Шүүгчдийг "тархиддаг" Хаан банк иргэдийн итгэлт анд мөн үү
Монголчуудын чамгүй хэсэг нь "Хаан банк"-ийг сонгон үйлчлүүлдэг. Тус компанийн хувьцааны 41 хувь нь гадны эзэмшилд байдаг бөгөөд Монгол шүүгчид гадны гар хөл болсон хэмээн дүгнэсэн сэтгүүлч, хуульчид болон судлаачид хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийсэн.
Тус хурал дээр "Хаан банк" 174 шүүгчид 1 хувийн хүүтэй орон сууцны зээл олгосон бөгөөд шүүхээр орсон 34 хэрэг бүгд тус банкны талд 100 хувь шийдэгдсэн талаар дурдсан байв. Мөн"Хаан банк танай ажилчдын зээлийг шийдэж өгсөн учир хэргийг нааштай шийдэж өгөөч ээ" гэсэн утгатай албан бичиг явуулж тохиролцоо хийдэг талаар ч мөн дурдав. Өмнө нь шүүгчид хэдэн төгрөгийн авлига авдаг тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зарлаад авсан удаатай.
Монголын шүүх улстөр, эдийн засгийн бүлэглэлээс хараат байх ёстойн шалтгааныг хэн хүнгүй мэдэж буй. Тиймээс ч төсөв мөнгө хэцүү, эдийн засаг таагүй байхад шүүгчдийн цалинг нэмэх асуудлыг парламентаар хэлэлцээд шийдэж байсан. Харамсалтай нь итгэл найдвар өгөөд илүү боломж олгоод байдаг шүүх байгууллага маань Хаан банкнаас хараат болсон уу гэдэг хэн бүхний анхаарлыг татаж буй.
Угтаа Сар шинэ болон бусад томоохон баяр ёслолын үеэр ганц, хоёрхон салбараа нээчихээд бусад салбараа хаагаад "Алтан" карттай хэрэглэгчид л үйлчилнэ гэдэг Хаан банкныхан иргэдийн итгэлт анд мөн үү? Хэрвээ уриан дээрх гоё ганган үг шигээ үйлчилдэг бол иргэд дандаа бухимдахгүй шүү дээ.
Хаан банкны тухайд Монгол Улс даяар нийт 537 салбар нэгжтэй. Үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк гэх тодотголыг өөртөө зүүдэг. Гэсэн ч үндсэн хөрөнгө оруулагч нь Япон улс дахь "Савада Холдингс” компани. Тус компани 2003 онд тендерт оролцонбанкны 100 хувийн хувьцааг авч байсан аж. Харин дараа нь "Таван Богд Трейд” ХХК-д нийт хувьцааныхаа 40%-ийг худалдаж, 2006 онд банк нэрээ өөрчлөн Хаан банк болж байсан юм.
Тэгвэл сүүлийн мэдээллээс үзэхэд Хаан банкны үндсэн хувьцааны 41,3 хувийг Японы тал, 11,3 хувийг Хонконгийн компани, "Таванбогд" компани 22,96 хувь,Олон улсын санхүүгийн корпораци 9,32 хувь, Б.Хулан гэж эмэгтэй 16,32 хувийг эзэмшдэг гэсэн мэдээлэл байгаа юм. Гол нь шийдвэр гаргах мэдэл гадны нөхдүүдийн гарт байна.
Тэгэхээр Хаан банк болон Монголын шүүх байгууллагын хооронд үүссэн энэ "дотно” харилцаанаас болж хэчнээн иргэн, байгууллага хохирсон байж болзошгүй вэ гэдэг асуулт гарч ирж байна. Гол нь Хаан банк, Шүүх хоёрын харилцааны цаана нуугдаж байгаа асуудлыг хэн тогтоож, шүүх вэ гэдэг нь сонирхол татаж байна. Хэрэв Хаан банк шүүгчдэд 1 хувийн хүүтэй зээл олгосон нь тогтоогдвол авлигын асуудал төдийгүй иргэдийн банкинд итгэх итгэлийг эвдсэн зэрэг маш олон асуудал урган гарч ирэх юм.
http://www.imedee.mn/read/236a4d3c
Сэтгэгдэл байхгүй байна.