Д.Жаргал: Ц.Оюунгэрэл сайд асуудлын учрыг олохоос илүүтэй томилсон хүнээ хамгаалдаг юм билээ
- Монгол улсын иргэн бүр хуулийн шүүхийн өмнө адил тэгш эрхтэй гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Харин та бидэнд хууль шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, биелүүлэхгүй байгаа тухай ямар мэдээлэл таньд байна вэ
- Миний хувьд 2008 оноос хойш Монголын үндэсний музейн дэд захирлаар ажиллаж байгаа. Энэ хооронд 4 удаа ажлаас халагдсан байдаг. Үүнийгээ үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандан шийдвэрлүүлэхэд 4 удаагийн шүүхийн шийдвэр миний талд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл намайг үндэслэлгүйгээр 4 удаа ажлаас халсан байна гэдгийг 3 шатны шүүхээр тогтоон ажилдаа эргүүлэн томилох шүүхийн тогтоол гарсан. Хамгийн сүүлд гэхэд энэ оны 06 сарын 19-ны өдрийн дээд шүүхийн тогтоолоор анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн намайг ажилд эргүүлэн томилох шийдвэр гарсан байсан ч манай музейн удирдлагууд намайг ажилд эргүүлэн авалгүй байсаар байсан тул 8 сарын 10-нд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлээд 08 сарын 12-нд би ажилдаа эргэн орсон. Ажилдаа ороод ажлаа хэвийн явуулах гэтэл өнгөрсөн зун гаргасан Засгийн газрын 147 –р тогтоол ёсоор төсөвт багтааж хүмүүсийн орон тоо, цалинг хэмнэх болсон гэдэг үндэслэл хэлж, намайг ажилдаа ороод 5 хоносны дараа буюу 08 сарын 18-ны өдөр дэд захирлын албан тушаал байхгүй болсон тул ажлаа хүлээгэн өгнө үү гэсэн мэдэгдэл ирсэн. Миний хувьд Монголын түүхэнд гарч байсан 1937 оны хэлмэгдүүлэлтийг мэдэхгүй ч над дээр гарч байгаа энэ хэлмэгдүүлэлт бол арай дэндүү. Дарга эрх мэдэлтэн хэнийг ч, ямар ч байдлаар хэлмэгдүүлэн, үзэгний үзүүрээр амьдралыг нь шийдэж болдог ийм нөхцөл байдал дэндүү их газар аваад байгаа болохоор би энэ асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтийн сонорт хүргэе гэж бодсон юм. Хэрвээ одоо халагдвал би нийт 5 удаа ажлаасаа халагдах болоод байна. Манай байгууллагын удирдлагын өмнө нь намайг ажлаас халсан 4 удаагийн шийдвэрийг буруу байсныг шүүх нотолсон бол одоо тэд Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгож намайг 5 удаагаа ажлаас халж байх шиг байна. Намайг ажилд эргүүлэн томилох бүрт ямар нэг шалтаг заан дахиж ажлаас халдаг ийм л байдал бий болчихлоо.
- Танай байгууллагын даргыг хэн томилдог вэ, таныг удаа дараа халах тушаал гаргаад байгаа дарга ямар хүн байна вэ
- Монголын Үндэсний түүхийн музей бол Соёл спорт, аялал жуулчлалын яамны шууд харьяа, музейн захирлыг яамны сайд эрх мэдлийнхээ хүрээнд томилдог. Аль ч улс орны хувьд музей бол тухайн улс орны хувьд үндэсний соёлын чухал объект, музейгээр дамжуулан биет соёлын мэдээллийг олон нийтэд түгээж, хүмүүст түүх соёлоо мэдэх, түүгээрээ бахархах сэтгэлийг төрүүлдэг онцгой байгууллага. Өнгөрсөн оны 7 сард Д.Сүхбаатар гэх Их сургуулийн багшаар ажиллаж байсан хүнийг Ц.Оюунгэрэл сайд музейн захирлаар томилсон байдаг. Д.Сүхбаатар захирал ажлаа аваад л шууд халаа сэлгээ хийж эхлэсэн. Засгийн газрын хэмнэлтийн горимд шилжих тухай 147-р тогтоолыг хэрвээ Д.Сүхбаатар захирал мөрдөн ажиллаж байгаа гэвэл тэрэн шиг худлаа яриа байхгүй. Тэрээр ирснээс хойш жил гаруйн хугацаанд 10 гаруй орон тоог музейд шинээр бий болгочихоод сууж байна.
-Д.Сүхбаатар захирал ямар шалтгаанаар шүүхийн шийдвэрийг зөрчин байж таныг удаа дараалан ажлаас халаад байдаг юм бол
- Энэ хүнийг би сайн танихгүй, тэр хүн ч намайг сайн мэдэхгүй. Хэрвээ ажил хийх гэж ирсэн бол уламжлал дээрээ тулгуурлан шинэчлээд, хамтран ажиллаад явж болно доо. Түүний хувьд музейн салбарт ажилласан туршлага багатай учраас тодорхой хэмжээнд ажилласан дэд захиралтай хамтраад ажил үүргээ явуулах юм бол уг нь дөхөмтэй. Ажлаа аваад багаа бүрдүүлж байгаа нэрийдлээр ажлаа мэддэг туршлагатай албан хаагчдыг халж, оронд ч юугаа ч мэдэхгүй, салбараа ойлгоогүй хүмүүсээр байгууллагыг дүүргэж байна. Түүнчлэн баг бүрдүүлэх нэрийн дор өөрсдийн хүмүүсийг ажилд аваад улсын онц чухал үзмэрт "хүйтэн гараар хандах” гэсэн шалтгаан байна уу даа гэж сүүлийн үед хардахад хүрээд байна. Энэ талаар ноцтой гэмээр тодорхой баримт надад байгаа.
