Мэргэжлийн сүмод хүч түрэн орж ирэх магадлалтай гурван залуу бөх хэний хэн бэ?

🕐 2026/05/06


   Мэргэжлийн сүмод Оносато, Хоошорюү, Аонишики гэсэн гурвал итгэлтэй хошуучилж, ойрын ирээдүйд тэднийг ноёрхлыг халах хүч үгүй мэт харагдаж байгаа ч, араас нь хүч түрэн гарч ирэх магадлалтай гурван бөхийн талаар Японы хэвлэлүүд ид бичиж байна. Ирэх ням гарагт Токиод эхлэх Нацү башёд дэвжээнээ гарах тэдгээр гурван бөхийн эхнийх нь Английн иргэн, орос үндэстэн Николас Тарасенко юм. 2024 онд 15 настайдаа “Минато” дэвжээнд элсэн бэлтгэл хийж эхэлсэн тэрбээр энэ сарын эхээр Японы сүмогийн холбооны ярилцлагад тэнцжээ. 190 сантиметр өндөр, 120 килограмм жинтэй Тарасенко нь 1989-1990 оны хооронд ердөө гурван тэмцээнд оролцсон Натан Стрэйжийн (Хиденокүни) дараа мэргэжлийн сүмод элссэн Английн хоёр дахь бөх болж байна. Эйсэй хэмээх дэвжээний нэртэй Тарасенко тавдугаар сарын урьдчилсан барилдаанд сайн барилдвал долоодугаар сард мэргэжлийн сүмогийн хамгийн доод зиндаа болох жонокүчид орж, жинхэнэ мэргэжлийн сүмоч болно.  

   Өнгөрсөн оны 10 дугаар сард Японы Сүмо бөхийн холбоо бөхчүүдээ Лондонд аялуулж мэргэжлийн сүмог англичуудад амжилттай танилцуулсан тул Эйсэй энэ спортын дээд түвшинд гарвал эх орондоо ч алдартай болох магадлалтай юм. Тэрбээр гараагаа сүмогийн хамгийн доод түвшнээс эхлэх бол өөр нэгэн ирээдүйтэй бөх ирэх башёд шууд барилдаад зогсохгүй, харьцангуй өндөр түвшнээс эхлэх гэж байна.

   Билл Кристофер Ли бол Японы Биеийн тамирын шинжлэх ухааны их сургуулиас (NSSU) төрөн гарч буй ээлжит сүмоч бөгөөд коллежийн сүмод гарамгай амжилт гаргасан тул ирэх башёд мэргэжлийн сүмогийн доороосоо гурав дахь зиндаа буюу макүшитад шууд барилдах гэж байна. Ли нь Тарасенкогоос нэг сантиметр өндөр боловч 46 килограммаар илүү жинтэй, коллежийн нэг багийн найз, одоогийн ёкозүна Оносатотой бие галбираар тун төстэй юм. Лигийн дэвжээний нэр болох Хоноиказүчи нь Японы аянга цахилгааны бурхны нэрээс гаралтай бөгөөд өөрийнх нь Кристофер хэмээх нэр шашны утгатайг мөн бодолцож өгчээ. Мэргэжлийн сүмод орох Лигийн зам саад бартаа багатай. Учир нь түүний багш Иказүми (комүсүби асан Какүзоэ) мөн NSSU-гийн төгсөгч, сонирхогчдын сүмод сайн барилдсанаар мэргэжлийн дэвжээнд мөн л шууд макүшитад орсон түүхтэй. Иказүмигийн эхнэр мөн коллежийн сүмоч байсан бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японыг төлөөлөн оролцож байв. Дэвжээний эзэн, багшийн эхнэр бөхчүүдэд ээжийг нь орлодог уламжлалтай бөгөөд коллежийн болон сонирхогчдын сүмод өрсөлдөж амжилт гаргахад юу хэрэгтэйг хэн хүнээс илүү мэддэг нь маш өвөрмөц юм.

   Их сургуулийн оюутан тул Лигийн ид барилдах нас мэргэжлийн сүмогийн системээс гадуур өнгөрчээ. Ийм учраас ирэх долоодугаар сард 23 нас хүрэх залуу бөхийн хувьд яаравчлах шаардлага бодитой тулгарч байна. Харин 2034 онд 23 нас хүрэх Тарасенкогийн хувьд ийм шаардлага үгүй юм.

   Мөн коллежийн сүмогоос гарч ирж буй, 2025 оны Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд Лигээс илүү амжилт үзүүлсэн нэгэн бөхийг сүмо сонирхогчид догдлон хүлээж байгаа бөгөөд түүнийг “Шинэ цагийн Чиёнофүжи” хэмээн тодорхойлж байна. “Каназава Гакүин” их сургуулийн оюутан Ясүхиро Омори хэхмээх энэ залуу өнгөрсөн 11 дүгээр сард Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд шинэ од Хикарү Самэжимад ялагдаж, сонирхогчдын ёкозүна болоход нэг даваа дутсан юм. 185 см өндөр, 118 кг жинтэй, Ишикава мужийн уугуул тэрээр Тарасенко, Ли нараас биеэр бага боловч хүч чадал, техникийн ур чадвараар илүү. Лигийн нэгэн адил сонирхогчдын сүмод гаргасан амжилтаараа макүшитад шууд барилдах эрх олж авсан тул олны анхааралд хурдан өртөх түүний зам нээлттэй байна.

   Одоогийн байдлаар гурван шилдэг залуу бөх мэргэжлийн сүмог тэргүүлж байгаа ч Японы үндэсний спортод өндөр байр суурь орвонгоороо эргэх нь түгээмэл бөгөөд гол тоглогчидтой өрсөлдөх дараагийн гурвалын гараа ийнхүү удахгүй эхэлнэ. Сүмо сонирхогчдын хувьд ирэх Нацү башёд мэргэжлийн сүмогийн өнөөдрийн төдийгүй, ирээдүйн одод ч харагдаж магадгүй байна.

Эх сурвалж: “The Japan Times” 

Tonshuul.mn ©. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан