МАН Өршөөлийн хуулийг эсэргүүцэж Засгаас хөөгдсөн ч ард түмнээс дэмжлэг авлаа
УИХ энэ зун хоёр удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулав. Эхний ээлжит бус чуулганаар авлига, албан тушаалын хэргээр ял шийтгэгдсэн хэрэг нь илрээгүй цагаан захтнуудыг уучлах Өршөөлийн хуулийг МАН-ын оролцоогүйгээр АН-ынхан хүч түрэн баталсан. Хоёрдахь ээлжит бус чуулганаараа Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авав. Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад Өршөөлийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж чадалгүй чуулганаа хаалаа. Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх гэж Хууль зүйн байнгын хороо гурван удаа хуралдаан зарлав. Эхнийхэд нь АТГ-ынхан ирээгүй гээд хойшилсон. Дараагийн хоёр нь ирц бүрдээгүй учир хуралдаж чадаагүй л дээ. Ингээд аравдугаар сард чуулган эхлэхээр Өршөөлийн хуулиа ярихаар болов. Ийнхүү авлигачдыг өршөөсөн хуулийг сүүлийн нэг жилийн турш ярьж ээлжит бус чуулганаар батлаад ч эрх баригчид санасандаа хүрсэнгүй. МАН-ын эсэргүүцэл, ард түмний бухимдал, Ерөнхийлөгчийн хориг гуравыг давж чадсангүй.
Цагаан захтнуудыг өршөөх гэсэн санаархлаас болоод төрийн нэр хүнд унаж, чадамж нь суларлаа. Энэ тухай МАН-ын дарга М.Энхболд "Хууль тогтоох байгууллага маань төрийн нэр хүндийг авч явж чадаж байна уу үгүй юу? Би хувьдаа чадахгүй байна гэж боджийн. Засгийн газар өөрийнхөө өргөн барьсан Өршөөлийн хуулийг танихаа байчихсан ш тэй. Дэлхий нийтээрээ авлигатай тэмцэх асуудал ярьж байхад Монголын төр энэ асуудалд яаж хандав? Олон улсын түвшинд Монголын нэр хүнд яаж унав? Аргаа бараад бид хуралд оролцохгүй гэж хэлээд гарсан шүү дээ. Дөч хоногийн дараа УИХ өөрсдийнхөө бурууг засах гээд сууж байна. Гурван жил бужигнуулчихаад, дөрөв дэхь жил дээрээ өршөөлийн хууль гаргачихаад төр засаг барьж байна гэж бодох хэрэггүй шүү. Ард түмэн нүдтэй. Харж байгаа шүү" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн МАН-ын генсек Ж.Мөнхбат "Авлигчдын нурууг атийлгаж, ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ гэж АН сонгуульд ялсан. Харамсалтай нь АН-ынхан маань хэлж ярьсныхаа яг эсрэгээр авлигачдын нурууг тэнийлгэж, ард түмнийхээ нурууг атийлгах бодлого баримтлах боллоо. Авлигатай дайн зарлана гэсэн улс төрийн хүчин ийм юм хийж байна. Энэ үйлдлийнх нь төлөө АН-д эмгэнэл илэрхийлэх ёстой. Төрд шургалсан авлигачдыг, төрөөс төрсөн тэрбумтануудыг хөхүүлэн дэмжсэн хуулийг дэмжиж болохгүй ээ" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Авлигачдыг өршөөх заалтыг хэн санаачилсан. Яагаад санаачилсан гэдгээ ярих ёстой. Энэнээс чинь болоод бүх асуудал үүслээ. Яагаад хэлэхгүй байгаан? Хэн санаачилсныг хэл. Ард түмэн үнэнийг мэдэх ёстой" хэмээн асуусан ч Хууль зүйн байнгын хорооны дарга хариулж чадаагүй юм.
Ийм байр суурьтай байсан МАН-ынхан Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах чуулганы хуралдаанд ирцээ 100 хувь бүрдүүлж чадсан. Бас нэгдмэл байгаагаа харуулцгаасан. Нэг нь ч бүлгийнхээ шийдвэрийн эсрэг зогсоогүй. Харин Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлаар санал хураахад УИХ-ын гишүүдийн 16 нь хуралдаа суулгүй зугтсан. Хуралд оролцсон 60 гишүүний 11 нь хүлээж авахгүй гэж кнопдсон. Тэд АН, "Шударга ёс" эвсэлийн гишүүд байсан юм.
Гэхдээ МАН-ынхан Өршөөлийн хуулийг бүхлээр нь эсэргүүцээгүй л дээ. 18 нас хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хагас өнчин хүүхэдтэй эрэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, 50-иас дээш насны эмэгтэйчүүд, хүүхдүүд, анх удаа ял шийтгэл хүлээсэн хүмүүсийг өршөөцгөөе. Харин албан тушаалаа урвуулан ашигласан, ард түмний хөрөнгийг шамшигдуулсан, авлигын хэргээр ял шийтгүүлсэн, энгийн иргэдийг олноор нь залилсан, өмнө өршөөгдсөн, хууль бусаар хөрөнгөжсөн, хэрэг нь илрээгүй нөхдүүдийг өршөөхгүй гэж тэмцсэн. АН-ынхан "гуя дагуулж хүзүү" гэдэг шиг жирийн иргэдийг өршөөх нэрээр дунд нь авлигын хэргээр ял авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, гэмт хэрэг нь илрээгүй нөхдүүдийг өршөөх бодлогоо хавчуулсан нь чуулганыг ээлжит бусаар хоёр ч удаа хуралдахад хүргэв. Энэхүү зөрүүтэй байр сууринаас болж АН, МАН хоёрын харилцаа ихэд хүйтэрсэн юм. Үр дүнд нь АН-ынхан МАН-ыг Засгийн газраасаа хөөж гаргасан. Ийнхүү МАН-ынхан авлигачдыг өршөөж болохгүй гэсэн байр суурь баримталсан нь Засгаас хөөгдөх үндсэн шалтгаан болсон. Ингэж МАН-ынхан авлигачдыг өршөөхийг эсэргүүцэж Засгийн газраас хөөгдсөн ч гэсэн ард түмнээсээ дэмжлэг авч чадлаа.
Н.Мандах