Хуульч Д.Оросоо: Татварын нэмэгдэл бол улс төрийн заль мэх, хууран мэхлэлт юм
-МАН олонхи болсон УИХ татвар нэмсэн. Олон нийт эсэргүүцэж байгаа ч энэ шийдвэрээ ОУВС-ийн шаардлага гэж тайлбарлаж байна. Татвар нэмсэн асуудлыг та юу гэж харж байгаа вэ?
Миний ширээн дээр цөмийн бөмбөгийн товчлуур бий гэдэг шиг МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр миний ширээн дээр байна. Энд татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж бичсэн. Хэн ч мартаагүй. Сонгуулийн гол амлалт, сурталчилгаа нь байсан. Гэтэл өнөөдөр МАН долоон төрлийн татвар нэмээд явж байна. Бүгд мэдэж байгаа. Мөрийн хөтөлбөртөө заасан энэ амлалтаасаа МАН засгийн эрх мэдлийг олж авсаны дараа буцаж байна. Үүнийгээ өнөөдөр ОУВС-тай холбоотой гэж тайлбарлаж байдаг ч бодит байдал өөр юм. Бодит үнэн бол МАН анхнаасаа иргэдийн татвар нэмэх замаар төсөв бүрдүүлэх далд санаа зорилготой, тооцоотой байж, харин олон нийтэд бол татвар нэмэхгүй гэсэн худал амлалт өгч байсан нь өнөөдөр ил боллоо. Төсөв бүрдүүлнэ гэдэг амаргүй ажил, харин тэд иргэдийн татварыг нэмэх замыг сонгосон байж. Үүнийгээ биднээс нууж байсан. Энэ бодит байдалтай одоо хэн ч маргахгүй биз. Энэ нь улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт итгэх олон нийтийн итгэлийг нэгэнт үгүй хийлээ. Харин ОУВС бол татвар нэм гэж хэлээгүй юм шүү, та нар төсвийн орлогоо нэмэгдүүлэх аргыг бодож ол гэсэн. Гэтэл МАН-ын ЗГ татвар нэмэх өөрсдийн саналыг гаргасан юм. ОУВС тийм санал тавиагүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол татварын нэмэгдлийн асуудлаар 2018 оны төсвийг өөрчлөхгүй, 2020 оны сонгуулийн өмнө 2019 онд л татварын нэмэгдлийг эргэж харж болох тухай ярьсан. Энэ хооронд ахуй амьдралаа залгуулж яваа дундаж давхарга, цалин авч амьдарч байгаа олон хүн, өрх гэр бүл өндөр татвар төлж ядууралд өртөнө. Энэ нь Засгийн газарт огт хамаагүй бололтой юм. Үгүй л дээ. Энэ бол бодлогын алдаа. Eр нь улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг зөвхөн бүртгэх биш, сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд амлалт, хэрэгжилтэд хяналт тавих, шахалт үзүүлэх тогтолцоо байхгүй байгаа өнөөгийн хуулийн цоорхойг арилгах шаардлагатай гэдгийг нотлож байна. Хууртсан ард түмэн худалчаас салахын тулд дараагийн сонгууль хүртэл 4 жил хүлээнэ гэдэг маш их хохиролтой, энэ хооронд худалч нь хумсалсаар байгаад хулгайч болж зэрэг зиндаа дэвшиж байна. Асуудлыг одоо шийдэхгүй бол цаашид сонгуулиар худал амалдаг, сонгуулийн дараа амлалтаа хаяад дур зоргоороо ажилладаг зүйл манайд хэвийн үзэгдэл боллоо. Энэ бол ардчиллын чанарыг үгүй хийж, улс төрийн хууран мэхлэлт тоглоомын гол дүрэм болж хувирсан гэдгийг дахин дахин сануулаад байна. Өнөөдрийн Улаанбаатар хотын утаа, манай засаглалын чанар хоёр адил юм.
Тэгвэл яах ёстой вэ ?, ийм байдлаар цаашид яваад байх уу ?.
Одоогоор Улсын дээд шүүх улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэдэг, харин сонгуульд ялсаны дараахь хэрэгжилтийн хяналтын мeханизм байхгүй. Улс төрийн нам сонгуульд ялж гарсаны дараа амлалтынхаа эсрэг зүйл хийх нь анхнаасаа иргэдийг хууран мэхлэж, Засгийн эрх мэдлийг луйвардаж авч байгаа л хэлбэр юм. Түүнээс өөр юу ч биш. Ийм улс төрийн нам олширвол улс орныг цаашид тун хүнд байдалд оруулна, ард түмэн өнөөдөр юунд итгэх учраа олохгүй боллоо, ийм нам, улс төрийн хүчинг тараах, улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах зэргээр ардчиллыг хамгаалах нь зөв. Тэгэхгүй бол ардчилал хууран мэхлэх, худал амлах талбар болж хувирч байна. Татварын нэмэгдэл бол нотлох баримттай, нийтэд илэрхий байгаа улс төрийн сонгодог заль мэх, хууран мэхлэлт юм. Хохирогч нь Монголын ард түмэн. Монголчууд бид ийм зүйлтэй тэмцэхгүй, дуугүй өнгөрүүлж, дэндүү номхон байна, хонь шиг номхон ард түмэн чоно шиг засаг төрүүлдэг гэдэг үг бий. Бид энэ асуудлыг байнга ярьж сануулж олон нийтийн мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй, ингэж байж эрх баригч нарын үзэл бодол, шийдвэрт нөлөөлнө, ярьж хэлэлцэхгүй бол энэ зүйл мартагдана, олон нийт шахаж шаардахгүй бол эрх баригч нар амлалтаасаа байнга буцах хандлагатай байдаг. Бид байнга амлалтыг нь шахаж шаардах хэрэгтэй. Эцсийн эцэст өөрсдийнх хэлсэн, амалсан зүйлийг нь шаардаж байгаа. 97 жилийн түүхтэй, ууган нам ийм богинохон ой санамжтай байж болох уу.
