлж, 1400 гаруй км хатуу хучилттай зам, 640 уртааш метр төмөр бетон гүүрийн төсөл үргэлжлэн хэрэгжих ёстой. 430 км авто замын барилга, их засварын ажлыг шинээр эхлүүлнэ, цахилгаан, дулаан хангамж, эрчим хүчний салбарт хэд хэдэн томоохон төслийг эхлүүлж, барьж байгуулна гэж төлөвлөсөн.Эдгээр болон бусад бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлмээр байна. 2017 оны эхний гурван сард зарлах ёстой 3030 тендерээс 753-ыг зарласан буюу төлөвлөсөн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Сонгон шалгаруулалт удаашрах тусам тендер буруу замаар ордог, булхай будилаан нэмэгддэг, хөрөнгө санхүү тарамддагийг бид сайн мэднэ.
Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлагыг, ёс жудгийг нэхэж байна” гэсэн юм. Мөн тэрбээр "Төрийн алба, төрийн албан хаагчийн чадавхи сулралд орж болохгүйг сануулж байна. Үүрэг хариуцлагатаа эзэн болж, мэдлэг боловсрол, туршлага чадвараар шигшигдсэн, төр түмэндээ үнэнчээр зүтгэж, тэдэндээ хүлээн зөвшөөрөгдсөн төрийн албан хаагч цөөрлөө хэмээн иргэд шүүмжилж байна. Энэ гашуун ч гэлээ гарцаагүй зөв сануулгыг урьдын адил нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж болохгүй” гэсэн нь төрийн албан хаагчдын дунд амь бөхтэй оршсоор байгаа хүнд суртал, хээл хахуулийг халж, хариуцлагатай, ёс жудагтай, төрийн жинхэнэ албыг бий болгох ёстой гэсэн санаагаар хэлсэн нь загатнасан газар маажих шиг болов. Улмаар "Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. Тиймээс "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой. Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье” гэсэн нь төрөөс халаасалж оффшорт нуудаг нөхдүүдийг давраахгүй шүү гэсэн сануулга байлаа. Товчхондоо, УИХ-ын дарга М.Энхболдын УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үг зовхи нь унжсан ард түмний нүдэнд итгэлийн оч асаалаа. Мөн жудагтай улстөрчөөс л гарах зангарагтай үг байлаа.
С.НЭМЭХ
Сэтгэгдэл байхгүй байна.