О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс өнгөрөгч амралтын өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан МАХН-ын Их чуулганаас гарсан шийдвэр, нөхцөл байдлын талаар тодруулга авлаа.
-Н.ЭНХБАЯРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ТОГТООЛ БАТЛАГДЧИХСАН УЧИР НАМЫГ УДИРДАХ ЭРХГҮЙ-
-МАХН Их чуулганаа яагаад төрийн ордонд зохион байгуулах болов?
-Аль ч улс төрийн нам аливаа хурлуудаа Төрийн ордонд хийж л байдаг. Төрд суудал бүхий намын хувьд Төрийн ордонд хурал хийх бүрэн эрхтэй. Дараачийн нэг шалтгаан нь, бид ордноос өөр газар хурал хийхэд аюулгүй байдлын хувьд ихээхэн хэцүү байсан юм. Ордны гадаа үймээн дэгдээж, хурлын төлөөлөгчдийн иргэний үнэмлэхийг нь хугалах, урилгуудыг нь урж хаях зэрэг үйлдлүүд удаа дараа гарсан. Үс гэзгээс нь зулгааж зодсон тохиолдол ч бий. Сүхбаатарын талбай дээр " УИХ-ын гишүүнийг хутгалж, шөвгөлж ална” гэж хүртэл орилсон. Их чуулганд орон нутгаас 19-80 насны гишүүд маань сэтгэл зүрхээрээ ирж оролцсон. Ойролцоогоор 300 орчим төлөөлөгчдийг маань оруулаагүй бойкот хийсээр, бүр шөнө оруулсан. Захиалсан хоол ундаа ч авч чадаагүй. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм. Ийм тохиолдолд Төрийн ордонд хийхээс өөр аргагүй байлаа.
-Н.Энхбаярт та урилга хүргүүлсэн юм уу?
-Хуралд оролцогсод Н.Энхбаяр даргыг ирээсэй. Үгээ хэлээсэй гэж хүсч байсан. Гэтэл бидний урилгыг хүлээж аваагүй. Улмаар чуулганд оролцсоныхоо төлөө намын гишүүд маань зодуулж, нүдүүлсэн. Тиймээс ч Н.Энхбаярыг намын даргаас чөлөөлөх нь зүйтэй юм байна гэсэн утга бүхий тогтоолыг батлахад хүрсэн юм.
-Одоо танай намын дарга тэгэхээр хэн болж таарч байна?
-МАХН-ын даргаас Н.Энхбаярыг чөлөөлөх тогтоол батлагдчихсан учир намыг удирдах эрхгүй гэсэн үг. Гишүүдийн 100 хувийн саналаар чөлөөлсөн. Дээд шүүх манай хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд миний бие МАХН-ыг удирдана. Одоогоор МАХН-ын даргыг УИХ-д суудалтай гишүүндээ хариуцуулаад байна.
-Их чуулганыг зохион байгуулах зардал хаанаас гарсан бол. Өнөөгийн эрх баригч намын дарга таныг санхүүжүүлсэн гэх яриа бас явлаа?
-Энд У.Хүрэлсүх гэдэг хүн ямар ч хамаагүй. Бид У.Хүрэлсүхийг хянах зорилгоор намаа шинэчилж байна. Засгийн газрын бодлогыг хянах нь бидний том зорилго. Тиймээс юуг ч тааж яриад хэрэггүй гэж хэлмээр байна. МАХН 30 мянган гишүүнтэй. Ийм нам өнөөдөр 150 орчим сая төгрөг гаргаад, хурлаа хийчих эрхтэй. Боломж нь ч байгаа. АН-ын нэг жижигхэн залуу намын дэргэдэх холбооны Ерөнхийлөгч болохын тулд 250 сая төгрөг босгож чадаж байна. Ж.Батзандан гишүүн л гэхэд намын даргад өрсөлдөхийн тулд 200 сая төгрөгийн дэнчин тавьж чадсан. Ийм байхад бүхэл бүтэн улс төрийн нам Их чуулганыхаа төсвийг гаргаж л таарна биз дээ. МАХН-д ганц мөнгөтэй нь Н.Энхбаяр биш. МАХН-д ганцхан л мөнгөтэй хүн байдаг. Бусад хүмүүс нь зардлаа гаргаад хурал зохион байгуулж болохгүй гэсэн пиар хийж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Шаардлагатай гэвэл бид зардлаа шилэн болгож болно. Гэхдээ намын шинэчлэлийн төлөө мөнгөө гаргасан хүмүүсийнхээ аюулгүй байдлыг бодох ёстой юм.
-МАХН-ЫН ХАМГИЙН ТОМ АЛБАН ТУШААЛ НЬ ИХ ЧУУЛГАН-
-Христэд итгэгчид Их чуулганд олноор ирлээ. Намын Их чуулган биш шашны цуглаан болсон гэх шүүмжлэлд та ямар хариулт өгөх бэ?
-Их чуулганд 1000 гаруй төлөөлөгч оролцохоор ирсэн. Тэдгээр дотор будда, бөө, христ итгэлтэй хүмүүс ирж л таарна. Бүр шашин шүтдэггүй хүн ч ирсэн байх. Би тэднээс шашин шүтлэгийг нь асуух эрхгүй. Монгол Улс ардчилсан улс. Итгэл үнэмшлээр нь хүнийг ялгаварлан гадуурчихаад, өнөөдөр эх орон гэж ярих нь ичмээр зүйл. Бусдыг шашин шүтлэгээр нь овоглож, зүгээр байгаа хүмүүсийг турхирах нь өөрөө гэмт хэрэг юм. Бид үүнийг хуулийн байгууллагаар шалгуулах болно.
-МАХН-ын Нийслэлийн намын хорооны тамгыг ашиглаж, Их чуулган зохион байгуулж байна гэсэн мэдээллийг танай намынхан өгч байгаа. Тэгэхээр Их чуулганы шийдвэр албан бус тамгаар гарсан гэх үндэслэл үүсэх биш үү?
-Бид намаа байгуулахдаа тамгатай байсан юм уу.Намыг анх хэн байгуулсан юм. Намыг Их чуулган нь байгуулдаг. МАХН-ын хамгийн том албан тушаал нь өөрөө Их чуулган. Хурал хийхдээ тамгатай байх ёстой гэсэн ойлголт бол хууль мэдэхгүй хүмүүсийн л яриа. Тогтоолоор бүх зүйл баталгаажаад явдаг.Тогтоолоо албажуулахад л болно. Цаашид тамгаа авч зугтаадааг дарга нарын жишгээр тамга өгөхгүй гэж нэлээд зүтгэх байх. МАХН-ын даргаас Н.Энхбаярыг чөлөөлчихсөн учраас энэ тамгаар бичиг баримт албажуулах нь гэмт хэрэг болж хувирна. Тийм учраас тамгаа ашиглахгүй байвал сайн байна гэдгийг хэвлэлийнхнээр дамжуулан хэлмээр байна.
-Тэгэхээр та бүхэн намаа шинээр бүртгүүлж, тамгаа дахин гаргуулна гэсэн үг үү?
-Монгол Улсын хуулийн дагуу Улсын дээд шүүх дүрмийн өөрчлөлтөө хийгээд, даргаа албажуулаад явдаг. Тогтоолоо бид хуулийн дагуу 10 хоногийн дотор Дээд шүүхэд материалаа хүргүүлэх учиртай юм.
Ж.МЯДАГБАДАМ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН