ФОТО ТЭМДЭГЛЭЛ: Тогоруу хөөрхөн...

17197

Манай дэлхийд нэг түм гаруй зүйлийн жигүүртэн шувуу байдгаас зөвхөн 15 зүйл тогоруу эдүгээ Антарктид, Өмнөд Америкаас бусад бүх тивд амьдарч байна.

Хүн төрөлхтний гарал үүслээс аль эрт буюу 40-60 сая жилийн өмнөөс энэ үзэсгэлэнт шувууны баг  үүссэн ажээ. Эрт дээр үеэс хүмүүс тогорууг гоо үзэсгэлэнт гүнж, цэцэн ухаант эрийн дүрээр үлгэр домог, дуу хуурандаа магтан дуулж, зураг хөргийг нь урлаж байсан ба одоо ч Япон, Энэтхэг, Хятад, Оросын ард олон тогорууг аз жаргалтай, урт удаан наслахын бэлгэ тэмдэг гэж үздэг. Хятадууд дайн тулаанд амь эрсэдсэн баатар эрсийн сүнс сүлдийг тогоруу шувуу нуруундаа үүрээд тэнгэрийн орон руу авч оддог хэмээн итгэдэг бол цэрэг эрсийн тухай, гунигтай дуу оросын ард олны дунд өргөн дэлгэрснийг бид мэднэ.

Манай оронд зургаан зүйл тогоруу бүртгэгдсэн байдгийн зургийг сүүлийн гурван жилд чадан ядан буулгаснаа танд толилуулъя.

Үнэхээр тогорууг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Өндөр чацтай, урт хүзүүтэй, алсад сонсогдох чанга дуу шуутай.  Өндөр нь 90-155 см, далавчны дэлхэц 150-240 см, биеийн жин 2-11 кг хүрдэг. 

Өвөгт тогоруунаас бусад тогорууг  ихэвчлэн тариан талбайд ойрхон, ус намагтай газарт олж харах боломжтой. Учир нь тогоруу шувуу үржлийн үедээ уургаар баялаг тэжээл болох мэлхий, усны сээр нуруугүйтэн, томоохон шавьж хорхой идэх бол бусад цагт өвс ногоо, үр тарианы түрүүгээр хооллоно.

Тийм учраас ус намагтай, араатан  амьтан хөл хүрэхэд бэрх, өндөр өвстэй намаг, түүний зах хаяагаар том үүр засч, толботой бор шаргал хоёр өндөг гарган, нэг сар орчим дарна. Тогорууны эрэгчин эмэгчин нь хоорондоо биеийн хэмжээгээр  өөр онцын ялгаагүй. Элдэв аюул занал багатай бол тогоруу унаган байгальдаа 20 гаруй жил наслах бол амьтны хүрээлэнд 70-80 хүртэл насалдаг ажээ.

Хамгийн жижиг, хамгийн хөөрхөн тогоруу бол та бидний сайн мэдэх Өвөгт тогоруу (Grus virgo). Анх монгол нэршлийг нь өвгөн гэсэн утгаар ойлгож явтал тэр шилээ дагасан цагаан өвөг туг өдөөр нэрлэсэн гэдгийг Я.Цэвэл гуайн толиос олж мэдэж билээ.

Латин нэршил нь үзэсгэлэнт охин гүнж (virgin) гэсэн утгатай бол оросууд красавка (хөөрхөн бүсгүй) гэдэг. Өвөгт тогоруу (Grus virgo) хээр талд голчлон амьдардаг учраас бусад тогорууг бодвол арай богино хуруутай байдаг нь өвстэй тал нутагт бэлчиж, хэрэгтэй үед хурдан гүйхэд зохицсон бол бусад тогоруу нь намаг устай орчинд амьдарч идэш тэжээлээ олж иддэг тул  илүү урт хүзүү, хошуу, хөлтэй байдаг гэнэ.

Өвөгт тогоруу хээр хуурай өвс, хагдан дунд жижиг хонхорхой гаргаад өндгөө дардаг юм билээ. Энэ тогоруу манай оронд түгээмэл тохиолдох бөгөөд айл гэр, зам дагаад ойрхон бэлчиж явдаг.

Өөр нэг жижиг тогоруу бол Хар тогоруу (Grus monacha) хар хөхөвтөр биетэй, цагаан толгой хүзүүтэй, зулайдаа улаан арьсан толботой, 100 см орчим өндөр, 3.5 кг орчим жинтэй.

Дэлхийд ховордсон энэ шувууны тоо толгой 9400-9600 орчим гэж үздэг бөгөөд өмнөд Сибирьт үрждэг ба манай оронд үржих магадлалтай ажээ. Энэ тогорууны 80 гаруй хувь нь Японд өвөлждөг ба цөөн тоогоор Хятад, Солонгос руу нүүдэллэдэг байна. Хар тогорууг Дорнод, Хэнтийд хоёр удаа харсан болохоор өөрийгөө азтай хүн гэж боддог. Тогоруу их сонор соргог, нэг километрийн цаадах барааг тод харж чаддаг гэж уншсан санагдана.