- Музей бол онцгой объект байх, энд түүхийн үнэт олдвор, түүхэн хүмүүсийн эдлэж хэрэглэж байсан чухал зүйлс, үзмэрүүд байдаг байх. Дарга удирдлагын хувьд эдгээрт хөдөлгөөн хийх боломж байдаг уу.
- Тийм эрх захиралд бий, би бүр ч үүнийг үгүйсгэхгүй байна, магадгүй музейн үзмэрээ мэддэг, таньдаг хүмүүсийн ажлаас чөлөөлсөн нэрийдлээр холдуулаад эдгээр үнэт үзмэрүүдэд хар "нүд унаад” байгаа юм биш биз гэж хардаж байгаа. Манай музейд улсын тооллого одоо явагдаж байна. Энэ тооллогоос болоод нэг ажилтан халагдсан. Халагдсан шалтгаан нь юу вэ гэвэл, тухайн ажилтныг сонинд ярилцлага өгч байгууллагын үзмэрийн талаарх дотоод мэдээллийг гадагш задрууллаа гээд ажлаас нь халсан байдаг. Магадгүй үүний цаана Д.Сүхбаатар захиралд ямар сонирхол байгааг би мэдэхгүй шүү дээ. Одоо манай байгууллагын ажилтнууд нэгэнтэйгээ мэндэлж чадахгүй болсон байна, хэзээ, хэн халагдах бол гэж айсан, сэтгэл нь түгшсэн байдалтайгара л өдөр хоногыг өнгөрүүлж байна. Төрийн байгууллагыг хувийн компани шигээ санаж дураараа аашлаж байгаа Д.Сүхбаатар захиралтай л энэ бүхэн холбоотой.
- Та энд ажилдаа буцаж ирээд хуучин шигээ ажиллаж чадахгүй байна гэсэн
- Уг нь шүүхийн шийдвэр намайг энд дэд захирлын орон тоонд нь эргүүлэн томилсон юм шүү дээ. Гэтэл надад нэг давхарын доод хонгилд нэг өрөөнд ганц компьютер тавьж өгөөд орхисон. Цагийн бүртгэл дээр албан тушаал тавиагүй Л.Жаргал гээд биччихсэн байдалтай байна. Би гэдэг хүн дуртайдаа энд гүйгээд ороод ирсэн юм шиг, дээр нь байгууллагын мэдээлэл, цахим хаяг, танилцуулга дээрээ дэд захирал Ш.Будбаяр гэдэг хүн байх жишээний. Мэргэжлийн хурал цуглаан, үйл ажиллагаанд дэд захирал Ш.Будбаяр гэдэг хүн явж байна. 3 шатны шүүхийн шийдвэр ингэж л хангагдаж байна даа. Ингэж л Д.Сүхбаатар гэдэг хүн Монгол улсын шүүхийг үл хүндэтгээд зогсохгүй, шүүхийн тогтоол шийдвэрийг биелүүлсэн төдий додомдож, надаар арай дэндүү тоглоом хийгээд байгаа юм даа.
- Д.Сүхбаатар захирлын энэ хууль бус үйлдлийн талаар та түүнийг томилсон Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд хандаж үзсэн үү
- Ц.Оюунгэрэл сайд дээр би 2 удаа орж уулзсан. Үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлж танилцуулсан. "Нэг хүнтэй зохицохгүй бол өөр хэнтэй ч зохицохгүй ш дээ”, манай улс төр ийм байдаг гэж хэлдэг юм билээ. Сайд энэ үгээрээ шүүхийн шийдвэрийг ч бас үл тоож байгаа хэрэг. Д.Сүхбаатар захирал бидний зохицож ажиллаж чадахгүй байгаа шалтгаан надад биш, Д.Сүхбаатар захиралд байгааг Ц.Оюунгэрэл сайд анзааралгүй, шууд л Д.Сүхбаатар захирлын талд юм байна лээ. ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд хандан мөн л асуудлаа танилцуулсан. Тэрээр "Би музейн захирлыг томилдоггүй, сайд томилдог, наад асуудлаа сайдтай уулзаж шийд” гэдэг. ССАЖЯ-нд хандаж өөрийн биеэр хүргэж өгсөн албан бичиг хаана, хэн дээр очсон нь мэдэгдэхгүй, тийм бичиг ирээгүй гэж хэлдэг. Бодит нөхцөл байдал ийм байна. Миний хувьд энэ хууль бус үйлдлийн талаарх гомдлыг Хүний эрхийн хороо, Үйлдвэрчний эвлэлийн холбоонд мөн хандаж гаргасан. Тэд шат шатандаа асуудлыг судлаж байгаа гэсэн хариу надад өгсөн.
- Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол, та ямар бодолтой байна вэ?
- Миний хувьд улсад 27 жил ажилласан, би ажилгүй аргаа барсандаа энэ албан тушаалд зууралдаад байгаа хэрэг биш. Надад амьдралаа залгаад хийгээд явчих олон ажил байна. Гэхдээ би хууль шүүхэд итгэдэг. Тэд шийдвэрээ гаргасан. Гэтэл шийдвэрийг биелүүлэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа асуудал байна. Мөн ийм асуудалд би буугаад өгчихвөл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болдог юм байна гэсэн буруу жишиг ухамсар муутай зарим хүмүүст тогтох учраас би "тэмцэл”-ээ үргэлжлүүлнэ.
Ц.Мөнх