Дайн дууссаны дараа Украинд Их Британи, Франц цэргээ байршуулна
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нар өчигдөр Францын нийслэл Парис хотод "Үзэл санааны эвсэл"-ийн дээд хэмжээний уулзалт хийж, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Уг баримт бичигт Украины дайн дууссаны дараа тус улсын батлан хамгаалах, сэргээн босголтыг дэмжих зорилгоор олон улсын цэрэг байрлуулах тухай тусгасан байна. К.Стармер хэвлэлийн бага хурал дээр "Гал зогсоох гэрээ байгуулсны дараа Их Британи, Франц улсууд Украинд цэргийн бааз байгуулна" гэсэн бол Э.Макрон "Мянга мянган цэрэг байршуулж аюулгүй байдлыг сахин хамгаална” гэжээ. Харин Итали, Польш улсууд Украинд цэрэг байршуулахгүй гэж мэдэгдсэн бол Герман улс Украинд биш, хөрш зэргэлдээ орнуудад цэргээ байршуулах боломжтой гэдгийг хэлжээ. Тус уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф нарын төлөөлөгчид оролцсон бөгөөд С.Виткофф "Украины энх тайванд тогтвортой аюулгүй байдал зайлшгүй шаардлагатай гэсэн холбоотнуудтай бид санал нэг байна" гэж мэдэгджээ. Цаашилбал, Э.Макрон нэмж хэлэхдээ АНУ-ын төлөөлөгчид оролцсон энэхүү уулзалт нь бат бөх, тогтвортой энх тайванд хүрэх чухал алхам болсон гэдгийг онцолжээ. Уг уулзалтын талаар ОХУ албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байгаа ч ерөнхийлөгч В.Путин Украинд байрлах гадаадын цэргүүд "Хууль ёсны бай болно” гэж удаа дараа анхааруулж байсан юм.



Сэтгэгдэл байхгүй байна.