Эрүүл мэндийн сайдын “хувийн” сан
Монгол Улсын парламент Эрүүл мэндийг дэмжих сангийн төсвийг 25 дахин нэмэгдүүлэх талаар хэлэлцэж буй энэ цаг үед ямар учраас энэ сангийн төсвийг нэмж буй, энэ сан чухам ямар сан, үйл ажиллагааны чиглэл нь юу гэдэг талаар олон нийт төдийлөн сайн мэдэхгүй өнгөрөх байлаа. УИХ-ын гишүүд тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүний онцгой албан татварыг 100 хувь нэмэгдүүлж, уг орлогыг олон нийтэд төдийлөн ил тод биш Эрүүл мэндийн санд төвлөрүүлэх санал дэвшүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд тус сан төсвөөс хэдэн арван тэрбум төгрөгийн санхүүжилт авч ирсэн ч үндсэн үүргээ бүрэн биелүүлдэггүй, олон нийтэд ч хаашаа, юунд зарцуулдаг төсөв гэдгийг нь мэддэггүй. Үндсэндээ эрүүл мэндийн сайд бүрийн “хувийн” сан болон хувирчээ.
Жил бүр эрүүл мэндийн салбарын төсвийн томоохон хэсгийг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулдаг ч бодит байдал дээр иргэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг бүрэн хүртэж чадахгүй, эмнэлэгт үзүүлэх гэж хэдэн сараар хүлээж, үхэлтэйгээ “тэмцэлдэж” байна. Өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх, өвдөх эрсдэлээс сэргийлэх нь өнөөдөр хамгийн чухал ч эрүүл мэндийн салбар энэ ажлаа “мартчихсан”. Мартсан гэдэг нь эмч, эмнэлгийн ажилчдад хамааралгүй бөгөөд бодлогын түвшинд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагууд “мартсан” гэсэн үг.
ЭМЯ-НЫ УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭЛТИЙГ ХЯНАДАГ БОЛЪЁ
Эрүүл мэндийн тогтолцооны хамгийн хямд бөгөөд үр дүнтэй хэсэг бол урьдчилан сэргийлэлт. Монгол Улсад энэ чиглэл бодитоор хойш тавигдсаар байна. Хүн амын дунд халдварт, халдварт бус өвчин нэмэгдэж, хорт хавдраар дэлхийд тэргүүлэх чиглэлд ирсэн нь монголчууд эрүүл мэндийн боловсролгүй байгаагийнх.
Ийм нөхцөлд иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсохоос гадна Эрүүл мэндийн яам нь урьдчилсан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад анхаарлаа хандуулах нь чухал.
Цаашид олон хүүхдийг гадаад руу эмчилгээнд явуулах бус эрүүл Монгол хүнийг бүтээхийн тулд эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хэрэгжүүлсэн шигээ цэцэрлэг, сургуулиас нь эхлээд ирээдүйд эрүүл Монгол хүн бүтээхэд ч том хариуцлага хүлээж буй гэдгээ Эрүүл мэндийн яам, энэ салбарын сайд нь анхаарч, анзаарах цаг болжээ.
9 ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САН
Угтаа бол Эрүүл мэндийн яамны дэргэд “Эрүүл мэндийг дэмжих сан” гэж бий. Энэ сан бол иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах зорилго бүхий сан. Энэ сангийн нэг жилийн төсөв нь 9 тэрбум /2026 оны төсөв/ төгрөг. Энэ санд төвлөрөх төсөв жил бүр нэмэгддэг ч бодит байдал дээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд ямар ажил хийдэг нь тодорхойгүй, “үл үзэгдэх” сан.
Сүүлийн жилүүдэд энэ санд төвлөрөх мөнгөн хэмжээ тогтмол нэмэгдэж иржээ.
- 2023 онд 1,9 тэрбум
- 2024 онд 9,8 тэрбум
- 2025 онд 9,6 тэрбум
- 2026 онд 9 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй.
Өнгөрсөн жилийн 3,9 тэрбум, энэ жилийн 9 тэрбум төгрөг юунд зарцуулагдах, ямар бодит үр дүн гарч байгаа нь “хаалттай”. Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөв төвлөрүүлэхэд архи, тамхи, эмийн татвараас бүрддэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн архи, тамхи, эм худалдаагчдийн төлдөг татварын мөнгө гэсэн үг. Улсын мөнгө гэхээс илүү архи, тамхи, эм зардаг бизнесийнхний төлсөн татвар юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ТӨСВИЙГ НЭМЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
УИХ дээр одоо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ажлын хэсэг бүх төрлийн тамхины татварыг нэмэгдүүлэх зорилготой. Тухайлбал, тамхины онцгой албан татварыг Эрүүл мэндийг дэмжих санд хуваарилагдах хувийг хоёр хувиас 50 хувь болгож нэмэгдүүлэхээр яригдаж буй. Мөн онцгой албан татварыг жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Татвар нэмэгдэхийн хэрээр Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөв дагаж нэмэгдэнэ гэсэн үг. Уг нь сайхан боломж. Архи, тамхи зэрэг бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэгдүүлээд явбал Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөв нэмэгдэж, цаашид 9 тэрбумаар хязгаарлагдахгүй гэсэн үг.
