Суудлын БӨГЛӨӨ болсон түшмэлүүдийн нэг Р.Содхүү!
Яаж ч байсан төр засгийн удирдах албан тушаалаас буудаггүй Р.Содхүү гэж нөхөр бий. Өдгөө Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй тэрбээр өнгөрсөн олон жилүүдэд нэлээдгүй асуудалд орооцолдож ирсэн нэгэн. Тэгвэл тэрбээр сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор хэвлэлийнхний анхаарлыг дахин татах болов. Юу гэхээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр мань эр мэдэн будилсан баахан юм ярьсантай нь холбоотой. "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр хүч түрэн төрийн өмчийн мэдэлд авсан гээд буй мөртлөө ХХК гэсэн статустай хэвээр байгааг нь улсын бүртгэлийн газрын дарга маань мэдэхгүй цохиж явна лээ. Ер нь бол учрыг нь ойлгохгүй байгаа ч юм уу, лав тодорхой хариулт өгч чадахгүй явна. Тэгэхээр Р.Содхүүгийн тухайд ер нь юу ч хийж тэнд даргаар суудаг юм бүү мэд.
Эхэнд хэлсэнчлэн Р.Содхүү эрхэмтэй холбоотой анхаарал татсан мэдээлэл цөөнгүй байдаг. Тэдгээрээс Анод банктай холбоотой асуудалд нь эргэн анхаарал хандуулъя. 1200 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашигт харшилсан Анод банкны хэрэг найман оноос эхлэн хууль хяналтын байгууллагаар шалгагдсаны эцэст 2013 оны эхээр анхан шатны шүүхээс нэр бүхий 6 эдийн засагч ял сонссон байдаг. Баянзүрх дүүргийн шүүхээс Анод банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийхээ араас Өршөөлийн тухай хуульд хамруулж Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын ялыг таван жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарт оногдуулсан ялыг гурван жил, Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт оногдуулсан ялыг тус бүр хоёр жил болгон бууруулсан юм. Ер нь бол энэ хэдэн нөхөр хариуцлага хүлээснээр энэ хэрэг төгсөх учиргүй, нэр бүхий эрхмүүд татагдах ёстой талаар анхнаасаа л яригдсан. Монголын хөрөнгийн бирж, Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хороо энд хамаатай гэдэг талаар яригдаж ирсэн юм.Тухайлбал, Монголын Хөрөнгийн Биржийн Захирал асан Р.Содхүү нарын арав гаруй хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан гэх мэдээлэл гарч байсан ч, замын дундаас тэд сугарчихсан гэхэд болно.Түүнчлэн Анод банкийг хуурамч хувьцаа гарган, ард иргэдийг мэхлэх үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн нэг бол тухайн үеийн Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүү гэдгийг баримт гэрчилнэ. Учир нь Анод банк дампуурахаас 6 сарын өмнө БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ-наас Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүүд хаягласан албан тоот ирсэн байдаг юм. Тус албан бичигт:
БНСУ-ын Элчин сайдын яамнаас 2008 оны тавдугаар сарын 19-нд ММ6 149/2008 тоотоор Монголын хөрөнгийн биржийн дарга Р.Содхүү танаа: Монголын Анод банкны IPO болон Капитал increase-ийн талаархи БНСУ-ын "Шенань банк”-ны байр суурийг уламжилъя.
2008 оны тавдугаар сарын 19-23-ны хооронд явагдах Анод банкны IPO болон Капитал increase-ийн тендерийг хариуцаж буй "Си Си Пи” компани нь өнгөрөгч тавдугаар сарын эхээр БНСУ-ын "Шенань банк” болон өөрийн түншээрээ дамжуулан 4900000 ширхэг хувьцааг худалдан авна гэсэн мэдээлэл өгсөн нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд тус банк, түүний түнш тендерт оролцох бодолгүй гэдгээ манай ЭСЯ-нд албан ёсоор мэдэгдсэн.
Иймээс дээрх компанийн мэдээлэлд итгэсэн IPO болон paid-ийн капитал increase-ийн тендерт оролцох гэж байгаа хөрөнгө оруулагчдыг болзошгүй хохирлоос сэргийлэхийн тулд холбогдох Үнэт цаасны компаниудад үнэн бодит мэдээллийг зарлан залруулахыг хүсьө.” Хувийг Монгол Банк, Сангийн яаманд хэмээн бичсэн байдаг.
Энэ нь БНСУ-ын "Шенань Банк” Анод банкны хувьцааг худалдан авах боломжгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн гэсэн үг. Тиймээс ийм мэдэгдлийг хүлээн авсан тухайн үеийн Монголын хөрөнгийн биржийн удирдлага Р.Содхүү Анодын хувьцаа гаргах үйл ажиллагааг зогсоох ёстой байсан нь ойлгогддог. Гэсэн ч тэр тэгээгүй. Харин ч бүр Анод банкийг Хувьцаат компани болгож, хувьцааг нь гаргаж, иргэдийг залилах үйл ажиллагааг шийдвэр талаас нь дэмжиж оролцсон харагддаг.
Р.Содхүүгийн хувьд зөвхөн Анодын дампууралтай холбогдоод зогсохгүй. Түүнийг "Зоос” банкны хувьцааг МАН-ын томчуудад бэлэглэх журмаар өгч байсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан байдаг. Уг нь дампуурсан банкуудын асуудалтай холбоотойгоор түүнийг хууль хяналтын байгууллагаар сайтар шалгуулах хүсэлтүүд удаа дараа гарч ирсэн ч, Р.Содхүү үргэлж сугарч үлдээд байна гэх хардлага ч хэвлэлийн хуудаснаа цөөнгүй гарч байжээ.
Ямартай ч Р.Содхүү бас л нэг чухал агентлагийн даргаар албан ёсоор томилогдох гэж байна. Өмнөх шигээ хэл ам дагуулаад байхгүй болов уу гэж найдая. Тэрбээр МХЕГ-т даргаар ирснийхээ дараа орон тоог 20 гаруй хүнээр нэмэгдүүлсэн байдаг. Уг нь тус газрын бүтэц, орон тоог МУ-ын Шадар сайд тогтоож баталдаг байтал, Р.Содхүү эрхэм зоргоороо шийдсэн гэх асуудалд холбогдож байсан юм. МХЕГ-т туслахаараа дагуулж ирсэн С.Заяадэлгэр гэдэг бүсгүйг нэг сарын дараа тус газрын Стратеги, төлөвлөлт, бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар томилсон байдаг. Бас болоогүй нөгөө бүсгүй нь дахин нэг сарын дараа уг газрын Тамгын газрын орлогч дарга болж суга дэвшсэн талаар нь wikimon.mn сайт тухайн үед бичиж нийтэлж байжээ. За мөн өнөөх л Хөрөнгийн бирждээ ажиллаж байсан Мөнхжаргал гэж нөхрийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн албаны даргаар томилсон тухай асуудалд холбогдож байв.Ингээд тоочоод байвал Р.Содхүү дарга байнга л элдэв асуудалд холбогдож байдаг нэгэн гэдэг нь эрхбиш ойлгомжтой харагдаж байна. За тэгээд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар гайгүй ажиллаж байгаа юм болов уу гэтэл зүгээр л суудлын бөглөөс болж байгаа бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн