Тавантолгойг ярьсан зургаан “толгой”
С.Баяраас У.Хүрэлсүх хүртэлх зургаан Ерөнхий сайд Тавантолгойн хувь заяаг шийдэх өөрсдийн хувилбар, арга замыг дэвшүүлж ирсэн ч улс төрийн бүлэглэл, талцлаас болж өнөөг хүртэл урагшилж чадаагүйг өнгөрсөн хугацаан дахь "түүхэн товчоон” баталж буй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн мөчид хэнийх нь ч Засгийн газар цаасан дээрх төслийг бодит болгож чадсангүй.Тавантолгойг хөдөлгөх яриа 2008 оноос хойш өнөөг хүртэл 10 жил үргэлжлэх хугацаанд С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын зургаан Ерөнхий сайдын гар дамжсан ч дорвитой хөдөлгөж чадаагүйн илрэл нь энэ удаагийн ээлжит хувилбар юм. 2011 онд Тавантолгойн бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллар буюу нийт ордын нүүрсний нөөцийг 7.4 тэрбум тонн гэж үнэлжээ. Үүний 5.1 тонн нь коксжих, үлдсэн 2.3 тэрбум тонн нь эрчим хүчний өндөр чанарын нүүрс гэсэн үнэлгээ гарсан байдаг. Мөн Тавантолгойн хувьцааны 85.20 хувь төрийн мэдэлд, 486 ААН дээр 0.05 хувь, Монгол Улсын иргэдэд 14.75 хувийн хувьцаа бүртгэлтэй байгаа аж. Харин Тавантолгойг хөдөлгөх ээлж У.Хүрэлсүхийн Засгийн газрын "толгой” дээр ирж өөрсдийн хувилбараа танилцуулаад хэдхэн хонож байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хэлснээр "Тавантолгой төсөл хэрэгжсэнээр жилд 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого орж ирнэ. 5.400 орчим ажлын байр бий болно гэх эхний ээлжийн тооцоо судалгаа гараад байна. Ер нь Тавантолгой төсөл Монгол Улсын хамгийн том төсөл болон хэрэгжинэ. Гадны хөрөнгийн биржүүдийг судлаад хамгийн таатай нөхцөл өгсөн бирж дээр гаргахаар төлөвлөж байна. Хонг Конгийн хөрөнгийн биржээс гадна Шанхайн хөрөнгийн биржийн нөхцлийг манай мэргэжлийн хүмүүс судалж байгаа” гэв. Ийнхүү өнгөрсөн арван жилийн хугацаанд дэлхийн хэмжээний нүүрсний орд Тавантолгойг хөдөлгөх талаар Засгийн газрын тэргүүнүүдийн буюу зургаан "толгойн” хувилбарыг хүргэе.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
С.УЯНГА