Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ

Хяргас, Ч.Хүрэлбаатар хоёроос салахгүй явсаар Төрийн ордны босго давж, тангараг өргөсөн УИХ-ын гишүүн Б.Заяабал үнэндээ цуутай “цүнх баригч”. Б.Заяабалыг Ч.Хүрэлбаатаргүйгээр төсөөлөх боломжгүй гэдгийг намтар нь гэрчилнэ. Тэр насаараа Ч.Хүрэлбаатарыг дагаж, үнэнч байсныхаа хариуд албан тушаалын аагтай, амттай болгон дээр томилогдож, эцэст нь төр түшилцэх эрхтэй болсон.
Тодруубал, Б.Заяабал гишүүн анх Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж, төрд орох замаа зассан байдаг. Ч.Хүрэлбаатар 2007 онд Түлш, эрчим хүчний сайд байхдаа Б.Заяабалыг хэлтсийн даргаараа ажиллуулж байлаа. Ч.Хүрэлбаатарыг сайдаас буухад Б.Заяабал ч дагаад ажлаа өгч байв. Дараа нь, Ч.Хүрэлбаатар 2009-2012 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа Б.Заяабалыг Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн концессын газрын даргаар хууль бусаар томилуулж, удалгүй Төрийн өмчийн хорооны даргын сэнтийд залж байлаа.

Ноцтой баримт танилцуулахад, 2012 оны тавдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 225 км төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессыг “Энержи ресурс” ХХК болон “Энержи ресурс рэйл” ХХК-д олгож, шууд гэрээ байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Б.Заяабалд даалгасан. Ингээд Б.Заяабал “Ухаахудаг-Гашуунсутайт”-ын концессыг “Энержи ресурс”-д өгчихөөд хоёрхон сарын дараа ажлаа өгсөн байдаг. Сү.Батболд, Ч.Хүрэлбаатарын хэн хэн нь “Энержи ресурс”-тэй ашиг сонирхол нэгтэйг дурдах нь илүүц биз. Ингэж “том ажил” бүтээсэн Б.Заяабал Ч.Хүрэлбаатарын дэргэд зөвлөх сэтэртэйгээр 2015 он хүртэл сууж байгаад 2016 онд Татварын ерөнхий газрын дэд дарга болж, улмаар 2019 онд Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа Татварын ерөнхий газрын дарга болгож, дэвшүүлсэн түүхтэй. Таван жил Татварын ерөнхий газрыг удирдсан Б.Заяабал УИХ-д хүч үзэхээр ажлаа өгч байлаа.
Б.ЗАЯАБАЛ ТЕГ-ЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙХДАА КОВИДЫН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, БАРИЛГА БАРЬЖ, ӨНДӨР ҮНЭЭР МАШИН АВСАН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН БАЙДАГ

