ГЕГ-ийн дарга О.Ганбат 71 байцаагчийг ажлаас нь халлаа.
Ардчилсан нам засагт хамтарсан МАН-ыг хөөсний дараа агентлагийн дарга нараас хамгийн түрүүнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэлийг чөлөөлсөн. Ингээд түүний өмнө энэ албыг хашиж явсан, төрийн албанд удаан хугацаанд ажилласан туршлагатай О.Ганбатыг буцаан томилсон. О.Ганбат гаалийн толгойлох хоёр жилийн хугацаандаа 800 гаруй албан хаагчийг өмнө нь ажиллаж байсан газраас нь өөр газарт шилжүүлж томилсон. Бас цөөнгүй гаальчинг ажлаас нь чөлөөлсөн гэдэг. Тушаалаар хөдөлдөг төрийн тусгай албан хаагч 800 гаруй гаальчин ар гэрээ нүүлгэж, зарим нь зочид буудал, нийтийн байранд аж төрсөн л байх. Гэтэл өнгөрсөн даваа гаригаас эхлээд нийтдээ 71 гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлсөн талаар эх сурвалжууд манайд мэдээлж байна.
Ингэхдээ өмнө нь тэднийг томилсон тушаалыг хүчингүй болгожээ. Үүндээ Төрийн албаны зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг харгалзсан бололтой. Гаалиас нэг л өдөр О.Ганбат даргын тушаалаар ажилгүй болсон эдгээр хүн Б.Цэнгэлийн үед гаальчин болсон юм байна. Б.Цэнгэлийг Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын эхээр томилсон. Тэгэхээр нэр бүхий 71 хүн өнгөрсөн долоон сарын хугацаанд гаалийн байгууллагын ажилтан болсон болж таарч байна. Энэ хүмүүс гаальд орохдоо шалгалт, шүүлэг, сонгон шалгаруулалтад хамрагдаагүй гэх юм билээ. Засгийн газар, ялангуяа Сангийн сайд Б.Болор эдгээр өдрүүдэд төсвийн хэмнэлтэд шилжье, цалин багасгаж, орон тоо цомхотгож, зарим агентлаг, санг нэгтгэж, татан буулгая л гээд байгаа. Хэрвээ гаалиас чөлөөлөгдсөн 71 төрийн тусгай албан хаагч шүүхэд хандаж, шүүх эдгээр хүмүүсийн ажилгүй байсан хугацааны цалинг төрөөс гаргуулахаар болвол яах юм бол доо. Төрийн аль ч шатны байгууллагын дарга, удирдлага шийдвэр гаргахдаа дараагийн эрх зүйн үр дагавар, шийдвэрээсээ урган гарах хамгийн сайн үр дүнг тооцож байх нь тэр хүнийг сайн менежер үү, үгүй юу гэдгийг илтгэх учиртай.