Зальт улстөрчдийг хүлцэх “тэвчээрийн хүлээс” алдарч байна
"Файнэншл таймс”-ын Монгол дахь сурвалжлагч Лесли Хук 2011 онд бичсэн "Монгол Улс саятнуудын үерт автлаа” хэмээх нийтлэлдээ монголчуудын нийтлэг төлөөлөл болсон Хайдав гуай эсгий гэртээ тухланхан, Засгийн газраас иргэн бүрт олгох сая төгрөгийн тухай мөрөөдөн сууж байгаа, улсдаа нэр нөлөөтэй элит давхаргынхан үүнийг хэрхэн буруушааж байгаа талаар өгүүлж байж билээ. Харамсалтай нь дундыг баримталсан уг нийтлэлд Монголд нэг ам.доллар 1400 төгрөгтэй тэнцдэг (тухайн үеийн ханшаар) гэдгийг л бичихээ мартсан байсан юм. "Хүнд хэлэхэд ч ичмээр дамшиг даа” гэдэг шиг ам.долларт шилжүүлээд үзвэл ичмээр тоо гарах учир тухайн үед нь уншчихаад "Шилжүүлээгүй нь ч болж дээ” хэмээн бодож байж билээ.
Үүнтэй зэрэгцээд КрисДевоншир-Эллис гэгчийн бичсэн "Саятнуудын улс бий боллоо” гарчигтай нийтлэл china-briefing.com цахим хуудсанд тавигдсан. Нийтлэлд Монгол Улсыг маань баруун Европын дайтай нутаг дэвсгэртэй, дэлхийн хэмжээний хэд, хэдэн том ордтой хэмээн хэт дөвийлгөх ялдамд "Энэ улсын хүмүүс 2015 он гэхэд Шанхайн иргэдээс баян болно” гэсэн байв. Шанхай муж нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Хятаддаа толгой цохидог бөгөөд нэг иргэнд 82,560 юань буюу 12,784 ам.доллар ноогддог.К.Д.Эллис нь эдийн засгийн прогнозыг оновчтой хийдгээрээ нэрд гарсан нэгэн гэж байлаа тухай үедээ л.
Энэ хоёр нийтлэл бичигдэж байх үед Монголд эрх баригч намууд "Иргэдэд хишиг хувь олгох бол 2008 оны сонгуулийн гол амлалт байсан, бид түүнийгээ биелүүлсэн” хэмээн ам бардам мэдэгдэж, Монгол Улс зөвхөн энэ амлалтыг биелүүлэхийн тулд тэрбум ам.доллар цацах шаардлагатай болж байгаа талаар ярьцгааж байв.
Долоон жилийн өмнө бичигдэж байсан дээрх хоёр нийтлэл, хоёр нийтлэлч, эрх баригч намуудын хэн нь үнэн хэлж байсныг одоо дэнслэхийг оролдъё.
Лесли Хукийн хувьд харамсах зүйлгүй ээ. Нэг төгрөг 0,014 ам.доллартай тэнцдэг гэдгийг орхисон нь түүний хувьд алдаа биш, бодлогын чанартай байсан ч байж мэднэ. Тэгээд ч тэрээр гадны хүн учир тухайн үед Хайдав гуай шиг сая, сая хүн Тавантолгойн хувьцаа, түүнээс олох ашгийн талаар мөрөөдөж байгаа гэж бичсэн болохоос монголчууд жинхэнээсээ хувьцаагаа авна уу, байна уу ямар ч хамаагүй.
Засгийн эрхийг хууль бусаар авсан намуудтай хариуцлага тооцъё
Ёсзүйтэй улс төрчидтэй улсад төр буруу бодлого явуулж байсныхаа төлөө ард түмнээсээ уучлалт гуйдаг соёл бий. Австралийн Ерөнхий сайд асан Жулия Гиллард 1950-1970-аад оны хооронд төрийн албадлагаар хүүхдээ элэг бүтэн айлд өргүүлсэн ганц бие эхчүүдээс 2013 онд төрийн нэрийн өмнөөс албан ёсоор уучлалт гуйсан жишээ байна. Ж.Гиллард бодлогын золиос болсон эхчүүүдийн өмнө зогсоод "Бид та бүхний эх байх эрх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ариун үүргийг булааж, хүний ёсноос гажууд, ичгүүртэй үйл ажиллагаа хийж байсандаа уучлал гуйж байна” хэмээн хэмээн хэлж, үр хүүхдээ албан хүчээр айлд өргүүлж, насаараа ганц бие явах хувь тавилантай эвлэрэхээс өөр аргагүй болсон эмэгтэйчүүдэд төрөөс нийтдээ таван сая австрали долларын /5.2 сая ам.доллар/ нөхөн олговор олгохоор болсныг мэдэгдэж байлаа. Төр (Үнэн хэрэгтээ бол төрийн эрх баоьж байгаа улс төрийн нам л шүү дээ) алдаа гаргадаг, гэхдээ уучлалт гуйх ёсзүйтэй байж байж, цаашид оршин тогтноно гэдгийг дээр дооргүй ойлгосны хүчинд ийм соёл бий болдог.
