Улаанбаатар хотын асуудлыг яаралтай шийдэхгүй бол удахгүй гамшгийн бүс болох нь
Олон жилийн өмнөөс Улаанбаатар хот ачааллаа дийлэхээ больсныг дээр дооргүй ярьж эхэлснийг бид бүгдээрээ мэднэ. Хүн амын хэт их төвлөрөл, хөдөөнөөс хот руу урсах энэ их нүүдэл, утааны гамшигт асуудал, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг нь нийслэл Улаанбаатар хот ачааллаа нэгэнтээ дийлэхээ больсны шинж тэмдэг юм. Энэ асуудал дээр үе үеийн нийслэлийн засаг дарга нар анхаарлаа хандуулж тодорхой шийдэл эрж хайхыг оролдож ирсэн ч өдгөө энэ тал дээр ямарваа нэгэн тодорхой шийдвэрт хүрсэн нь үгүй.
Өнөөдөр нийслэл хот маань хүн ам хэт их төвлөрсөн, замын түгжрээ ихтэй, өвөлдөө утаатай, ард иргэд нь үүнээсээ болж бухимдсан тийм нэгэн замбараагүй хот болжээ,
Ямар сайндаа л гадаадын иргэд Монгол улс 3 сая гаруй иргэнтэй, тэдгээрийн дийлэнх нь нийслэл хотдоо оршин суудаг гэхийг сонсоод гайхаж суухав. Улаанбаатар хотын энэ асуудал саяхны асуудал биш, аль 90-д оны ардчиллын үеэс эхлэлтэй болохыг хэн бүхэн мэддэг ч өнөөг хүртэл дорвитой шийдэж чадалгүй өнөөдөртэй золгосон. Уул нь хот төлөвлөлт гэдэг бол жирийн нэг ухаан муутай хүмүүсийн хийдэг ажил биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой бөгөөд анхнаасаа мэргэжлийн бус хүмүүсээр нийслэлээ удирдуулж ирсний балгийг өдгөө бид бүхэн амсч сууна. Хэдэн сарын өмнө нийслэлийн засаг дарга маань хотын замын түгжрэлийг бууруулахын тулд нийслэлийн төв замаар зүүн гар тийш эргэхийг хориглох шийдвэрийг гаргаж жирийн иргэдийг баахан бухимдуулсан.
Энэ нь үнэн хэрэгтээ аргаа барсан хэрэг байсан бөгөөд уг шийдвэр төд удалгүй олон түмний зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран биеллээ олохгүй нь тодорхой болж, хуучин хэвэндээ орсныг хэн бүхэн сайн санаж байгаа байх. Өнөөгийн Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлуудын захын нэг жишээг дурдахад ийм байна. Анхнаасаа хаана оршин суух газраа Монгол улсын иргэн чөлөөтэй сонгох эрхтэй гэдэг Үндсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлсэн тэр үеэс хойш энэ бүх тулгамдсан асуудал үүсч эхэлсэн болохоор өнөөдөр энэ байдалтайгаа эвлэрээд цаашид ямар зохицуулалт хийх вэ гэдгээ бодох хэрэгтэй болж байна. Хотын дарга анх ажлаа аваад олон түмэнд буянтай нэг томоохон ажил эхлүүлсэн нь автомашины захуудыг хотын зах руу шилжүүлэн нүүлгэх шийдвэр гаргасан.
Энэ нь ч яахын аргагүй зөв шийдвэр юм. Уг шийдвэр бол нийслэл хотоо аврах олон гарц шийдлүүдийн нэг байсан бөгөөд цаашдаа энэ мэтчилэн дорвитой шийдвэрүүдийг гаргаж байж гэмээнэ хот маань цэцэглэн хөгжих ёстой. Нийслэлийн хүн амын хэт их бөөгнөрлийг сааруулах дараагийн нэг алхам нь өдгөө Улаанбаатар хотын нийгмийн өмнө тулгамдаж буй ажилгүйдэл, ядуурал, архидалт, золбин тэнэмэл амьдралийн гол эх үүсвэр болж буй энэ их захуудыг хотоос гаргах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна. Зах гэснээс Улаанбаатар хотод ийм олон зах, худалдааны төвүүд байх хэрэгцээ шаардлага байна уу гэсэн асуулт гарч ирж байна.
Нийслэлд өдгөө 8 томоохон хүнс, барааны зах ажиллаж байгаагаас гадна арьс шир болон техникийн захууд төвлөрсөн байдаг. Тэдгээр зах, худалдааны төвүүд урд хөршөөс орж ирсэн элдэв янзын хэрэгтэй хэрэггүй бараануудыг ард иргэддээ шахаж суудаг гэхэд огтхон ч хилсдэхгүй. Тэр тусмаа өнөөдөр Монгол улс Хятадын түүхий эдийн хавсарга болсон төдийгүй тэдний жирийн нэг барааны лангуу мэт улс болон хувирсныг төр засаг эрх биш нэгийг бодох цаг болсон. Яг үнэндээ бол өнөөгийн Монголын эрх баригчид ард түмнээ нийслэл рүү нүүн шилжих механизм руу өөрсдөө татан оруулж байгааг хэлэх ёстой гэж бодож байна. Үүнээс гарах үр дагавар нь манай улсад маш ноцтой байдлаар эргэх бөгөөд хэрвээ төр засаг энэ асуудал дээр анхаарлаа хандуулахгүй бол хэзээ нэгэн цагт хор уршгийг нь амсах нь тодорхой. Байдал нэгэнт ийм байгаа болохоор хөдөө орон нутгаас нийслэл хот руу урсах энэ их шилжилт хөдөлгөөнийг зогсоохын тулд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай шинэчлэн батлах шаардлагатай байна.
Ер нь аль ч улс орны нийслэл хотын удирдлага хотынхоо цахилгаан, усан хангамжийн асуудлыг сайтар бодож төлөвлөж байж хотоо тэлэх эсэхээ шийддэг нийтлэг зарчим байдаг. Харамсалтай нь энэ зарчим манай улсад алдагдаад олон жилийн нүүр үзэж байна. Тийм учраас дээр дурдсан эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай дахин шинэчлэн баталж, аймгийн төвүүдийг жижиг хот болгох эсвэл удахгүй байгуулагдахаар яригдаж буй Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг газруудад хотын иргэдийн тал хувийг нүүлгэн шилжүүлбэл оновчтой шийдэл болох болно.
Хэрэв зээ улсынхаа нийслэлийн ирээдүйн хувь заяаг бодож л байгаа юм бол өнөөгийн хотын удирдлагууд иймэрхүү зоригтой шийдвэрүүдийг яаралтай гаргах нь зүйтэй. Тэгэхгүй аваас жилийн жилд өнөөх гамшиг болсон утааныхаа асуудлыг яриастай, замын түгжрэл болон бусад тулгамдсан асуудлуудтайгаа мөнхөд зууралдсаар байх болно гэдгийг сануулах үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ.
Ж.Батдорж
BOLOD.mn
Сэтгэгдэл байхгүй байна.