Гэвч өнөөдрийн нөхцөлд Эрүүл мэндийг дэмжих сангийн төсвийн зарцуулалт тодорхой бус, үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй нөхцөлд татварын мөнгө энэ санг захиран зарцуулагчийн “өмч” болоод дураар захиран зарцуулах хяналтгүй төсөв болчих вий гэсэн болгоомжлол ч байна.
Эрүүл мэндийг дэмжих сангийн уриа нь “Урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг бий” болгох уриатай. Амьдрал дээр, бодит хөрсөн дээр энэ уриа хэрэгжиж байгаад хэн ч хяналт тавьдаггүй, хэдэн төгрөгийг ямар зүйлд зарцуулсан нь ч тодорхойгүй байсаар байна. Цаасан дээр хэдэн тоо өрөөд тавихыг хэн ч чадах ч төсвийн зарцуулалт нь хаашаа, хэнд ямар шалгуураар очдог нь бүрхэг. Энэ сангийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайханаас тодруулсан юм.
Б.Цэцэгсайхан “Өнгөрсөн жил 3,9 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулсан. Гэхдээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлд зарцуулж чадаагүй. Зөвхөн Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийн гадаадад эмчлүүлэх зардалд зарцуулсан” гэлээ.
Мэдээж олон хүүхдийн амь аварч байгаа нь сайн хэрэг ч бодит нөхцөл сангийн мөнгө зорилгоо биелүүлдэггүй гэсэн үг. Учир нь гадаадад улсад эмчлүүлэхэд зарцуулах төсөв нь тусдаа, тусгай журмаар батлагдах ёстой. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулиар энэ журмыг Засгийн газар баталдаг. Харин төсвийг эрүүл мэндийг дэмжих сангаас зарцуулдаг байх нь.
- 1.5.зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах
Олон хүүхдийн амь нас аварч байгаа зорилго нь зөв боловс энэ урт хугацааны шийдэл биш бөгөөд сангийн үйл ажиллагааны зорилгод ч нийцэхгүй. Өнөөдөр цөөн хүүхэд аварч байгаа ч ирээдүйд илүү олон хүүхдийг аврах зорилгоосоо ухарсан гэсэн үг. Тэгвэл энэ жилийн 9 тэрбум төгрөг юунд зарцуулагдах вэ.
Энэ жилийн 9 орчим тэмбум төгрөгийн дөрвөн тэрбумыг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдэд зарцуулахаар төлөвлөсөн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар хэрэгжих нийгмийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүдэд энэ мөнгө зарцуулагдана.
Үүнд,
- өвчнөөс урьдчилан сэргийлэх
- халдвар болон халдварт бус өвчин
- орчны эрүүл мэнд
- уламжлалт анагаах ухаан
- донор зэрэг чиглэлүүд багтаж байна.
Өмнөх жилүүдийн жишгээр Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгө хаана, юунд зарцуулагддаг, хэдэн хүүхдэд гадаадад эмчлүүлэх зардал олгосон зэрэг мэдээлэл өнөөдөр ч бүрхэг хэвээр байна. Зөвхөн Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр зарцуулагддаг учраас олон нийтэд зарцуулалтын тайлангаа нээлттэй мэдээлдэг, нээлттэй болгох талаас нь нийтээрээ шахаж, шаардах ёстой. Хэрэв энэ сан байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр зарцуулдаг байсан бол өнөөдөр бид өвчлөлийнхөө тоог тоолоод, олон хүнээ өвчнөөр алдаад сууж байхгүй байлаа.
Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн дэмжих сан бодлогын түвшинд гэхээс илүү үр дагаварыг нөхөх, тур зуурын асуудал шийдэх “гал унтраах” механизм болон хувирсныг анзаарч болно.
Нөгөө талдаа иргэд ч гэсэн Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, үр ашиг зэрэгт хяналт тавих зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа юм.
Тиймээс татварын орлогыг тусгай сангуудад төвлөрүүлэх бус, төсвийн ердийн журмаар хуваарилах, татварын орлогын зарцуулалтыг холбогдох яамдаар дамжуулан хэлэлцэж, УИХ-аар баталгаажуулж байж олон нийт хяналтаа тавьж, татварын мөнгө үр ашиггүй зарцуулагдахгүй юм.
Ш.ЧИМЭГ


