“Хүннү эйр” компанийн онгоцонд гарсан саатлыг зорчигчид нь эхэлж мэджээ
"Хүннү эйр” -ийг Монголын иргэний нисэхийн салбарт МИАТ-ийн дараа орох компани гэдэг. Байгуулагдаад ганцхан жилийн ч нүүр үзээгүй байхдаа л орон нутгийн зургаан ч чиглэлд нислэг үйлдэх эрх авч, хамгийн ашигтай гэх гадаад нислэгийг МИАТ-ийнхантай зэрэгцэж үйлдэж эхэлснийг зарим хүмүүс найдвартай ар тал, найгүй их мөнгөтэй эзэнтэйнх гэж харддаг.
Хэр баргийн аавын хүү, ээжийн охины "гуядаад” авдаггүй эрхийнхээ ачаар улс орны бүхий л салбарт явагдсан санхүүгийн хямралын үед ашигтай ажилласанаа бахархалтайгаар зарласан. "Нарийн тооцоололт, хяналт, дүгнэлтийг нислэг нэг бүрээр хийж, шуурхай, оновчтой төлөвлөлт зохицуулалтыг ажлын байр нэг бүр дээр зохион байгуулж ажилласны үр дүнд 2015 онд орлогороо зардлаа бүрэн хаасан тэнцвэртэй байдлыг хадгалан ажиллаж чадсан. Улмаар 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 2,8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан” гэх мэдээлэл цахимд дурайгаастай. Түүгээр ч барахгүй тус компанийн хамт олон 2017 онд өмнөх олсон амжилтаа улам бататган ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа гэх.
Аливаа компани ашигтай ажиллана гэдэг ард иргэд итгэж үйлчлүүлснийх. Авиа компанийн хувьд бол зорчигчид амь нас, эрүүл мэндээ тус компанид даатгасных. Үүнийх нь хариуд нислэгийн компани аюулгүй байдлаа хангаж, нисгэгч болоод техникийн тал дээр онцгой анхаарах ёстой. Нислэгийн үеэр ядаж нисгэгч нь онгоцонд гарсан саатлаа оношилж, онцгой арга хэмжээ авах ёстой. Түүнээс зорчигчидоосоо мэдээлэл авч, зоргоороо нисэх биш. Техникийн сааталтай онгоцоор тээвэрлэлт хийж байгаа компани цаашид зорчигчдынхоо амийг дааж, зорьсон газарт нь аюулгүй хүргэх нь юу бол.
Өнгөрсөн долдугаар сарын 23-ны 22:10 цагт "Хүннү Эйр" ХХК-ийн "MML-161 Fokker-50" онгоцны нэг хөдөлгүүр нь ажиллагаагүй болсны улмаас буулт хийжээ. Тодруулбал, энэ онгоц нь Улаанбаатар- Ховд-Увс чиглэлийн "Хүннү Эйр" компанийн эзэмшлийн онгоц бөгөөд Улаанбаатар хотоос Ховд аймаг руу хуваарийн дагуу 13:40 цагт хөөрчээ. Улмаар 18:20 цагт буцаад Ховд аймгаас Улаанбаатар хот руу шууд нислэг үйлдэж байх үед буюу 20:00 цагийн үед хос хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсон байна. Ингээд 22:10 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд буулт хийсэн байна. Энэ талаар албаныхан мэдээлэл өгөхдөө ослын бус техникийн буулт хийсэн хэмээн мэдэгдэж буй.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар нислэгийн үеэр тус онгоцны зүүн талын сэнс нь гэнэт ажиллагаагүй болжээ. Үүнийг нислэгийн багийнхан ч мэдээгүй бөгөөд сэнсний харалдаа цонхон талд сууж явсан зорчигч багийнханд хэлснээр Мөрөнд ослын буулт хийсэн байна. Ингэхдээ "MML-161 Fokker-50" онгоц газардаж чадахгүй агаарт нэлээд хөөрчээ. Цаг агаарын байдлаас болсон уу эсвэл гарсан гэмтлээс болсон уу онгоцонд энэ хугацаанд маш ихээр доргилт үүсч сэгсрэгдсэн бөгөөд зорчигчид нь ч үймэлдэж эхэлсэн байна. Улмаар 20 гаруй минут агаарт хөөсний эцэст Мөрөн суманд буулт хийсэн байна. Тухайн үед "Fokker-50" загварын онгоцонд 66 хүн зорчиж явсан бөгөөд тэдний дунд манай урлаг, соёлын нэр бүхий хүмүүс болон шашны зүтгэлтнүүд явж байсан тухай эх сурвалж мэдээллээ.
Онгоц бол онцгой тээврийн хэрэгсэл. Багахан зүйлээс болж их хэмжээний хохирол гарах өндөр магадлалтай. Тиймдээ ч авиа компаниудаас хариуцлагаа чанга байлгахыг нэхдэг. Хэрэв Улаанбаатар- Ховд-Увс чиглэлийн нислэгийнхэн онгоцондоо гарсан гэмтлийг анзааралгүй цааш ниссээр байсан бол юу болох байсан бол гэж бодохоос ч айдас хүрнэ...
Сэтгэгдэл байхгүй байна.