“Түгжилдэж” сайд болсон Ш.Түвдэндорж яамаараа дүүрэн “Түгжил”-үүдтэй
ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж энэ намар их ургац хураалаа гэж өөрөө тариа тарьчихсан хүн шиг додигорхон маасайж суух мөрөөдлийг сэмхэн тээж явсан ч байж мэднэ. Харин түүний ургацын талаарх үг нь иргэдийн чихэнд хүрч ч амжаагүй байхад мань сайдад тариаланчид эсэргүүцлээ илэрхийлж хөөрхөн бэлэг барьж орхив.
Тэдгээр тариаланчдын дунд Гацууртын Чинбат, "Шим” группийн Цандэлэг нарын бизнесмэнүүд хүртэл яваа. Буудайгаа таних танихгүйгээрээ дуудуулж яваа сайд яаман дээрээ ч ховорхон ирдэг гэнэ лээ.
Долоо хоногтоо ганц нэгхэн үзэгддэг сайдын эзгүйд морь мал гэхээр л ухаанаа алддаг дэд сайд Туваан, бизнес хөөж хувийн ажлаа амжуулж дөнгөдөг төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, сурагчдын дүрэмт хувцсыг "шидэт дохиур”-аар "шийдчихсэн” гэгдээд байгаа МОАХ-ны угшилтай газрын дарга Баярмаа нарын нөхөд "эзэгнэж” хувь хувьсгалын ажлыг амжуулах шиг болдог гэх юм билээ.
Ардчилсан хүчний холбооны дэд дарга энэ сайдын сэнтийд залрахдаа "Түгжилдэж” байж гарч ирсэн гэлцдэг. Тэрээр одоо ч нэг намын журмын нөхдөө төдийгүй нийт тариаланчид, ард иргэдийг "Түгжилдэж” Ерөнхий сайд Н.Алтанхуягт өрөө төлж байгаа гэх юм. Түүний нэг нь саяхан явагдсан махны тендер.
Нийтдээ 12 тэрбум 500 сая төгрөгийн өртөгтэй энэ тендерийг ҮХАА-н яамныхан луйвардаж тендерийн шаардлага хангахгүй нэр, зүс нь үл мэдэгдэх М&A, хэдхэн тонн мах л хадгалах агуулахтай "Тэнгэр” ХХК зэрэг газруудад өгчээ. Энэ тендерийнх нь булхай илэрхий байгаа бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Авлигатай тэмцэх газруудад тендерийг шалгуулахаар өгөөд байгаа аж.
Яг үнэндээ махны тендер гэдэг маш том мөнгөний ажил байдаг бөгөөд үүний ард томоохон мөнгө угаалт нуугдаж байдаг, хамгийн ашигтай луйврын бизнес гэдэг нь тодорхой болсон. Жилийн жилд Засгийн газраас мах бэлтгэхэд төсөвлөсөн мөнгийг тэрбум тэрбумаар нь хувааж идэгчид Ш.Түдэндоржийн үед ил цагаандаа гарчээ. Бид махны тендерээр хэрхэн 12 тэрбум 500 сая төгрөгийг өөрсдийн болгосон тухай баримтыг маргааш үргэлжлүүлэн хүргэнэ.
Ж.Цэцэг
www.tonshuul.mn