Венесуэлийн засгийн газар улс төрийн хоригдлуудыг суллаж эхлэв
Венесуэлийн засгийн газар улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлжээ. Тухайлбал, Испани улсын таван иргэн суллагдсан бөгөөд тэдний нэг нь хүний эрхийн идэвхтэн Росио Сан Мигель юм. Венесуэлийн түр ерөнхийлөгч Делси Родригесийн ах бөгөөд Үндэсний ассамблейн тэргүүн Хорхе Родригес төрийн телевизээр мэдэгдэл хийхдээ нэлээн олон хоригдол суллагдана гэжээ.
Энэ үйл явдал нь сайн сайхны дохио гэж ажиглагчид үзэж байна. АНУ бүх цаг үед, тэр дундаа дарангуйлал улам бүр гаардаг сонгууль, эсэргүүцлийн жагсаалын үеэр улс төрийн хоригдлуудыг суллах шаардлагыг Венесуэльд хүргүүлсээр ирсэн.
Венесуэлийн шоронгуудад олон зуун улс төрийн хоригдол байдаг боловч өнөөг хүртэл тэднээс тоотой хэд нь л суллагдсан юм. Одоо хоригдлуудыг үндэсний эв нэгдэл болон энх тайван оршин тогтнолын зорилго дор суллана гэж Хорхе Родригес мэдэгдлээ.
Росио Сан Мигель нь аюулгүй байдал, батлан хамгаалахын салбар болон Венесуэлийн арми судлаач. Түүнийг 2024 оны хоёрдугаар сард Каракасын ойролцоох Майкэтиа онгоцны буудлаас баривчилж байв. Мадурог хүчтэй шүүмжилдэг учраас түүнийг эх орноосоо урвасан, хуйвалдаан зохион байгуулсан, терроризм гэсэн үндэслэлүүдээр яллажээ.
Венесуэлийн алдарт "Эль Хеликойде" шоронд л гэхэд 50-80 хоригдол хоригдож байна. Трамп Мадурогийн баривчилгааны дараа тус шоронг хаана гэж мэдэгджээ. Улс төрийн тэрс үзэлтнүүдийг хорьдог, цахилгаанд цохиулах, зодож нүдэх зэргээр эрүүдэн шүүдэг гэдгээрээ "Эль Хеликойде" шорон олон улсад хүртэл алдартай.



Сэтгэгдэл байхгүй байна.