"Сануулсаар байтал Дубай руу явсан албан хаагчдад хариуцлага тооцно"
Сангийн сайд Б.Жавхлангийн өгсөн "татварын газрын удирдлагууд Дубай руу явсан" гэх мэдээлэлтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын дарга С.Цогтнарангаас тодрууллаа.
Татварын ерөнхий газрын дарга С.Цогтнаран:
-"Нийслэлийн татварын газрын даргын өгсөн мэдээллээр Нийслэлийн татварын газраас зохион байгуулсан үйл ажиллагааны хүрээнд зарим албан хаагчид Дубай руу явах талаар надад танилцуулсан. Гэхдээ миний бие үүнийг хүлээж авч, шийдвэр гаргаагүй. Харин Дубай руу явуулахгүй байх талаар үүрэг чиглэл өгсөн. Үүний дараа надад ямар нэгэн байдлаар эргэн мэдээлэл өгөөгүй.
Улмаар өнгөрсөн Бямба гаригт Нийслэлийн татварын хэлтсийн дарга болон есөн дүүргийн татварын хэлтсийн дарга нар буюу дунд шатны татварын газрын удирдлагууд Дубай руу явсан байна.
Өнөөдрийн байдлаар тухайн хүмүүс Монголд ирээгүй байгаа. Энэ амралтын өдрүүдээр ирнэ гэсэн мэдээлэлтэй байна. Даваа гаригаас ажилдаа ирэх байх гэж бодож байна. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэл, дүүргийн татварын газрын дарга нар урьдчилан сануулсаар байтал Татварын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүй, амралтын мэдэгдлээ зуруулаагүйгээр дур мэдэн явсан нөхцөл байдалтай байгаа учраас өнгөрсөн өдрүүдэд ажил тасалсанд тооцно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн албан хаагчдад хариуцлага тооцно. Харин дүүргийн төрийн сангийн хэлтсийнхэн хамт явж байгаа эсэх талаар мэдээлэлгүй байна" гэлээ.



Сэтгэгдэл байхгүй байна.