Н.Номтойбаяр: Эмэгтэй 48, эрэгтэй 53 насандаа тэтгэвэрт гарах эрх нь нээгдэнэ. Сонголтыг иргэд өөрсдөө хийнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнөөдөр /2017.06.30/ сэтгүүлчдэд хандаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, энэ өдрүүдэд УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж буй буй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслүүдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. Мөн маргаашнаас хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. Тэрбээр,
"Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцсан асуудлын хүрээнд УИХ, Байнгын хороон дээр хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрлэх шатандаа явж байна. Үүнтэй холбогдуулаад буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаатай холбогдуулж тайлбар мэдээллийг дараах байдлаар та бүхэнд хүргэе.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн зорилт тусгасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг Байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, шийдвэрлэсэн. Энэ хуулийн хүрээнд бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх босго 20 жил, хувь тэнцүүлсэн бол 10 жил, хэрэв 10 жил хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг зохицуулалт бүхийн даатгалын тогтолцоог өөрчилж байгаа юм. Энэ тоо бол хэвээрээ үлдэх юм. Учир юунд байна гэхээр Нийгмийн даатгалын тухай хуулиар эмэгтэй 30, эрэгтэй 35 жил болгож байгааг хүмүүс андуурч тэтгэвэрт гарах хугацаа нь 10, 15 жилээр нэмэгдчихлээ гэж буруу ойлгоод байгаа юм. Тэгэхээр 20 жил хэвээр хадгалагдана гэдгийг тодорхой болголоо.
Эрэгтэй 35 жил, эмэгтэй 30 жил нийгмийн даатгал төлнө гэдэг асуудал практик дээр буухаар эмэгтэй хүн 48 насандаа тэтгэвэрт гарах бололцоо нээгдэж байгаа бол эрэгтэй нь 53 насандаа эрх нээгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 60, 65 гэдэг настай харьцуулахад нас харгалзахгүйгээр 30, 35 жилээр тооцож тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байна гэдгийг хэлье. Тэгэхээр тэтгэврийн насыг 1-2 жилээр нэмэгдүүлэх нь хэвээрээ. Гэхдээ энэ хуулийн хүрээнд иргэд өөрсдөө 30, 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр бас нэг хувилбарт сонголт бий болж байгаа юм.
Энэ хуулиар зөвхөн настай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа гэж буруу ташаа ойлгосон байна. Нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлж шимтгэлийн орлогын бааз суурийг өргөтгөх хөшүүргүүд оруулж өгсөн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл гэж ойролцоогоор 860 орчим тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийн хүүг бууруулахтай холбогдуулаад олон нийтийн дунд мэдээллийг сайн тараасан. Үүнийг олон нийтийн өмч болгож хуульчилж өгч байна. Өөрөөр хэлбэл, миний, таны, бид бүгдийн хуримтлал үүсгэж өгч байгаа шимтгэл бол олон нийтийн өмч гэсэн үг. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг үзэгдлийг таслан зогсоож сангийн чөлөөт үлдэгдлийг дан ганц арилжааны банкинд хадгалуулдаг, илүү эрсдэл багатай байлгах эрхийг нээж өгөх юм. Арилжааны банкуудад үндсэндээ нийгмийн даатгалын үндэсний дарга, гишүүд хадгаламжийн дундаж хүүгээс бага хүүтэй хадгалуулдаг байсан. Жишээ нь, хадгаламжийн дундаж хүү 15 хувь байхад 9 хувиар тооцож байршуулаад, 6 хувийн хүүг алдагдуулдаг байсныг энэ Нийгмийн даатгалын ерөнхий хуулиараа зохицуулалт хийсэн. Даатгуулагч тэтгэврийн наснаас хойш ажиллаж болно. Гагцхүү тэтгэврийн насанд хүрсэн иргэний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг асуудлыг болиулсан. Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг тусгасан. Жишээлэхэд, даатгуулагч бүр олон улсад сошиал секүрити гэж нэрлэдэг нийгмийн даатгалын дугаартай болно.
Хоёрдугаар асуудал юу гэхээр Ахмад настны тухай хууль. Маргааш долдугаар сарын 1-нд ач санах агуулга бүхий энэ хууль хэрэгжиж эхэлнэ ээ. Үүнтэй холбогдуулж энэ хуулинд тэтгэврийн хэм хэмжээг тогтоохдоо уг хуулийн 8.3-т тэтгэврийн хэм хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахаар заасан байдаг. Тэгэхээр энэ хууль маргааш хэрэгжиж байгаатай холбогдуулж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж эдийн засагт сэргэлт гарч, тодорхой мөнгөн эх үүсвэр бүрдэж байгаа байдлыг харгалзаж бүрэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгох, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 252 мянган төгрөг болгохоор нийт 162.5 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт дагалдуулж оруулах ажил шат шатандаа шийдэгдэж байгааг дуулгая.
Гуравдугаарт, Цалинтай ээж хөтөлбөр. Хүн амын цонх үеийг хэвээр хадгалах, залуу насны бүтцээ хадгалах үүднээс жирэмсэн эхэд таван сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж сар бүр 40 мянган төгрөг. 0-3 настай хүүхдийн эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж, 4 хүртэлх насны ихрүүдэд хүүхэд бүрийн тоогоор нэг удаад 1-3 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгоно. 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр 240 мянган төгрөг олгож байхаар зохицуулна. Үүнийг тойроод нийгэмд ямар буруу ойлголт байна вэ гэхээр 0-3 гэдгийг андуурч байна. 0-1 настай, 1-2 настай хүүхдүүдэд өгнө гэж ойлгож болохгүй ээ. Нийтдээ 36 сар тэтгэмж хүртэх ийм зохицуулалт шүү.
Өрх толгойлсон эцэг, эх бол Монгол Улсын 780 мянган өрхийн 16 хувийг хамардаг. Мэдээж урьд нь 500 мянган төгрөгийг шинэ гэр бүлд олгож байх үед хийсвэр гэр бүлийн бүртгэлийг хөөсөргөж байсан. Энэ бүхнээс бид маш том сургамж авч тодорхой зохицуулалтыг энэ хуулиндаа тусгалаа. Иймд ямар нэг байдлаар хуурамчаар гэр бүл салах асуудал үүсгэхгүй гэж харж байгаа.
Ихэр хүүхдэд олгож байгаа тэтгэмжийг болиулах нь гэж бас хүмүүс буруу ойлгоод байна. Хоёр ихэр хүүхдэд тус бүр 1 сая төгрөг олгож байгаа бол 3 ихэр хүүхдэд тус бүр 3 сая төгрөг олгож байгаа. Ийм зохицуулалтууд бий. Уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 72 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ" гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн алба
Сэтгэгдэл байхгүй байна.