ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ

🕐 2026/05/06

       ЦАГДАА НАРТ БАРИГДДАГГҮЙ Т.ЁНДОН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН НЬ 

    Төгсийн Ёндон гэж банк ухаж, дээрэм хийсэн ч хэргээ хүлээдэггүй, барагтай бол цагдаа нарт баригддаггүй нэгэн байжээ. Нэг зун түүнийг арайхийж бариад, байж болох бүх л аргаар байцаалт автал хэргээ хүлээхгүй гүрийсээр сүүлдээ цагдаа нар эргэлзэж, залхаж эхэлсэн гэдэг. Арга мухардсан цагдаа нар түүнийг ажил, албандаа зөвөөр ашиглахаар ярилцаж, түүнтэй тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, түүнд тусгай даалгавар өгч, 1932 оны Хөвсгөлд гарсан босогчдын дунд оруулж, тагнуул, туршуулын ажил хийлгэсэн байдаг. Түүнийг хэн ч хууль хүчнийхний дунд орчихсон, тусгай даалгавар аваад явж байгаа гэж гадарлахгүй, харин ч түүнд бүгд итгэдэг байсан үе. Т.Ёндон ч олны дунд өрнөж буй хамаг нууцыг төвөггүй олж мэддэг байж. Тухайн үед өрнөөд байсан эмнэлэг, сургууль, банк, хоршоог шатааж, устгах, засаг захиргааны албан хаагчдыг санаатайгаар хөнөөх тэргүүтэй явдлыг урьдчилан мэдэж, хамгаалах, гэмт хэргээс сэргийлэх, оргодлуудыг баривчлах зэрэгт онцгой хувь нэмэр оруулах болжээ. Тодорхой хугацаа өнгөрсний дараа Т.Ёндонг цагдаа нар хулгайч, дээрэмчин гэлгүй иргэн Т.Ёндон гэдгээр нь дээд албаныхандаа мэдэгдэхэд түүнийг Улаан тугийн одонгоор шагнаад, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргаар томилж байсан нь ховор тохиолдол болж байжээ. Мөн нутгийн ард олны дунд яригддаг аман яриагаар тэр бурангуй засгийн үед ноёд, баядын адуу малыг таслан хөөж, ядарсан ардуудад тарааж өгдөг “Нохой” Ёндон гэдгээрээ алдартай байсан гэдэг. Тэрээр нэг удаа цагдаа нарт хөөгдөж, зугтаж явахдаа Даян дээрхийн агуй руу морьтойгоо ороод буцаж гарч ирэлгүй олон хоносон тул цагдаа нар барьж чадахгүй орхиж байсан гэх мэт түүний тухай домог шиг яриа олон байдаг. Уул, хадаар орогнож, олон жил мөрдөгчдөөс зугтаж явсан шилийн сайн эр Т.Ёндонгийн тухай хүргэж байна. 

Т.ЁНДОН ХӨГШИН ЭЭЖИЙГЭЭ ТЭЖЭЭХИЙН ТУЛД ЖИНД ЯВЖ, ХАР БОР АЖИЛ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ 

        Т.Ёндонгийн амьдрал тийм ч дардан байсангүй. Багаасаа өнчирч, амьдралын дутуу хөтүүг мэдэрч өссөн тэр хар багаасаа л амьдралаа авч явахыг, ээжийгээ баярлуулахыг хичээж, ухаарч эхэлсэн юм. Тэр 18 нас хүртлээ ээж Долгор, эгч Бүтэд нарын хамт цөөн мал маллан амьдарч, тэднийхээ хайранд өссөн нэгэн. Түүнийг 25 нас хүрэх үед Хөвсгөл аймагт айхавтар зуд болж олон айл малаа зуданд алдаж, зарим нь таргийн таван ямаагүй болсны нэг нь тэднийх байлаа. Тэр цагаас хойш нас биед хүрсэн Т.Ёндон хөгшин ээжийгээ болон өөрийгөө тэжээхийн тулд жинд явж, биеийн хүчний хар бор ажилд шантралгүй зүтгэж, амь зууж эхэлсэн гэдэг. Мөн түүнээс гадна худалдаа наймаа ч хийж байсан нь түүнийг хүч чадалтай, зоригтой, зорилготой болгосон ч байж мэднэ. 

ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН НЬ

      1921 оны хавар Хөвсгөл аймгаас цэргийн албанд татагдсан цэргүүдийг Улиастай хот руу явуулах үед тэрээр Бат-Очирын захиргаанд цэрэгт явж, Улиастай хотод байрлаж байсан Х.Магсаржавын цэргүүдтэй нийлжээ. Ингээд тэрээр Завхан аймгийн нутаг Шар бэлчээр гэдэг газар очиж, тэндээ түр байрлаж байтал нь Завхан аймгийн засаг захиргаанаас томилогдсон Наваан түшмэл ирж, Бат-Очирын цэргүүдээс 100-г нь Улиастай хот руу явуулж, үлдсэн 40 цэргийг нь Жалханзын хүрээ рүү буцахыг тушаасан байна. Тэрхүү буцах 40 цэргийг Т.Ёндон ахалж явсаар Жалханзын хүрээнд очиж, Шанзав засгийн түшмэл Найдансүрэнд албан бичгийг өгсөн гэдэг. 10 гаруй хоногийн дараа түшмэл Найдансүрэн тухайн үеийн хэллэгээр “Та нар орон нутагтаа буцсугай” гэсэн учир албаны морь, тэмээгээр гэр гэртээ түр буцаж, зарлан дуудсан цагт нь Тамгын газар яаралтай ирэх даалгавартай явцгаажээ.

БАРОН УНГЕРНИЙ ЦЭРГҮҮДТЭЙ БАЙЛДАХААР МОГОЙН ГОЛЫН АДАГТ ОЧИЖ, ДАЙСНЫ 20 ГАРУЙ ХҮНИЙГ ХӨНӨӨСӨН НЬ

       Түүнийг гэртээ очоод удаагүй байтал "Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Өргөөтөхөд Барон Унгерний олон цэрэг ирж гэнэ" хэмээн нутгийн иргэд үймэлдэж, сандралдаж эхэлжээ. Ингээд дахин цэрэг татах болж, өмнөх тушаал ёсоор гэртээ буцсан цэргүүд хойд хилийн харуул хошууны 300 гаруй цэрэгтэй Хар Усны түрүү гэдэг газар нийлжээ. Тухайн үед Т.Ёндон Сосорын захиргааны цэрэгт багтаж, Хатгалын хилээр нэвтэрч ирсэн 300 шахам улаан цэрэгтэй нийлж, Барон Унгерний цэргүүдтэй угтан байлдахаар Могойн голын адагт очсон гэдэг. Түүнийг тус хошууны Мээрэн Төр, Хөвсгөл урианхайн Дашдаваа нартай "Барон Унгерний цэргүүд хаа явж байгааг хоёр хоногийн дотор тодорхой мэдэж ир" гэжээ. Тэд явсаар Халдрагчийн даваа гэдэг газар очтол Барон Унгерний цэргүүд тус хошууны нутаг Харгайтын ам гэдэг газар хоноглож байхдаа хоорондоо буудалцаж, бутран сарнисан болохыг тэдний хаяж, гээсэн буу зэвсэг, орон майхан, ачилга, уналгыг олсон нутгийн хүмүүс тэдэнд мэдэгдсэн байдаг. Улаан цэргүүд монгол цэргүүдийн хамт Мөрөнгийн хүрээ чиглэн явж байхад нь Т.Ёндонг Бароны цэргүүдээс энд тэнд хэсэг бүлгээр явж байгаа цагааны оргодлуудыг олж мэдэх, барьж сөнөөх үүрэг өгөөд явуулсан байдаг. Ингээд Т.Ёндонгийн баг цагааны оргодлуудтай зарим газар буудалцаж, 30 гаруй дайсны буу зэвсэг, уналга хэрэглэлийг олзлон авч, 20 шахам хүнийг хөнөөсөн байдаг. Ингээд Т.Ёндон нь Хөвсгөл аймгийн нутагт цагааны дээрэмчдийг устгах тэмцэлд оролцож, хувьсгалаас хойш цэргийн алба, орон нутгийн захиргаа, олон нийтийн байгууллагуудад олон жил ажиллах болжээ. Тэрээр 1932 онд Монгол Ардын Хувьсгалт намын гишүүнээр элсэж байсан ахмад дайчин юм. 

МОНГОЛЫН ТҮҮХЭНД ҮЛДСЭН ШИЛИЙН САЙН ЭРС

     Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг эрсийг эрт дээр үеэс шилийн сайн эр хэмээн нэрлэдэг байв. Энэ нь баячуудын адуу, малыг тууж зөвхөн ядарсан хүмүүст тарааж, хувааж өгдөг байсан эрчүүдийг нэрлэсэн нэршил. Хэдийгээр хулгай хийсэн ч гэлээ бусдад дэмтэй явсан тэдэнд дургүй хүн цөөн байсан үе бий. Монголын түүхэнд бичигдэн үлдсэн зарим шилийн сайн эр дунд хулгар Нацаг, торой Банди, тогос Цүлтэм, цахиур Төмөр, хангай Базар, аригун Бүүвэй, найдан Ормой, гүн Саваа, улаан Дамаа, хундан Бадамжав, уулын Төмөр зэрэг эрчүүд домог болон яригддаг. Тэдний зарим нь “Тунгалаг тамир”, “Газар шороо”, “Алтайд”, “Минжийн Хангай” тэргүүтэй зохиолд эерэг талын баатар болон бичигдэж, мөнхөрсөн байдаг. 

Tonshuul.mn ©. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан