“БАЙ” НЬ Ц.НЯМДОРЖ
-Э.Бат-Үүл рүү шидсэн чулуунд Ц.Нямдорж оногдчихов уу-
Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэгэн адил "Цензургүй яриа” нэвтрүүлэгт баримтаа тэврээд очих шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, "ажиллагаанд орсон” гэсэн үг. Тэр "ажиллагаа”-нд хүссэндээ очдоггүй, хүчинд автсан эсвэл хүсэл зорилго нийлсэн хүн очдог. Ярихыг нь бүгд анхааралтай үздэг. Үзсэний дараа дүгнэж шаагидаг, нууцыг задалдаг. Харин хариуцлага хүлээдэггүй. Зарчим ойлгомжтой юу. Тэгвэл зорилгодоо оръё. "Ц.Нямдорж бол аймаар хүн”. Тэр хууль зөрчдөг Хууль зүй, дотоод хэргийн сайд. Ийм сайдтайгаар шударга ёсны төлөө явна гэж байхгүй”. Ингээд л болоо.
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагчаас бусдыг зарлалаа. Улсын ерөнхий прокурорын газар шийдвэрээ "Цензургүй яриа” нэвтрүүлэгт баримт "нийлүүлж” байгаад хамгааллаа. Товчхондоо "зохиомол биш хэргийг зохиомол хэрэг гээд байвал зохиомлоор шийтгэнэ” гэсэн агуулга анзаарагдав. Учир нь, уг хэргийг илрүүлэхэд саад учруулсан эсэхийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа гээд УИХ-ын гурван гишүүн, хэвлэл мэдээллийнхэнтэйгээ холбогдоод байгааг дуулгалаа. Засгийн газрын зарим гишүүнийг унагаах "ажиллагаа” гээд хөгийн бүдүүвч тэнүүчилж явсан нь саяхан. Сонирхолтой нь тэр "зураг”-ийн дагуух ихэнх "ажиллагаа” амжилттай болсон. "Хотгор шанага”-ын дараа Ц.Нямдорж сайдыг онилсон байсан байх аа.
Ерөнхийлөгч Увс аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын өмнөхөн Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөх байтал болиулсан л гэнэ. Улаанбаатарт Ц.Нямдорж сайдыг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй хууль бусаар танилцсан мэтээр хариуцлагатай албаны эх сурвалж мэдэгдэл хийлээ. Уг нь С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Ц.Нямдоржоос илүү Э.Бат-Үүл илүү хамааралтайгаар дурдагдаж 20 жил тарчилж яваа. Гэхдээ Э.Бат-Үүл цаазын ял, барилгын цэргийн талаарх "шинэ бодлогыг” эсэргүүцсэн. Түүгээр ч барахгүй "Би Ерөнхийлөгч Баттулгын Монголыг буцаан 'Зөвлөлтийн колони' болгох гэсэн санаархлыг эсэргүүцэж байгаа нь үнэн. Монголын олон тулгуурт гадаад бодлогыг нураах гэж байгааг эсэргүүцэж байгаа нь үнэн. Монголыг ганц тулгууртай улс болгох гэж байгааг эсэргүүцэж байгаа минь үнэн” хэмээн хашхирсан юм.
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн талаар хаалттай бүхнийг нээж ярих сургаар Э.Бат-Үүлийг баримттайгаар баалах нь гэж төсөөлж байтал улиг балагт саарал малгайнаас бусдаар "тамласангүй”. Харин "бай” нь Ц.Нямдорж байсныг л ойлгож үлдлээ. Гэхдээ тэд ганцхан ийм ярилцлагаар "ажиллагааг” дуусгахгүй. "Бусад бүлгийнхэн”-тэй хамтарч түүнд наах ажиллагаа мундахгүй бий. Түүнийгээ ч зэхэж байгаа сурагтай.
Харин нэг л зүйлийг ойлгосонгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд яагаад энэ хэрэгтэй танилцаж болохгүй гэж. Яагаад татаж аваад л шалгачихад гэмтэн болж бараг л хулгайлаад танилцчихсан мэт буруутаад байгаа юм бол. Тэр өмнө нь "манайх зурагтгүй” гэсэн шигээ марзганаад өөрөөсөө зайлуулсан бол өөр нэг муу нэр дуулах л байсан. Товчхондоо Хууль зүй, дотоод хэргийн сайд, прокурорын байгууллагын хооронд хаясан энэ "яс” У.Хүрэлсүхийн "хоолойд” очиж тээглэх ёстой бололтой. Сангийн сайдаа, Хууль зүй, дотоод хэргийн сайдтайгаа хавтаст хэрэг нээлгээд цаашаа ажиллах боломжтой гэж үү.
Харин Б.Содномдаржаагийн согтуурхал, Б.Булганы салаавч, Т.Чимгээгийн захиа тэргүүтэн бол чимэг байсан төдийгүй зөвхөн "Цензургүй яриа”-г чимж Хууль зүй дотоод хэргийн сайдаас ч "нууж” авчирсан бэлэг байв. Энэ бэлгийн үнэ Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн суудалд ч хүрч мэднэ. Сонгууль нь дөхөж байгаа шүү дээ. Сайн сэтгүүлч, сайн хуульч хоёрын сайн нэвтрүүлгийн үр дүн муу байх ёсгүй болов уу.
Сэтгэгдэл байхгүй байна.