“Юу дутсан гэж амиа хорлодог байна аа”... Нээрээ юу дутсан юм бол?
Үүний улмаас "12-хан настай хүүхдүүдийн дунд юуных нь хайр сэтгэл байдаг юм, бидний үед…” гэж ирээд олон янзын шүүмж гарах боллоо. Бүр уурссан зарим нь "яасан ч хямдхан амь болчихсон юм дээ” гэхчлэн амиа хорлолт, амь насны үнэ цэнийн талаар өөр, өөрийн үзэл бодлыг тулгаж эхлэв. Тэгвэл өсвөр насныхан амиа хорлох үзэгдлийн нийтлэг шинж болоод эцэг эхийн санаж авууштай зүйл нь юу юм бол.
Жил бүр хагас сая хүүхэд...
Хэдхэн жилийн өмнө өсвөр насныхан гэдэг ойлголтод 14-16 насныхан хамрагддаг байсан бол өдгөө 12-13 насныхан өсвөр насны хүүхэд гэх ойлголтод багтаж байна. Энэ энгийн зүйлээс эхлээд өсвөр насныхан гэж хэнийг хэлэх вэ, гэсэн олон зуун хуудас шинэ судалгаа бий. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн бага насны тухай бодол, үйл хөдлөлөө зөв мэтээр ярьж өөрийн хүүхэддээ ч хэрэгжүүлэхийг шаардах нь өнөөгийн нийгэмд яавч тохирохгүй гэдгийг ч олж уншиж болох юм.
Харин амиа хорлохтой холбож үзвэл, өсвөр насныханд нөлөөлдөг хамгийн гол зүйл нь "хямрал” юм гэдгийг "Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог” судалгаанд тусгажээ. Мөн "юуных нь хайр дурлал байдаг юм” гэж өөрийн бодлыг тулгадаг эцэг, эхчүүд "Энэ насанд бэлгийн бойжилт явагддагтай холбогдон эсрэг хүйстэндээ татагдаж эхэлснээр хайр дурлал үүсдэг” гэдэг тодорхойлолтыг ч цээжилж авахад гэмгүй. Тэгвэл энэ мэт шалтгаанаас үүдэн жил бүр хагас сая хүүхэд амиа хорлох гэж оролддогоос 5000 орчим нь өөрийн амийг егүүтгэж чаддаг байна. Өнгөрсөн наймдугаар сард гаргасан НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирлын илгээлтэд ч "дэлхий дахинд амиа хорлох явдал нь өсвөр үеийнхний дунд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна” гэж бичжээ. Харин манай улсад 2013 онд 253 (2012 онд 50 хүүхэд амиа хорлосон) хүн амиа хорлож нас барсан байдаг.
Амиа хорлоход хамгийн их нөлөөлдөг зүйл
Сэтгэл зүйч Мишель Москос өсвөр насныхны амиа хорлолтын талаарх судалгаандаа "амиа хорлох нь сэтгэл зүй, хүрээлэн буй орчны болон нийгмийн гэсэн гурван хүчин зүйлээс үүсдэг. Сэтгэл зүйн хямрал, гутрал нь хүүхдийг амиа хорлоход хүргэдэг гол шалтгааны нэг. Харин хүүхдүүдийг сэтгэл зүйн хямрал, гутралд оруулдаг зүйлс нь гэр бүлийн амьдралын тогтворгүй байдал, шинэ өөрчлөлт, болон ойр дотнынхны харилцаа байдаг” гэж бичжээ. Түүний хэлсэн шиг "Амиа хорлож нас барсан хүүхдүүдийн 90 хувь нь гэр бүлийнхэн нь тэднийг ойлгодоггүй гэж боддог байжээ” гэсэн өөр нэг судалгаа ч бий. Ингээд хүүхдүүдийг амиа хорлоход хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүдийг жагсаахад олонх нь гэр бүлтэй, орчин тойрных нь хүмүүстэй холбоотой байдаг аж. Тухайлбал, гэр бүлийн амьдрал тогтворгүй болох, эцэг эх нь салж сарних, эсвэл гэр бүлд нь шинэ хүн (хойд эцэг, эх) орж ирэх, хайртай дотны хүнээ алдах, гэр бүлийнхэндээ үл тоогдох, гадуурхагдах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, эцэг эхтэйгээ маргалдах, найз охин, хөвгүүнээсээ салах, сургууль, анги танхим, найзуудын хүрээнд гадуурхагдан доромжлогдох, ганцаардах гээд дандаа хүний харилцаатай холбоотой гэнэ.
Мөн АНУ-ын "Хүүхдүүдийн эрүүл мэнд” сэтгүүлд бичсэнээр хэрэв амиа хорлосон хүүхдүүдэд гэр бүл, найз нөхөд, ах дүүгийн зохистой сайхан хүрээлэл байсан бол ийм асуудалтай тулгарах үедээ бусад шиг л даваад гарах байсан. Гэвч тэдэнд анхаарал тавих ийм хүрээлэл дутмагаас болоод эцэст нь амиа егүүтгэснээр асуудлыг шийдэхэд хүрдэг хэмээн бичжээ. Дашрамд дурдахад, өөрийгөө буудаж эсвэл дүүжилж хороох нь хүнээс ямар зориг шаардах бол гэдгийг өнөөдрийг хүртэл судлах боломжгүй. Гэхдээ өсвөр насны охидод амиа хорлох тухай бодол хөвгүүдээс хоёр дахин их төрдөг ч амиа хорлосон тохиолдлын дийлэнх буюу 80 гаруй хувь нь хөвгүүд байдаг тухай судалгаа байна.
Түүнчлэн эцэг эхчүүдийн хүүхдэд мөнгө хэрэггүй гэдэг үзлээс болж, хүүхэд сургууль дээр өөрийгөө бусдаас дорд мэдрэх, амттан авч идэж чадахгүй байх, найз нөхөдгүй болох зэргээр сэтгэлд гутралд орж болзошгүй байдаг учраас хүүхдэд зохих хэмжээнд халаасны мөнгө өгч байх хэрэгтэй гэж сэтгэл зүйчид үздэг байна.
Тэгэхээр эцэг эх хүүхдээ аашилж загнахаас өмнө юу хүсч мөрөөдөж, өнөөдөр сургууль, найз нөхдийн чинь хүрээлэлд ямар үйл явдал болов. Миний хүүхэд ямар үүрэгтэй оролцов гэдгийг байнга сонирхож байхад гэмгүй л болов уу.
Эх сурвалж: www.assa.mn