Шинэ цагийн ээжүүд өмнөх үеийнхнээс ямар ялгаатай вэ?
Дэлхийг даяар сургуулийн насны хүүхэдтэй ээжүүдийн дунд "Tiger Mom" буюу "Бар ээж" хэмээх соёл өнөөг хүртэл ноёрхож ирсэн. Ээжүүд хүүхдээ багаас нь нэр хүндтэй цэцэрлэгт оруулахын тулд чадлаараа хичээх, дэлгэцийн өмнө өнгөрөөх хугацааг эрс хязгаарлаж, ухаалаг гар утсанд байршлыг хянах аппликейшн суулгаж, цаашлаад шилдэг их сургуульд оруулахын төлөө бүхнээ зориулдаг байв. Их сургуульд элсэн орсны хойно ч багш нартай нь байнга холбоотой байж, сурлагын оноо, хичээлийн явцыг нь асуух зэргээр хараа хяналтаа үл салгана.
Гэр орноо өөд татах, хүүхэд асрах, сурлага хүмүүжилд нь анхаарах зэрэг ажлыг эмэгтэйчүүд үүрдэг үзэгдэл бүх эрин үед байсаар ирсэн. 1990-ээд оноос энэ байдал улам нэмэгдэж, мэдлэгт суурилсан хүмүүжлийг илүүд үзсэн америк эцэг эхчүүд хүүхдээ бусдаас хоцрох вий гэсэн болгоомжлол дунд аж төрөх болжээ. Үүнд Йелийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Эми Чугийн бичсэн “Бар ээжийн тулааны дуулал” (Battle Hymn of the Tiger Mother) хэмээх эцэг эхийн дурсамж ном онцгой нөлөөлсөн гэдэг.
Харин одоо цаг үе өөр болж байна. “Wall Street Journal” сонины мэдээлснээр сүүлийн үед хүүхдээ зоргоор нь байлгаж, өөрөө гэр орны ажлаас татгалзсан, эрх чөлөөг илүүд үзэж, гэр бүлийн дарамтаас ангижирсан “Beta Mom”-ийн эрин эхэлсэн ажээ. Үүнд "Бар ээж"-үүдийн хэв маягаас үүдэлтэй сэтгэцийн болон бие махбодын ядаргаа, шинэ үеийн дэвшил болох хиймэл оюун ухаан (AI), хэт хатуу хяналтад байдаг хүүхдийн сэтгэхүй зэрэг зүйлс нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Бета ээжүүд хүүхдэдээ өвчин тахал дэгдсэн үеийн хөл хорионы дэглэмийг баримтлах, хэрэг төвөг тарьчихгүй л бол өөрийн хүслээр ажил, амьдралаа төлөвлөхийг зөвшөөрдөг болсон байна. Тэд Харвард зэрэг алдартай сургуулиуд хүүхдийнх нь ирээдүйг баталгаажуулдаггүй гэдгийг ойлгодог болсон. Жоржиа мужийн Файервилл хотод амьдардаг 34 настай ээж "Миний ээжийн үеийнхэн ээж болсон тэр мөчөөс чиний хувийн амьдрал дуусдаг гэж сургадаг байсан бол бидний үеийнхэн тэгж амьдрахыг хүсэхгүй байна" гэжээ. Шинэ үеийн ээжүүдэд тосгуур дүүрэн овоорсон бохир аяга таваг, хаа сайгүй хөглөрсөн хүүхдийн тоглоом, ундуй сундуй гэр орон тийм ч уцаарламаар зүйл биш болжээ. Тэд “Хүүхэдтэй айл ийм байх ёстой. Манай гэр бохир биш, зүгээр л жаахан замбараагүй байна. Хүүхдийн тоглоомыг зөвхөн хүүхдийн өрөөнд байлгах шаардлагагүй. Өдөр бүр тоос сорогч ажиллуулж ядартлаа цэвэрлэгээ хийх нь хэнд хэрэгтэй юм” гэж үздэг болсон байна. Улмаар эцэг эх хоёулаа өндөр боловсролтой ч гэсэн хүүхдүүд хичээлдээ заавал А оноо авах шаардлагагүй, В оноо дажгүй, С жаахан тиймхэн гэх төдий л хардаг болжээ.
Сүүлийн 20 жилийн турш эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч ирсэн сэтгэл зүйч профессор Клэр Никогосян тус сонинд өгсөн ярилцлагадаа "Бар ээжүүд өөрсдийгөө төдийгүй хүүхдүүдээ маш их ядраадаг. Мэргэжлийн найрал хөгжимтэй тоглож, хотынхоо спортын тэмцээн болгонд тэргүүн байранд орж, хичээл шалгалтдаа А-аас өөр оноо авдаггүй байсан хүүхэд 15, 16 насандаа гэнэт бүх зүйлээ орхих үзэгдэл маш элбэг тохиолддог. Эцэг эхийн хатуу хяналтаас залхаад хүсэл сонирхлоо илүүд үзэж, өөрийгөө илэрхийлж буй нь тэр юм" гэжээ. Теннесси мужийн Мэривилл хотын гэр бүлийн өмгөөлөгч Сара Майракл хэлэхдээ "Хэрэг төвөгт холбогдсон хүүхдүүдийн ихэнх нь ээжийн хатуу хяналтаас залхсан байх нь бий. Хүүхдийг хянаж цагдах тусам, болохгүй гэх тусам яг эсрэг зүг рүү нь гүйдэг” гэсэн байна. Улмаар ээжүүд хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргах биш, хүүхдээ бие даан шийдвэр гаргахад нь туслагч, зөвлөгч байх ёстой болохыг онцолжээ. Их Британийн “The Guardian” сонин мөн шинэ цагийн ээжүүдийн талаар мэдээлэхдээ "Хиймэл оюун ухаан зэрэг дэвшил гарч ирснээр хүүхдээ хүмүүжүүлэхийг спортын тэмцээнд оролцож буй мэт үздэг байсан бар ээжүүдийн эрин үе дуусаж байна. Энэ нь сайн мэдээ байж магадгүй юм" гэжээ.


