Ташуурдахын оронд татаж унагах “дон”
Монголын хөгжлийн хоцрогдлын шалтгаан нь засаглалын тогтворгүй байдал гэдгийг урд өдөр нь Эдийн засгийн форум дээр амтай болгон ярив. Харин маргааш нь буюу 23-ны өдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаж, Засгийн газрыг, тэр дундаа овоо хараандаа онилоод байгаа хоёр сайдыг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэв.
Манай улс төрчдийн ой санамж ийм ахархан болчихсон юм уу хаашаа юм, өчигдөр ярьсанаа маргааш нь мартчихдаг юм байна.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүр хадуурч дээрхи хоёр сайдыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах боломжтой гэв. ҮХЦ-д хандах гээд байгаа шалтгаан нь энэ аж. Тийм нэг гарц гаргах гээд байгаа юмуу аль эсвэл боломж байж болно хэмээн тооцож байгаа юу.
Сөрөг хүчин гэхээр л огцруулах тухай ярьдаг байж болох уу. Ийм жишиг Монголын улс төрд хэв шинжит үйлдэл болж тогтож байна. Сөрөг хүчин гэдэг өргөн утгаараа улс орны эрх ашгийн төлөө хамтрах, хальтирахад нь түшиж, хазайхад тулах хамтрагчийг хэлдэг баймаар. Гэтэл яахаараа нийтийн эрх ашиг бус, зөвхөн өрсөлдөгчийн нүдээр харж, өшөө хорсол ханхлуулахаа сөрөг гэж тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй. Бусдын жишгээр бол улстөрийн соёл, хэм хэмжээ гэж байдаг юм шиг байна лээ. Гадаад дотоод явж, туршлага их судалснаараа манай улс төрчид үүнийг гайхалтай сайн мэддэг байлгүй дээ.
Улс орны хэмжээнд хэдэнтээ засаглаж, юм үзэж нүд тайлсан намын хувьд АН-ынхан улс орны эрх ашгийн асуудлаар шинэ сэргэг шийдэл, хөгжлийн боломжит хувилбаруудын гаргалгааг олж, сөрөг хүчинтэйгээ "сөргөлдөж” байгаа бол гоё харагдах байлаа. Хэдий болтол нэг ийм огцруулах асууудлаар тулга тойрон цам харайх юм бэ.
Ардчилсан намынхан энэ хаваржин Засгийн газрын хоёр сайдыг эсвэл бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай ярилаа. Хусмаа чамалсан хүүхэд шиг л дахин дахин яриад байна. Тэд энэ саналаа анх дөрөвдүгээр сарын эхээр гаргаж тавьж байв.
Ардчилсан Намын араанд зуугдсан тэр хоёр нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар. АН огцруулах үндэслэлээ "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хагас жил өнгөрч байгаа ч хэл ам татсан олон асуудал гаргасан. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах бичиг өргөн барьж байна.
Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой олон асуудал гардаг. Хамгийн наад зах нь гэхэд төсвийн тухай хуулийг зөрчиж, тодотгол хийхгүй яваа нь буруу. Ц.Нямдорж сайдын тухайд Г.Алтантай эрх ашгийн хувьд холбоотой юу. Төрийн өндөр албан тушаалтан түрээсийн байранд амьдарч байгаа нь магадлах ёстой асуудлуудын нэг гэж бид харж байгаа” гэж тайлбарлаж байв.
Монголын хууль тогтоох дээд байгууллагад бүлгийн хэмжээнд ажилаж байгаа сөрөг хүчний үндэслэл тайлбар гэхэд дэндүү ядмаг, арга ядсан байдалтай. Төрийн сайд хүн түрээсийн байранд амьдрах, эсвэл өөрийн байранд амьдрах нь Монголын улс төрд тийм чухал уу.
Сангийн сайд нь нэгэнт төсөвлөгдөж хуваарилагдсан санхүүгийн эх үүсвэрээ ашиглаад хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлэх нь гэмт хэрэг үү, эсвэл эерэг шийдэл үү.
Ном журмаараа бол Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд нь санал болгож, УИХ баталж томилдог. АН-ынхан нэр бүхий хоёр сайдыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ процесс нь өөрөө хууль зүйдээ хэр нийцэж байгаа юм бол.
Нөгөө талаасаа нэр бүхий хоёр сайдыг буруутай гэдгийг хэн ч нотлоогүй. Шүүх буруутай гэдгийг тогтоогоогүй байхад хэн нэгнийг буруутан хэмээн цоллох нь бас хүний нэр төрд халдсан хэрэг болно. Энэ тухайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "АН-ын бүлэг зарим сайд нарыг огцруулах шаардлагыг тавьсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд Засгийн газар шийдвэр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай холбоотой асуудал шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй” гэсэн хариултыг хэвлэлийнхэнд өглөө. Энэ бол АН-ынхны хүлээгээд байгаа тэр хариу байх.
Гэтэл яг үүнтэй зэрэгцэн АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Х.Хүрэлбаатар нарыг огцруулах шаардлагын хариу авах хугацаа дууссан тул цаашид хэрхэх тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Хурлын дараа АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийж "Бид ингээд зогсчихгүй. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана. Дан ганц энэ хоёр сайдын асуудал биш. Цаашдаа бусад эрх ашгийн зөрчил гаргаж байгаа сайд нарын асуудлыг ч бид сөхөж ярина” гэлээ. Түүнчлэн АН дээр хоёр сайдын асуудлаар хуульчдын баг ажиллаж байгаа гэдгийг тэр дуулгалаа.
УИХ дахь АН-ын бүлэг хэрэв хоёр сайдыг огцруулах шаардлагыг хүлээж авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина хэмээн "айлгаж” байсныг бодвол энэ удаад шаардлагаа арай зөөлрүүлжээ. Гэхдээ хоёр сайдын асуудал энэ зунжингаа үргэлжилж, магадгүй намрын чуулганаар үргэлжлэн дуншиж болзошгүй.
Улс орны хэмжээнд хэдэнтээ засаглаж, юм үзэж нүд тайлсан намын хувьд АН-ынхан улс орны эрх ашгийн асуудлаар шинэ сэргэг шийдэл, хөгжлийн боломжит хувилбаруудын гаргалгааг олж, сөрөг хүчинтэйгээ "сөргөлдөж” байгаа бол гоё харагдах байлаа. Хэдий болтол нэг ийм огцруулах асууудлаар тулга тойрон цам харайх юм бэ.
Сөрөг хүчний хувьд эрх баригчдыг ташуурдахын оронд татаж унагах ийм дон Монголын улс төрд хоноцын сэтгэлгээнээс өөр юу ч үлдээсэнгүй.
М.Нэргүй
Сэтгэгдэл байхгүй байна.