Хойдууд өмнөд хөршөө шумбагч хөлгөөр айлгажээ
Хойд Солонгосын тал баллистик пуужин харвах чадвартай шумбагч хөлгийг усанд тавьсан байж болзошгүй хэмээн Өмнөд Солонгосын цэргийн хүрээнийхэн болгоомжилж байна. Энэ тухай Сөүлийн "Ренхап” агентлаг мэдээлжээ. "Шумбагч хөлгийн урт 67 м, суулт 6.6 м, гурван мянган тн багтаамжтай” хэмээн тодорхой дүрсэлсэн байна. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ нь 1990-ээд онд Зөвлөлт Оросоос авсан "Гольф II” загварын дизель-цахилгаан шумбагч хөлгийн өөрчлөн сайжруулсан хувилбар байж магадгүй юм. Хойд Солонгост шинэчлэн засварласан зөвлөлтийн шумбагч хөлгийг Р-21 пуужингийн цогцолборыг угсрахад зориулсан бололтой.
Хойд Солонгосын цэргийн мэргэжилтнүүд олон зорилготой шумбагч хөлөгт баллистик пуужин байрлуулах технологийг хараахан эзэмшээгүй хэмээн Өмнөд Солонгост үзэж байна. Пхеньяны эрх баригчид шумбагч хөлөгт ашигладаг босоо байрлалаас харвадаг баллистик пуужинг суурилуулж сурсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан билээ. "Хиймэл дагуулын зургаас үзэхэд, далай дээрх баазаас баллистик пуужин харвах газар дээрх туршилтын төхөөрөмжийг Синпхо дахь (Хойд Солонгосын зүүн эргийн хот) хөлөг онгоц дээр гарган суурилуулсан байна” хэмээн "Ренхап” агентлагийн эх сурвалжууд онцолжээ. Уг төхөөрөмжийн туршилтыг дуусгахын тулд 1-2 жил шаардлагатай хэмээн үзэж байна.
2005 онд Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй гүрэн болсноо зарласнаас хойш өмнөд хөршөө "Цөмийн өшөө авалт-аар нэг бус удаа сүрдүүлж байгаа билээ. Пхеньяны шумбагч хөлгийн флот хэдэн арван шумбагч хөлөгтэй ч бүгд хуучирсан ажээ.
1994 онд Ким Ир Сен тэргүүтэй хойдуудын коммунист дэглэм Оросын тэнгисийн цэргийн флотын хуучирсан 40 орчим шумбагч хөлгийг худалдаж авчээ. Пхеньян Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчдийг Ионбен дахь цөмийн байгууламждаа нэвтрүүлэхээс татгалзсан тэр үед Японы нэгэн компаниар зуучлуулан дээрх наймааг хийсэн аж. Шумбагч хөлгүүдийг Оросын Владивосток баазаас Япон тэнгисээр дамжуулан Хойд Солонгосын Нажинд хүргэж байжээ. Тэдгээрийн ихэнх нь 20-30 жил ашиглагдсан, дизель мотортой хуучин загварууд байсан тул Ким Ир Сений Засгийн газар зөвхөн сэлбэгэнд ашиглах нэрээр авч байсан юм. Хойд Солонгосын арми эдгээр шумбагч хөлгөөр өөрсдийн шумбагч хөлгийг сэлбэж, засварласан хэмээн Өмнөд Солонгост үзэж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин