"Чэлси”-гийн домогт хаалгач асан Петр Чех 2015 онд "Арсенал”-д 10 сая еврогоор "Стэмфорд Бридж”-ээс ирж байсан билээ. Тэрбээр өдгөө "Арсенал"-даа үлдэх хүсэлтэй байгаа ч баг нь түүнтэй хамтарч ажиллах гэрээгээ сунгахгүй байгаад тэгтлээ хямраагүй гэдгээ хэлжээ.
"Арсеналчууд" Чехийг багтаа үлдээх арга хэмжээ авахгүй бол 36 настай тамирчин эрийн тус багтай байгуулсан гэрээ энэ зун дуусгавар болж, тэрбээр чөлөөт агент болох юм. Одоогоор яриа хэлэлцээр хараахан эхлээгүйн дээр ахлах дасгалжуулагч Унай Эмери хаалгач Бернд Леног хамгийн шилдэг нь гэж үзэх болсон. Мөн тэрбээр Чехийг багтаа үлдээнэ гэдэгтээ итгэлгүй байгаагаа ч хүлээн зөвшөөрчээ.
Харин Чех арай өөр бодолтой байгаа аж. Тэрбээр "Би энд үлдмээр байна. Гэхдээ одоо дөнгөж нэгдүгээр сар шүү дээ. Улирал дуустал маш урт хугацаа байна, тэгэхээр бид юу болохыг таах аргагүй. Би ямар нэгэн сэтгэлийн дарамт мэдрэхгүй байгаа. Би зүгээр л ажлаа хийж байгаа. Эцсийн эцэст бид зөвшилцөлд хүрч л таарна. Одоохондоо хэлэлцээр эхлээгүй байгаа ч наймааны цонх нээгдсэний дараа бид ярилцаж, хаана байхаа мэдэх биз.
Чех өнгөрөгч оны есдүгээр сарын 29-нд "Уотфорд”-ын эсрэг тоглож байхдаа гэмтэл авч, хаалгач Ленод байр сууриа алдсанаас хойш Премьер лигт тоглоогүй юм.
Гэхдээ тэрбээр улирлыг маш сайн эхлүүлсэн бөгөөд түүний ирээдүйн талаар ахлах дасгалжуулагч Унай Эмери "Надад одоохондоо хэлж мэдэх юм алга. Тэр улирлыг маш сайн эхлүүлсэн. Бэртэл авсныхаа дараа тэрбээр талбай дээрх өөрийн байр суурийг эргүүлж авч чадсан. Би түүнд сэтгэл хангалуун байгаа. Бид түүнтэй ярилцах болно. Гэхдээ би одоогоор түүний бэлтгэл болон тоглолтод л анхаарлаа хандуулах болно” хэмээжээ.
Чех өнгөрөгч бямба гарагт "Блэкпүүл” багийн эсрэг талбай дээр гарсан бөгөөд уг тоглолтод "Арсенал” 3:0-ээр ялалт байгуулсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.