Шүүхийнхэн зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын эздэд найр тавьж байна

1071

 


-БУРУУТАЙ ЭВЛЭРСЭН, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛЭЭРЭЭ 688 ӨРХ, ОЛОН ЗУУНЫ ИРГЭНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙГАА ЮМ-

"Голден парк” хотхоны II ээлжийн 301-303 тоот барилга нь барилгын ажил эхлэх зөвшөөрөл байхгүйг НМХГ-ын хоёр, УМХЕГ-ын гурван бичиг баталдаг. Газар шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүд ч бий юм. Газар олголт хүчингүй болсноор барилга угсралтын ажил бүрэн зогсох эрх зүйн орчин бүрджээ.

Ингээд улсын байцаагчийн актаар барилгын ажлыг зогсоох, мөн цахилгааны хязгаарлалт хийх тухай мэдэгдсэн байна.

Дээрх барилга нь зөвшөөрөлгүй 80 барилгын жагсаалтад бичигдсэн, орон даяар зарлагдсан барилгууд баригдаж дуусан улсын комисс ашиглалтад оруулсан актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүх дээр гурван жил болж байгаа юм. Гэвч Захиргааны хэргийн шат шатны шүүх шударга шийдвэр гаргаж чадахгүй өнөөдөртэй золгожээ.

Барилгын тэг тэнхлэг татсан акт, ил далд ажлын акт, ажлын журналыг барилгын ажил гүйцэтгэгч компани, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мэдэхгүй, мэдэх боломжгүй зүйл шинээр илрүүлсэн байна гэсэн шийдвэр гаргаж эхэллээ. Энэ бол шүүхийн практикт анхны бөгөөд дахиж хэзээ ч гарч болохгүй шийдвэр юм. Үүний цаана олон зуун иргэн хохирч, шүүгч нар хууль завхруулагчдад найр тавьж байгаа нь тодорхой байна.

Газар олголтгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй, бусад газар дээр угаасаа орц, гарцгүй баригдсан, Барилгын тухай хууль, барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд заасан баримт бичгийг бүрдүүлээгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчсөн барилгыг хуулийн дагуу баригдсан гэж үзэж байгаа шүүхийн шийдвэрт олон нийтийн анхаарлыг хандуулж байна.

Хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн эсрэг гарч байгаа шүүхийн шийдвэрүүд нь хууль бус үйлдлийг давруулж, нийтийн эрх ашиг зөрчигдөх шалтгаан болж буй нь харамсалтай.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эргэж буцсан үйл ажиллагаа нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж байна. Зөвшөөрөлгүй барилгыг бариулахгүй, ашиглалтад оруулахгүй гэж орон даяар мэдээлдэг атлаа "Голден парк” хотхоны барилгыг ашиглалтад оруулж болно гэж хамгаална. Зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад "Голден парк” хотхоныг оруулсан нь буруу болж гээд жагсаалтаас хассан бичиг хийж байна.

Барилгыг шүүхийн шийдвэр гартал ашиглалтад оруулахгүй гэж бичгээр мэдэгдэж байсан атлаа ашиглалтад хүлээж авдаг. Барилгын угсралтыг түр зогсоо гэсэн улсын байцаагчийн актыг хэрэгжүүлэхийн оронд мэргэжлийн бус хүний гаргасан акт гэж ажилтнаа буруутгана. Барилгын улаан шугам татсан болон ил далд ажлын акт, ажлын журналыг Мэргэжлийн хяналтын газар мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж гуравдагч этгээдийн үгийг дагасан зэрэг эргэж буцсан хууль бус үйлдэл гаргаж байгааг хотын удирдлага анхаарах байх гэдэгт итгэж байна.

Буруутай эвлэрсэн, хууль зөрчсөн үйлдэл нь 688 өрх айлын олон зуун иргэний эрх ашгийг хохироож, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа тул хэргийг шударга шийдвэрлэж өгөхийг тус байрны болон зэргэлдээх байрны суугчид, хөрш байгууллагын ажилчид хүсч байна.

О.ЭНХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Эх сурвалж : Мэдээ.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1071 сэтгэгдэл