Б.Хурц, С.Баяр нараар "амьсгалсан" өдрүүд
Өнгөрсөн долоо хоног улс төрийн хүрээнд халаа сэлгээ хийгдсэн үйл явдлаар дүүрэн өдрүүд болж өнгөрлөө. УИХ-ын чуулган хаалттай хуралдаж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо. Мөн Их Британи, Умард Ирдандын нэгдсэн улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. Нийгмийн хүрээнд иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталсан юм. Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.
УИХ-ын чуулган хаалттай хуралдаж Б.Хурцыг элчин сайдаар томиллоо
Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо. Энэхүү томилгоог эсэргүүцсэн гишүүд нээлттэй сонсгол зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байсан ч эрх баригчдын олонх нь Б.Хурцыг дэмжив. УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай болж, Б.Хурцыг Элчин сайдаар томилсон бол түүний эсрэг нээлттэй хэлэлцүүлэг ч Төрийн ордонд болсон. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг нар оролцож, Б.Хурцтай холбоотой санал гомдлыг сонсож, үзэл бодлоо илэрхийллээ.
Засгийн газар: Ихэр хүүхэд тус бүр нэг удаа нэг сая төгрөгийн тэтгэмж олгоно
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг үндэслэн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт 3 сая төгрөг байхаар тогтоож, журмыг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хуулиар гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг улиралд 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах "Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэж тусгасны дагуу УИХ-аас энэ оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх юм.
С.Баярыг эгүүлэн татахыг дэмжив
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн долдугаар сард Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн билээ. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг дэмжжээ. Элчин сайдыг эгүүлэн татах шийдвэрийг УИХ-аар эцэслэдэг. Одоогоор УИХ С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татах тов тодорхойгүй байна.
"Болор цом"-ын эзэн М.Отгонбаяр
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг "Болор цом" яруу найргийн наадам өчигдөр Говь-Алтай аймагт боллоо. Энэ жилийн "Болор цом"-ын эзнээр М.Отгонбаяр "Ижийдээ нас гуйсан" шүлгээрээ түрүүлсэн юм.
Бүлэглэн дээрэм үйлддэг таксины жолоочдыг илрүүлжээ
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас бүлэглэж бусдыг дээрэмдэж, эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг байсан таксины жолооч нарыг илрүүлж саатуулжээ. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Жолооч нар баяр ёслолыг далимдуулан шөнийн цэнгээний газраар үйлчлүүлээд гарч ирсэн биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйчүүдийг их найрсгаар угтаж аваад гэрт нь хүргэж өгөх замдаа өөр газарт аваачиж эд зүйлсийг нь дээрэмдэж, улмаар бие махбодид нь халдаж хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байна. Тиймээс шинэ жилийн баяраа тэмдэглэсэн иргэд маань найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийг сонгож үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээний зардалд 100 сая төгрөг хэрэгтэй гэнэ
Монголын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн БНСУ-д шинжилгээ өгч, ходоодны хорт хавдар гэж оношлогджээ. Эдүгээ 73 настай эрхэм Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардал 100 илүү сая төгрөг болж байгаа аж. Хэрэв эмчилгээний төлбөрөө олбол ирэх оны нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд орох боломжтой гэнэ. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн " 73 насаллаа даа.Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав, Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа, Ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины юмнууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаам. Хадгалсан юм байх биш. 1 сарын 10-нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцнаа, ууландаа нэг мөргөе" хэмээжээ.
Гоё Монгол: Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарлаа
"Авьяаслаг Монголчууд" шоуны оролцогч Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд" шоунд оролцож финалын шатанд шалгарч шилдэг 9 оролцогчийн нэгээр тодорсон. Тэрбээр өчигдөр санал хураалт дуусч дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Сэтгэгдэл байхгүй байна.