Япон: Гудамжнаас олдсон 115 мянган долларын эзэн олдолгүй гурван сар болжээ
Японы Нийгата хотын гудамжинд хог цэвэрлэж байсан ажилчин хогийн хэд хэдэн уутанд хийсэн их хэмжээний мөнгө олсноо цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Уутанд 18 сая иэн буюу 115 мянган доллартой тэнцэх мөнгө байсан бөгөөд ийм зүйл олбол Японы хуулиар нэн даруй цагдаагийн газарт хандах ёстой байдаг. Мөнгийг 2025 оны 10 дугаар сард олсон боловч Нийгата хотын цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан байна. Японы Гээгдсэн эд зүйлийн хуулиар, цагдаагийн газар уг зүйлийн эзнийг тогтоож чадахгүй бол гурван сарын дараа ийнхүү олон нийтэд зарлах ёстой ажээ. Үүнээс хойш эзэн гарч ирэхгүй дахин гурван сар болбол уг зүйлийг олсон хүн бүхэлд нь авах эрхтэй болно. Өөрөөр хэлбэл ирэх дөрөвдүгээр сар болтол эзэн нь олдохгүй бол дээрх мөнгө хот тохижуулах газрын ажилчных болох ажээ.



Сэтгэгдэл байхгүй байна.