Түүнээс гадна ховор шувууг хамаагүй хөөж туугаад үргээх хэцүү болохоор тогорууны зураг буулгах амаргүй.

Хархираа тогоруу (Grus grus) Өвөгт тогоруутай харьцуулвал  арай биерхүү, том хондлой сүүлтэй, саарал зүстэй. Монголд харьцангуй цөөвтөр таарах боловч Европ тивд өргөн тархсан, ховордох, устах аюул нүүрлээгүй шувуу ажээ.

Төв аймгийн Гүнгалуутайн нуур, Булганы Цагааннуурын хавиар хэдхэн удаа л таарч байлаа. Нэг удаа өөр шувуунд анхаараад энэ сайхан тогорууны хажуугаар алхаад өнгөрснийг найз маань хожим хэлж инээлдэж билээ. Саяхан нэг нас бие гүйцсэн сайхан шувуутай ойрхон таарсан чинь хөл нь гэмтсэн учраас сайн зураг болж чадаагүй.

Цэн тогоруу (Grus vipio) нь цагаан алаг судалтай бие, хүзүүтэй, нүүрэндээ улаан толботой, бусдаасаа биерхүү том, 130 см орчим өндөр, 5.6 кг орчим жинтэй дэгжин шувуу. Манай орны ХэнтийДорнод аймагт голын хөндий, нуур хавиар өндөглөж зусдаг боловч энэ хавар Өвөрхангай, Баянхонгорт таарсан. Байгальд зэрлэгээр үлдээд байгаа нь дөнгөж 4900-5400 орчим гэсэн тооцоо байх бөгөөд ховордож устах аюул нүүрлэсэн гэж бодоход харамсмаар ч гаднаас энэ үзэсгэлэнт шувууг олж харах гэж жуулчин гийчин манайд их ирдэг болохоор Монголдоо харах боломжтойд бас баярламаар ч юм шиг.

Манайхан Япон тогоруу гэж хааяа нэрлэдэг Алаг тогоруу (Grus japonensis) нь 140 см өндөр, 7.7-10 кг жинтэй том шувуу, нас бие гүйцсэн нь цагаан ба толгой дээрээ улаан судалтай. Энэ тогоруу дэлхийд маш ховордсон  бөгөөд ердөө л 2750 орчим бодгаль  байгаагаас 1000 орчим нь Японы Хоккайдо арал дээр бараг суурин, тэжээвэр болсон харагдсан. Өөр нэг сүрэг нь Хятад, Солонгосын нутагт өвөлжиж, зун болон хаврын улиралд Сибирь, Монголын зүүн хойд хэсгийн нутгаар амьдарна. Тэр Японд байдаг сүргийн түүх их сонирхолтой. Өвлийн хахир цагт өлдөж  туйлдсан тогоруун сүргийг харсан нэгэн ядуу тариачин өвгөн эрдэнэ шишийн будаанаасаа илүүчилж, тэжээл хаяж өгдөг болсноос хойш 60 гаруй жилийн туршид өвгөний үр сад, нутгийнхан ийм буянтай үйлийг одоо хэр үргэлжлүүлсээр, тэнд энэ том сүрэг байнга шахуу, ойрмогхон нүүдэллээд амьдардаг болжээ. Эдүгээ өвлийн цагт өдөр бүр гадна дотны олон гийчин энэ гоёмсог шувууг харахаар тэр жижиг тосгодыг зорьдог, нутгийнхан ч амьжиргаагаа залгуулдаг болж. Тэр шувуу сонирхогчийн  нэгэн адил найзын хамт би энэ шувууг харж, зургийг буулгахаар Хоккайдо руу хэдэн жилийн өмнө очиж байсан юм.

Цагаан тогоруу (Leucogeranus leucogeranus) 140 см өндөр, далавчны дэлхэц 210-230 см, 5-8.6 кг жинтэй том шувуу, нас бие гүйцсэн нь дух, нүүрний дээд хэсэг өдгүй, улаан хүрэн арьснаас бусад хэсэг цав цагаан, харин далавчны үзүүрийн өд хар. Сибирийн энэ тогоруу маш ховор бөгөөд эдүгээ 3000 орчим л байгальд үлдсэн. Сибирийн бөглүү ой хөндийн намаг нуураар зусч, дийлэнх нь Хятадын Пояанг нууранд өвөлждөг гэнэ. Нүүдлийн замаасаа даялаад манай нутгаар өнгөрдөг байх. Сүүлийн хэдэн жил сураг чимээгээр нь Хэнтий, Дорнод руу хэдэн удаа аялсан ч олж хараагүй байтал энэ сарын шинээдээр Хэнтийд нэг бодгалийг, өнгөрсөн амралтын өдрөөр бүр хотоос холгүй таван шувууны жижигхэн сүрэгтэй таарлаа. Миний хувьд бол ийм ховор шувуу харсан нь азтай сайхан хувь тохиол. 

