Цагдаагийнхан хараагүй эрийн гэрийг түйвээжээ
Шотладын Глазго хотын цагдаа нар хаяг андуурсны улмаас, төрөлхийн хараагүй нэгэн залуугийн гэрт хүч хэрэглэн дайрч оржээ. Гэрийн эзэн 24 настай Жонатан Миллер энэ талаар ярихдаа "Намайг ажилдаа явсан даруйд цагдаа нар үүдний хаалгыг эвдэж манай гэрт орцгоосон. Ингээд гэрт байсан захидлын дугтуйн дээрх нэрийг хараад айл андуурснаа ойлгосон байх. Тэгээд үл хөдлөх хөрөнгийн зууч руу утастаж байж, уг байшингийн эзэн солигдсон гэдгийг нэгмөсөн мэдсэн” гэжээ. Жон Миллер энэ байшинд нэг сарын өмнө нүүн орж, хуучин эзэн нь шилжсэнийг цагдаагийнхан мэдээгүй бөгөөд гэмт хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж буй тэр хуучин эзний охиныг уг байшинд байгаа хэмээн бодсон гэнэ. Тэд тусгай багаж хэрэглэн хаалгыг эвдсэнээс гадна ийнхүү хүч хэрэглэсэн явдал нохойг нь ааштай болгосон, мөн сэтгэлийн хямралд орсноос болж өөрийнх нь нүд өвдөж эхэлсэн хэмээн Ж.Миллер гомдол гаргасан байна. 2011 онд Францын Марсель хотын цагдаагийнхан мөн хаяг андуурсны улмаас 85 настай эмэгтэйн гэрт хоёр ч удаа дайран орж нэлээд хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулж байжээ.
М.Амгалан
Эх сурвалж:tonshuul.mn