Г.Баасан: "Транспэрэнси интернэйшнл" байгууллага Монгол Улсыг доромжилж, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдлаа
АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Бид өнөөдөр АТГ-ын хугацаа нь дууссан Х.Энхжаргал даргын асуудлыг ярих гэж байна. Энэ хүн Монголын авлигачдыг хамгаалсан сүүлчийн найдвар байсан юм уу гэж үзэхээр асуудал өнөөдөр өрнөж байна.
АТГ-ын дарга сайн ч ажилласан бай, муу ч ажилласан бай хуульд заасан хугацаа нь дууссан. Нэгэнт хуулийн хугацаа дууссан учраас дараагийн асуудал яригдах нь хууль ёсных. Г.Баасан улс төрийн агуулгатай зүйл ярьж байна гэсэн буруу ташаа мэдээллийг өнөөдрөөс таслан зогсоох ёстой. Х.Энхжаргалын оронд хэн ч байсан хугацаа нь дууссан бол адилхан асуудал яригдах байсан гэдгийг сэтгүүлчид маань цаашаа зөвөөр нийтэлнэ гэж найдаж байна.
АТГ бол Монголын авлигачдад гишгэх газар өгөхгүй, тэдэнд амьсгалах боломж өгөхгүй байх ёстой. Гэтэл Монгол Улсын авлигад идэгдсэн улсууд зөвхөн дотооддоо биш гадаадуудтай нийлж юу ч хийхээс буцахгүй байдалд хүрсэн байна.
Үүний тод илрэл нь 2015 оны наймдугаар сарын 15-ны өдөр огцорч байсан Н.Алтанхуяг сайдыг "Транспэрэнси интернэйшнл" байгууллагаас АТГ-ын татан буулгах хуулийн санаачилга гаргасан гэж гүжирдэж байсан. Одоо гурван жилийн дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд хугацаа нь дууссан АТГ-ын даргын асуудлыг ярьсан Монгол Улсын Ерөнхийлөгч рүү тус байгууллага дахин хандсан байна.
"Транспэрэнси интернэйшнл" байгууллагыг бид дэлхий дахиныг авлигаас аврах гэсэн байгууллага гэж хардаг. Харин дээрх хоёр үйлдлээс нь харахад тусгаар тогтносон улс руу халддаг, тэр улсын төрийн өндөр албан тушаалтнуудын гаргасан шийдвэрт эгдүүцдэг байгууллага болж хувирсан юм биш биз гэж анхаарал татаж байна.
Тодруулбал, АТГын даргын солигдох хугацаа болсон, авлигатай тэмцэхийн тулд гэрч, хохирогч нарыг хамгаалах ёстой гэж зарлиг гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчид Транспэрэнси интернэйшнл байгууллагаас мэдэгдэл хүргүүлээ гэсэн мэдээ тарсан. Тэд авлигын хүчийг сулруулж, хүчин чармайлтыг бууруулсан үйлдэл төдийгүй "АТГ-т аюул занал учирлаа” гэх утга бүхий сүржин мэдэгдэл хийсэн. Энэ бол нэгдүгээрт тусгаар тогтносон Монгол Улсыг доромжилж байна. Хоёрдугаарт Монголын ард түмнээс сонгогдож гарсан Ерөнхийлөгчийн нэр төрд халдаж байна.
Тиймээс ямар шалтгаанаар ийм мэдэгдэл гаргах болсныг нь тодруулахаар манай Олон нийтийн зөвлөлөөс "Транспэрэнси интернэйшнл" байгууллагад албан ёсны захидал бичихээр болсноо мэдэгдэж байна.
Монголын АТГ-т хэзээ аюул учирсан юм бэ? АТГ дөнгөж байгуулагдаад тун удаагүй байхад буюу 2007 оны аравдугаар сард Австралид болсон олон улсын хуралд АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн гэж хүн оролцсон. Энэ хүн тэр хурлаас амьд эргэж ирээгүй. Хоёр нүдээ ухуулсан шарил нь Монголд эргэж ирж байсан. Шарил нь ирээгүй байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн тэр хүний шарилыг ч үзээгүй байж шинжилгээний дүгнэлт гаргаж байсан ноцтой юм байгаа. Мартагдаагүй.
АТГ-т аюул учирсан үе тэр л байсан. Энэ үед "Транспэрэнси интернэйшнл" байгууллагаас дуугараагүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр ажлаа муу хийж байгаа, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигад өртөхөд маш ойрхон, ер нь өртчихсөн байх боломжтой, тэгээд хуульд заасан хугацаа нь дуусчихсан даргын асуудалд, Монголын дотоод асуудалд ингэж оролцож байгаа нь маш их анхаарал татаж байна.
Монгол Улсын байгалийн баялаг руу шунасан гадаад, дотоодын авлигачид зүсээ хувиргаад, үгсэн нэгдээд тусгаар тогтносон Монгол Улс руу халдаж байна гэж бид үзэж байна.
Манай улсад "Транспэрэнси интернэйшнл" байгууллагын салбар бий. Энэ байгууллагыг удирдаж байгаа хүн нь Төрболд гэж хүн байгаа. Энэ хүн манай олон нийтийн зөвлөлийн өмнөх Олон нийтийн зөвлөлийн дарга байсан хүн юм. Тэгэхээр Монголд байх салбараас нь ерөнхий "Транспэрэнси интернэйшнл" байгууллагадаа худал, ташаа мэдээлэл өгсөн байх, санаатайгаар, зориудаар буруу ойлголт өгсөн байх гэж хардаж байгаа юм” гэлээ.
Б.БУРМАА