Хаврын улиралд нүүдлийн шувуу ирэх цагаар хүн бүхний үзэх ёстой гайхалтай гоё үзэгдэл бол тогорууны бүжиг. Жижиг толгойтой, хөл чац урттай, гоёмсог том далавчтай болохоор тэр юм уу, уран сайхан хөдөлгөөнтэй болоод ч тэр юм уу, ямар ч атугай энэ бол хамгийн харууштай зүйл санагддаг.

Өвөгт тогоруу (Grus virgo)

Эрэгчин нь баргилдуу хоолойгоор  чанга дуугараад, эмийнхээ урьд нугдайж бөхийнэ, тэгснээ үсрэнэ, өд сөдөө гайхуулна, өвс мөчир шүүрч агаараас хаяна, далавчаа дэвнэ, үсрээд өндөрт гарна, эргэлдэнэ ...үгээр илэрхийлшгүй. Харин бүжиглэж үсэрч дэгдэж байгаа тогорууны зургийг буулгах хэцүү. Дараа нь үзэхэд толгойгүй эсвэл хөл нь зургийн дэвсгэрт багтаж ороогүй баахан зурагтай үлдэж гонсойх нь цөөнгүй.

Цэн тогоруу (Grus vipio)

Харин эмэгчин нь сэтгэл татагдаад эрийгээ дагаад, хамт дуулаад бүжиглэдэг гэх боловч надтай таараагүй. Ихэвчлэн өөр тийш хараад, жаахан тоомжиргүй л байгаа харагддаг. Тогоруу хань ижилдээ үнэнч, насан туршдаа биш юм гэхэд их тогтвортой гэр бүл болж амьдардаг ажээ. Тийм болохоор эрийг байнга бүжиглэхэд дасдаг байлгүй.

Алаг тогоруу (Grus japonensis)

Тогорууны бүжиг зөвхөн үржлийн  хань ижлээ сонгох үеэр их гоё бүжиглэхээс гадна бусад үед ч сонин хөөрхөн бүжгээ хийх нь таарна. Энэ шар толгойтой залуухан алаг тогоруу сонгодог уран бүжиг хийгээд байна уу гэлтэй.  Ийм ааш занг нь ч манайхан анзаарч, "Тогоруу хөөрхөн, тоодог муухай " гэж чанга дуудахаар бүжиг цам харайдаг гэдэг шүү дээ.

Хар тогоруу (Grus monacha)

Тогоруу баярлах, тоглохоос бусад үед ч сэтгэл хөдөлгөөнөө ийнхүү илэрхийлдэг гэж ч судлаачид бичсэн байна. Хоёр хар тогоруу маргах нь таарч ийм зураг ажигласан юм. Тогоруунууд зодолдож байхыг хараагүй, харин үр төлөө хамгаалахад бол аймшиггүй баатарлаг.

Тогорууны сүрэг цэгцтэй, зохион байгуулалттай, эрэмбэ журамтай. Нүүдэллэн нисэх үед агаарын дулаан урсгалыг ашиглах бөгөөд тэр үеэр тогоруунууд цуваандаа ямар цэгцтэй явахыг та хараарай.

Энэ хоёр тогорууны яриа хөөрөө нислэгийн үед тасраагүй л явна. Тогорууг ажиглаад хараад суухад ер нь их ухаалаг сэргэлэн, өөр хоорондоо найртай, идэвхтэй ярилцаж, харилцаж байгаа нь илт харагддаг. Тэр алсад тэнгэр нисч байгаа тогорууны дуу сонсогдож байдаг нь сонин бөгөөд энэ нь тогорууны мөгөөрсөн хоолойн урт цээжний хөндийд дугуйрсан байдагтай холбоотой ажээ. https://en.wikisource.org/wiki/Popular_Science_Monthly/Volume_9/June_1876/Natural_Trumpet_of_the_Crane

 

 

Монгол орон маань  дэлхийд ховордсон эдгээр гайхалтай үзэсгэлэнт шувууны өсч үржиж байгаа сүүлийн нэгэн баянбүрд бөгөөд тэдгээрийг харж ажиглах цөөхөн газрын нэг гэдгээр монголчууд нийтээр бахархаж, үр хүүхдүүддээ зааж өгөөд, цаашилбал харж хамгаалах, өсгөж дэвшихэд тус болвол хойчийн үед буян болох нь мадаггүй гэж боддог юм аа.

Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы шувуудын гайхалтай ертөнцөөр аялахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Харин Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу. Л.Жаргалсайхан ах маань өөрийн фэйсбүүк хуудсыг нээсэн байна. Фэйсбүүкт түүнтэй нэгдэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Л.Жаргалсайханы бүхий л зураг нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдаг тул зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, ашиглахыг хатуу хориглоно.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

17197 сэтгэгдэл