Хамгийн ноцтой нь, Б.Заяабал ажлаа өгөх үедээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө шамшигдуулсан, Татварын ерөнхий газрыг хувийн аж ахуйн нэгж шигээ ашиглаж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байсан гэх иргэдийн гомдлын дагуу хуулийнханд ээрэгдсэн. Тодруулбал, ковидын халдвар тархаж, 2020 онд улс даяар хэмнэлтийн горимд шилжсэн байх үед Б.Заяабал ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүйтэй хамтран төсвийн хөрөнгийг баруун солгойгүй үрсэн хэрэгт холбогдсон. Тэрбээр 2020 онд 17 тэрбум төгрөгөөр зургаан оффисын барилга бариулсан. Угтаа бол тухайн үед хөрөнгө оруулалтыг царцааж, хэмнэлтийн горимд шилжиж, төрийн байгууллагыг шинээр барилга, байгууламж барихыг хориглочихсон байлаа. Үүгээр ч зогсохгүй тэрбээр ТЕГ-т 850 сая төгрөгөөр шинээр автомашин авч, тансагласан байдаг. Мөн барилгын урсгал зардал гэхэд л 1.6 тэрбум төгрөгийг зарцуулсан гэдэг. Үүгээр ч зогсохгүй хууль тогтоомж зөрчиж, төсөвт тусгаагүй хөрөнгөөр буюу 293 сая төгрөгөөр ТЕГ-ын ажилтнуудад дүрэмт хувцас оёулсан хэмээн буруутгагдаж, хууль хяналтын байгууллагад ээрэгдэж байлаа. Хамгийн ноцтой нь, хууль зөрчиж, төсвийн хөрөнгө зарлагдсан ажлаа өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниар гүйцэтгүүлсэн байж болзошгүй сэжүүр олдож, шалгагдаж байсан билээ.
Мөн Б.Заяабалыг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, зугаалж цэнгэсэн гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж байсан. Тодруулбал, Татварын албаны бүх албан хаагчийг цуглуулж, хоёр өдөр төсвийн мөнгөөр өндөр зэрэглэлийн амралтын газарт сургалт явуулах нэрийдлээр тансагласан байдаг. Ингэхдээ 2022 оны гуравдугаар сард “Тайж ресорт” гэх амралтын газарт цуглаж, сургалт нэрийн дор архидан согтуурсан. Хамгийн ноцтой нь, энэ үеэрээ Татварын албаны зарим даргыг өндөр дүнтэй бэлэн мөнгөөр шагнаж, урамшуулсан. Мөн сугалаа явуулж, хэд хэдэн хүнийг азтай албан хаагч болгосон гэнэ. Азтантай сугалаанд Баянгол дүүргийн хэлтсийн дарга А хурдан удмын даага хожсон байдаг. Үүнийг ч хууль хяналтынхан шалгаж байсан.
Түүнчлэн Б.Заяабал татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон байж болзошгүй зэрэг асуудлаар шалгагдсан. Гэвч дээрх “хэрэг”-үүд хэрхсэн нь тодорхойгүй, Б.Заяабал уснаас хуурай гараас улс төрд орчихлоо. Угтаа түүнийг ажлаа өгөхөд нь “АТГ-ын байнгын үйлчлүүлэгчийн хэрэг хүндэрчээ” гэлцэж байлаа. Гэхдээ Ч.Хүрэлбаатар өөрийн хүнээ тойрог руугаа аваад давхичихсан байхад хууль, хяналтынхан яаж ч чадахгүйн баталгааг бид өнөөдөр харж сууна даа.
Сонирхолтой нь, Ч.Хүрэлбаатар, Б.Заяабал хоёр өнгөрсөн сонгуулиар хөтлөлцөөд, хоёрдугаар тойрогт нэр дэвшсэн ч “эзэн” нь унаж, “цүнх баригч” нь УИХ-д сонгогдсон. Хэдийгээр Ч.Хүрэлбаатар улс төрийн тоглолтоос гарсан ч бүрэн эрхэт төлөөлөгчөө Төрийн ордонд залчихсан учраас сэтгэл амар, нуруу тэнэгэр яваа. Хийж байснаа, хийх бүхнээ үргэлжлүүлэх “гар” нь Б.Заяабал болсон гэсэн үг.
Б.Заяабалд хөрөнгө оруулсан компани, үүсгэн байгуулсан бизнес байхгүй. Зөвхөн Ч.Хүрэлбаатарын хараа, халаасан дотор 25 жил зүтгэж ирсэн нэгэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тодруулбал, Б.Заяабал “Ай Си трейдинг” компанийг Дамдинсүрэнгийн Ганбаатар, “АЙАНТ” ХХК-тай хамтран 2012 онд үүсгэн байгуулсан ч есөн жилийн дараа татан буулгасан түүх байна. Харин “АЙАНТ” ХХК-ийг нь судалж үзвэл гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Малайз Улсын иргэн Gregory Johnson James, Бадарчийн Уянга, Дамдинсүрэнгийн Ганбаатар нар хамтран эзэмшдэг ажээ. Бизнесийн өөр түүхгүй түүнийг ирээдүйд хэрхэн хөдлөхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Сонирхуулахад, Б.Заяабалын аав Увс аймагтаа хүүхдийн эмчээр насаараа ажилласан Ч.Батжаргал гэж хүн байсан бол ээж Ж.Цэвэлмаа нь намын хороонд ажилладаг байжээ. Тэд хүүгээ Ч.Хүрэлбаатарыг МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багшилж байхад нь шавь оруулснаар замыг нь ийн холбожээ. Ингэж хар нялхаараа УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарт хөтлүүлсэн Б.Заяабал өдгөө төрийн сэнтийгээс ашиг сонирхлуудыг нь чимээгүйхэн хамгаалж, өргөжүүлж суухаас ч аргагүй юм уу даа.
Холбоотой мэдээ

