Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.06.10/ Төрийн ордны "Б” танхимд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд зохион байгуулав.
Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд даргалж, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Үүний дараа хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн юм.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн танилцуулгын талаар Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Г.Оюунболд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хуулийн төсөлд цагдаагийн байгууллагын хүлээх үүргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Д.Арсланхуяг тус тус танилцуулсан бол "Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төсөлтэй уялдуулах шаардлага” сэдвээр Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төвийн захирал Д.Энхжаргал илтгэл тавьж, төслийн талаар Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг мэдээлэл хүргэсэн юм.
2004 онд Монгол Улсын Их Хурлаас "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэх болсон. Тус хууль батлагдсантай холбогдуулан 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг ХЗЯ, ЭМЯ, НХХЯ-аас батлан хэрэгжүүлж байжээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас хохирогчдыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлогын болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгдэж байгаа талаар төсөлд тусгажээ. Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болж байгааг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцлов. Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчгүй, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, судлаачид анхааруулсаар байгааг албаны хүмүүс дурдав.
Илтгэл тавьсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн мэдээлэлтэй холбогдуулаад хэлэлцүүлэгт оролцсон Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа нар тодорхой сэдвийн хүрээнд зарим зүйлийг тодруулж, санал солилцлоохэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
700 сэтгэгдэл