Хөрөнгө оруулагчид Монголын МАНАН-г хэрхэн харж байна вэ
Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011-2014 онд хамгийн өндөр хэмжээнд хүрсний 80 хувийг дангаараа уул уурхайн салбарт хийсэн хөрөнгө оруулалт эзэлсэн байна. Харин 2015-2017 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан нь Монголын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой юм. Монгол "моодонд” орж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг байсан үед ядаж л Монголын эдийн засаг өндөр өсөлттэй байлаа. 2016 оны улс төрийн сонгуульд МАН 65 суудал авсны дараа хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандалагатай байсан ч сонгуулийн дараах улс төрийн тогтворгүй байдал удаан хугацаанд үргэлжилж, хөрөнгө оруулалтын итгэл улам сулраад байна.
Монголд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг хөрөнгө оруулагчид хэрхэн тусган харж байгаа болоод гадаадын хэвлэлүүд дээр бичсэн зарим нийтлэлүүдээс чухал хэсгүүдийг товчлон хүргэж байна.
Asian Times сайтад, "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Төв талбайд жихүүн өвлийг ажралгүй олон арван мянган иргэд МАНАН бүлэглэлийн эсрэг жагслаа. МАНАН гэдэг нь Монгол ардын нам (МАН) болон Ардчилсан нам (АН) гэх улс төрийн хоёр гол намын нэрийн товчлолыг агуулж буй юм. Уг тэмцэл үерийн ус мэт ээлж дараалан гарч ирсэн улстөрчдийн шившигт үйлдлээс улбаатай. Тухайлбал УИХ-ын дарга нь албан тушаал наймаалцсан хэрэг, мөн улстөрчид болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгодог бага хүүтэй зээлийг авч, их ашиг олсон зэрэг баримтууд ил болж, олны эгдүүзлийг хүргэж байна. Энэ бүх үйл явдлаас харахад Монголын 2020 оны парламентын сонгуульд улс төрийн гурав дахь хүчин зайлшгүй шаардлагатай байгаа ч бодит байдал дээр төлөвшиж амжаагүй байгаа юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноос хойш яг жилийн дараа УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ухнаагий Хүрэлсүх болон түүний кабинетыг огцруулах тухай санал гаргасан ч УИХ түүний Засгийн газрыг авч үлдэж чадсан. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Манай Засгийн газрыг огцруулах энэ үйлдлийн ард мөнгөтэй бизнес эрхлэгчид байгаа” гэж хэлсэн.
Монголын улс төрийн нөхцөл байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдад тийм ч сайнаар нөлөөлөхгүй байна. Хөрөнгө оруулагчид Монголд мөнгөө оруулахаас татгалзах, урт хугацааны хүлээлтийн байдалд шилжээд байна. Зарим хөрөнгө оруулагч Монголд оруулсан хөрөнгө оруулалтаа татах хүсэлтэй байгаагаа нуугаагүй юм" гэж бичжээ.
Харин эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын хувьд ингэж дүгнэжээ
Засгийн эрх баригчид ОХУ, БНХАУ, Монгол Улсын хамтарсан "эдийн засгийн коридор” байгуулах ажилд ахиц гаргаагүй ч экспортын түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалан тус улсын ДНБ 6 хувиар өссөн. Гэхдээ өнгөрсөн онд Монгол Улсын гадаад худалдаанаас олох ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар буурч 925 сая ам.долларт хүрсэн байна.
Олон улсын үнэлгээний агентлагууд Монголын эдийн засгийг 2019 онд өнгөрөгч оны 6 хувийн өсөлтөө хадгална гэж таамаглаж байгаа бол инфляцийн төвшин өмнө оноос үл ялиг нэмэгдэнэ гэж тооцож байгааг дурджээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард ам.долларын эсрэг төгрөгийн ханшийг өсгөх зорилгоор Төв банк албан нөөцийн 10 хувийг интервенц хийхэд зарцуулсан ч монгол төгрөгийн ханш суларсан хэвээр байгаа юм. Төгрөгийн ханшийн сулрал нь иргэн аж ахуй нэгжийн бизнест сөргөөр нөлөөлж байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байгаа юм.
Мөн өнөөгийн Монгол Улсын эдийн засаг уул уурхайн түүхий эдийн үнээс ихээхэн хамааралтай байгаа. 2019 онд дэлхийн зах зээл дээр алт болон нүүрсний үнэ буурч, БНХАУ дотоодын нүүрсний хэрэглээнд шилжих болсон нь Монголын хувьд муу мэдээ юм. Экспортын гол түүхий эдийн үнэ буурвал Монгол Улсын орлогын алдагдлыг нэмэгдүүлж санхүүгийн сулралд хүргэж, өрийн дарамт нэмэгдэх аюултай гэдгийг ОУВС ээлжит тайланд дурджээ.
Эх сурвалж: Asian Times, Frontera.net
Бэлтгэсэн О.Мөнхбат
Сэтгэгдэл байхгүй байна.