Хойд хөршид тэмцээнд оролцохоор явж байсан манай өсвөрийн тамирчид авто осолд оржээ. ОХУ-ын Буриад улсын Улаан Үд-Галуут нуур чиглэлийн замд бага оврын автобус хөнгөн тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарсан байна. Хойд хөршийн цахим мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, ослын улмаас хөнгөн тэргэнд сууж явсан зорчигч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан бол хоёр машины жолооч хүнд гэмтэж, бага оврын автобусанд сууж явсан зорчигчдын дөрөв нь мөн гэмтэл авсан гэнэ. Бага оврын автобусанд 15 зорчигч сууж явсны 12 нь Монголын өсвөрийн тамирчид байсан гэж мэдээлж байна.