Баячуудын хүүхдүүдийн золиос болсон гэх Г.Номуундарь охины хэрэг замхарсан уу
Өнгөрсөн онд Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь "Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан.
Уг мэдээлэл гарсны дараа Г.Номуундарийн аав Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан "2015 оны зургаадугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны … тоотод …… овогтой ………, …. овогтой …….. гэх этгээдүүд миний охин Г.Номуундарьд хүч хэрэглэн бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна” хэмээн гомдол гаргасан юм.
Үүнтэй холбогдуулан Г.Номуундарийн бичлэгт нэр дурьдагдсан таван залуугаас байцаалт авч эхэлсэн. Тодруулбал "Амжилтаа Ахиулъя” ТББ-ын тэргүүн Г.Анархүү, Ангууч хочтой Б.Баттөр болон Бэлгүүнтэй, Э.Энх-Очир. А.Тэргэл нарыг шалгах ажиллагаа хийж эхэлсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас мэдээллээд таг чиг болоод бараг жил болж байна.
Энэ хэрэг шалгагдаж байна уу, ямар шатандаа яваа, эсвэл шалгаад хэрэгсэхгүй болгосон уу гэдгийг сураглалаа.
Уг нь эзэнгүй хэрэг, илэрдэггүй хэрэг гэж байдаггүй гэдгийг хууль хяналтынхан өөрсдөө хэлдэг ч илрүүлэх, шалгах, хариуцлага тооцох сонирхолгүй хэрэг бас байдаг бололтой.
Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахыг хүссэн ч "Прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө” гээд халгаасангүй. Прокурорын газраас нь асууж тодруулахад "Хэрэг хянагдаж байгаа” гэснээс өөр дорвитой зүйл хэлсэнгүй. Хэлж байгаа хариулт нь бүрхэг. Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр хэргийг шалгаад эзэн холбогдогчгүй, үйлдэл нь тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгосон гэв. Үүнийг нь бататгах зорилготой ЦЕГ болон прокуророос асуухад тодорхой хариу өгсөнгүй.
Хэрэг дөнгөж шалгагдаж эхлэх тухайн үед Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал " Энэ хэргийн талаар өмнө нь цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол мэдээлэл ирсэн тохиолдол байхгүй байна. Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, шүүх рүү шилжүүлсэн гэсэн асуудал байхгүй гэсэн үг.
Харин Г.Номуундарийн бичлэг цацагдаж эхэлснээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллага шалгалтаа эхлүүлсэн. Шалгалтын явцад нэр дурдагдсан хүмүүс болон тэдгээрийн эцэг эх зэрэг нийт 50 гаруй хүнээс байцаалт авч бусад шаардлагатай ажиллагааг хийж эхлээд байна” гэж мэдээлж байсан удаатай.
Энэ мэдээлэлээс харахад эрүүгийн хэрэг үүсгэн, бусдаас мэдүүлэг байцаалт авч шалгаж эхэлсэн нь тодорхой. Гэвч өнөөдөр хэрэг яаж шийдэгдсэн, эсвэл шалгагдсаар байна уу гэдэг талаар мэдээлэл байхгүй байна. Холбогдох албаныхан ч мэдээлэл өгөхийг хүсээгүй юм.
Сэтгэгдэл байхгүй байна.