Татварын шинэ хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах, түдгэлзүүлэх, эсвэл шинэчлэн батлах боломж байна уу.
Нэгэнт УИХ-аас батлаад хэрэгжиж эхэлсэн хуулийг түдгэлзүүлэх боломж байхгүй. Харин сонгуульд оролцохдоо худал амлалт өгч, иргэдийг хуурч мэхэлсэн улс төрийн намд хариуцлага тооцох асуудлыг хөндөх ёстой. Татвар нэмсэн нь "улс төрийн нам сонгуулиар юу ч амлаж болно, Засгийн эрхийг аваад юу ч хийж болно” гэсэн маш бүдүүлэг, буруу соёлыг Монголын эмзэг ардчилалд гүнзгий суулгаж өглөө. Ийм л зүйл яваад байгаа учраас эрх баригч нарт олон нийт итгэхгүй байгаа юм.
Нэгэнт батлагдсан хуулийн хувьд хууль санаачлагч тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл уг хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах эрх нээлттэй.
Татвар нэмж амлалтаасаа буцсан гэж МАН-г буруутгасан ч тэд ОУВС-г урдаа барьж, нөхцөл байдал бидний сонгуулийн үeд төсөөлж байснаас өөр байсан гэсэн тайлбар хэлж байна.
Төсөөлөлөөр биш, тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөрөөр сонгуульд өрсөлддөг биз дээ. Энэ бол зүгээр л итгэл эвдсэн хэрэг. Олон түмнийг хүндэтгэхгүй байна гэсэн үг. МАН юу гэж ч тайлбарласан сонгогч ард түмэн мөрийн хөтөлбөрөө л барина. Улс төрийн сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөр бол ард түмэнтэй байгуулсан гэрээ юм. Ард түмэн гэрээгээ дүгнэж, дүнгээ тавина.
Улс төрийн намын тухай хуульд мөрийн хөтөлбөрөөсөө буцсан, худал амалсан нь тодорхой болсон намд тооцох хариуцлагыг хуульчилсан уу ?
Байхгүй. Тиймээс одоо улс төрийн намын тухай хуулийг яаралтай шинэчлэхгүй бол олон нийт цаашид улс төрийн сонгуулийн худал амлалт, хууран мэхлэлтийн золиос болсоор байх болно. Улс төрийн нам ч зөв төлөвшиж чадахгүй. Ардчилал бол худал ярьж, хуурамч амлалт өгсөн нь засгийн эрх барьдаг тогтолцоо биш. Өнөөдөр ардчиллын чанар муудаж, ядуурч гажуудаж байна. Сүүлийн жилүүдэд манай ардчилал дүр эсгэсэн, өнгөц, шоудсан хэлбэр төдий болсон, мөн чанарын хувьд хүчтэйхэн "салхи, бороонд ч тэсэхгүй” хэврэг, чанар муутай "барилга” шиг болж, өмнө олж авсан дэвшил, ололтоосоо байнга ухарч, урагш явдаггүй, дэвшил гардаггүй, бүтээлч биш, ардчиллын шимэгч хорхойндоо идэгдсэн "хэрүүл тэмцэл, хулгай дээрмийн ардчилал” боллоо. Хүн төрлөхтөний түүхэн ололт болсон ардчиллын зөв замыг олж сонгож чадсан хэдий ч хамгийн арчаагүй ардчиллын тод жишээ болоход тун ойрхон хүрч ирээд байна. Ер нь манай ардчилалд үүсээд буй гол хүндрэл нь улс төрийн намаас зохион байгуулалтай хийж буй төрийн албыг үнэлж мөнгөөр худалдах, сонгуульд худал амлалт өгч гарч ирэх, төрийн дээр нам гарсан, хуулийг үгүйсгэх үзэл, нам, төрд бугшсан клeинтизм зэрэг бусармаг үйлдлээс шууд хамаарч байгаа юм. Тиймээс ардчиллаа чанаржуулж хамгаалъя гэж байгаа бол улс төрийн намын тухай хуулийг яаралтай шинэчлэх, нийгэмд хариуцлагатай байх, хууль хэрэгждэг тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй юм.
Улсын дээд шүүх улс төрийн намыг тараах боломжтой юу?, ямар үндэслэл бий вэ ?
Тараах боломжтой. Улс төрийн намын тухай хуулийн 21.2-д улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, улс төрийн намын тухай хуульд нийцэж байгаа эсэхэд Улсын дээд шүүх хяналт тавьдаг. Мөн хуулийн 23.2-т Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах зэрэг тохиолдолд Улсын дээд шүүх улс төрийн намыг тараах шийдвэр гаргах эрхтэй.
Сэтгэгдэл байхгүй байна.