Гэтэл манайд байгаа хоёр том улс төрийн хүчин ард түмнийг хуурч, хууль бусаар засгийн эрх авсан ялт хэрэг үйлдсэн атлаа одоо болтол ард иргэдээсээ уучлалт гуйсангүй. Харин ч Эрдэнэтийн хувьцааг тараана хэмээн улам цаашилж байгааг үнэхээр тэвчиж болшгүй.
Ардчилсан нам, Ардын намын хийсэн ёс зүйгүй, төрийн эрхийг хууль бусаар авсан гэмт үйлдлүүдээс жишээ татъя.
Стратегийн ордын жагсаалт гэж бий болгоод монгол хүн бүр энэ ордуудаас хувь эзэмшинэ гэж хуурсан. Стратегийн жагсаалтад багтсан 37 ордоос бүгдээс нь тодорхой хэмжээний хувь эзэмшсэнээр монгол хүн баялгийнхаа жинхэнэ эзэн болно гэж итгүүлсэн. Сэтгэлтэй улс төрийн хүчин бол хэдэн тэрбум ам.доллар хэрэг болох Тавантолгой, Оюутолгой руу зүтгэлгүй, өөрсдийн хүчээр ашиглаж болохуйц жижгэвтэр ордуудаа эхнээс нь босгож болох байсан. Гэтэл тэгсэнгүй.
Худал үгсээр жийрэг хийн төрийн эрхэнд хэдэн жилийг авсны эцэст "Стратегийн ордын жагсаалт гэж байх хэрэггүй юм байна” гэж яриад эхэлсэн. Цагаан Суваргаас эхлээд ордуудыг нэг нэгээр нь жагсаалтаас гаргаж, хувийн хэвшилд өгч буй. 37 ордоос хувь эзэмшиж, Катар лугаа хөгжүүлнэ гэж хуурсан нь МАН, АН гэсэн хоёр улс төрийн хүчин засгийн эрхийн төлөө өрсөлдөөнд үлдэх гэсэн заль мэх байжээ.
Залилуулсан хүмүүсийн сэтгэлийг бодохоос өрөвдөөд, бас хувьцаа хэрэггүй гэсээр байтал амалсанд нь бухимдаад төр засгаас хувьцаагаа нэхмээр байна. Сая төгрөгт багтаж хувьцаагаа үнэлсэн хүмүүст "Та нарт өгдгөө өгсөн” гэж хэлж болох юм. Гэхдээ хувьцаа сонгосон хүмүүст хэлэх үггүй л байгаа шүү дээ. Өнгөн дээрээ МАН, АН, МАХН гэж тэмцэлддэг. Цаагуураа бүгд нэгнийхээ халаас руу хуруугаа дүрж, хэлхэлдчихсэн байдаг. Эргээд харахад ийм л байдаг. Нэг бүлэглэл том дуугарч гарч ирчихээд чимээгүй болдог. Хувьцаагаа авъя. Тавантолгой, Оюутолгой, ... өөр бусад ордынхоо хувьцааг авъя.
2016 оны сонгуульд ялалт байгуулсан МАН мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэж амалсан. Гэвч бүрэн эрхийн хугацааных нь тал нь ч өнгөрөөгүй байхад амлалтаа зөрчлөө. Оны эхнээс долоон төрлийн татвар нэмэгдэж, ард түмний амьдрал тартагтаа туллаа. Одоо болъё. МАН-д хариуцлага тооцхын тулд 2020 оныг хүлээх шаардлагагүй. ОУВС-тай тохиролцож, татвар нэмсэн шийдвэрээ эргэж харахгүй бол ээлжит бус сонгууль зарлая.