ТЭДС-гаас зарласан 60 тендерийн 30 нь хууль зөрчиж хийгджээ
Сангийн яамнаас Засгийн газрын харъяа 29 санд шалгалт хийсэн билээ. Засгийн газрын хуралдаанаар гурван сангийн үйл ажиллагаа нэгтгэж, долоо санг татан буулгах шийдвэр гаргасан. Ингэхдээ шууд зээл олгох үйл ажиллагаа явуулдаг Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах сангийн үйл ажиллагааг нэгтгэхээр болсон юм. Сангийн яамны албан ёсны цахим хуудаст зарим сангуудад хийсэн шалгалтын тайлан тавигджээ. Эндээс ТЭДС-гаас илэрсэн зөрчлүүдээс анхаарал татсан зарим мэдээллийг хүргэж байна. Шалгалтыг сүүлийн 10 жилийн үйл ажиллагаанд хамааруулан хийжээ.
ТЭДС-гаас олгосон зээлийн 72.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрч, найдваргүй болжээ
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд нийт 585.3 тэрбум төгрөгийн үндсэн дэмжлэгийг тариалан эрхлэгч иргэд ААН-д олгож, 157.4 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна. 2018 оны 9 дүгээр сарын 31-ний байдлаар тус сангийн нийт өглөг 141.1 тэрбум төгрөг, авлага 131.9 тэрбум төгрөг байгаагаас хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72.1 тэрбум төгрөг байна. Тус сан болон салбарын яамнаас хийсэн худалдан авах ажиллагаа ихээхэн хэмжээний зөрчилтэй бөгөөд, буудайн урамшуулал олгох, өр суутган тооцох, хяналтын хариуцлагын тогтолцоо сул байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн сангаас олгож байгаа үндсэн дэмжлэгийн олгох, түүнд хяналт тавих, эргэн төлүүлэх тогтолцоо муу, олгож буй дэмжлэгүүд хоорондын уялдаа холбоогүй байна. Иймд тус сангаар дамжуулан олгож буй дэмжлэг, урамшууллын тогтолцоог шинэчлэн зохион байгуулж, үр ашгийг нэмэгдүүлэх, хугацаа хэтэрсэн өглөг, авлагыг түргэн шуурхай барагдуулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
ТЭДС нийт зээлийн 70 гаруй хувийг хууль зөрчиж зохион байгуулжээ
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулан ТЭДС нь 2009-2018 оны хооронд нийт 60 удаагийн тендерийн сонгон шалгаруулалтыг хийж нийт 58.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг нийлүүлэгч ААН-үүдтэй байгуулснаас нийт 40.3 тэрбум төгрөгтэй холбоотой 30 тендер нь худалдан авах ажиллагааны хууль, журмыг зөрчиж хийгдсэн байгааг тогтоожээ.
Хууль, дүрэм зөрчсөн зарим жишээг дурдвал:
- 2010 онд Сангийн яамнаас "Үр тариа хураах комбайн худалдан авах” тендер шалгаруулалтын үнэлгээний дүгнэлтийг хянан үзээд 2010.03.22-ны өдрийн 5/1244 тоот албан бичигт захиалагчийн гэрээ байгуулах шийдвэр хууль, журамд нийцэхгүй байгааг дурдаад, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн байтал зөрчлийг арилгалгүй "хүчин чадлын хувьд тохиромж муутай, ашиглалтын зардал өндөр" гэсэн тендерийн баримт бичиг тусгаагүй шалтгаанаар хамгийн бага харьцуулах үнэ санал болгосон тендерээс татгалзаж, уг тендерээс 397 сая төгрөгөөр илүү үнэ санал болгосон "Гацуурт" ХХК-тай гэрээ байгуулсан нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасныг зөрчсөн байна.
- 2011 онд "Үр тариа хураах комбайн худалдан авах” тендерийн үнэлгээний дүгнэлтийг Сангийн яамнаас хянан үзээд 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5/1409 тоот албан бичгээр "Баяндулаан-Уул” ХХК-ийн ирүүлсэн татварын тодорхойлолтоор өртэй байгаа нь шаардлага хангахгүй гэж мэдэгдсэн байхад хууль зөрчиж гэрээ байгуулжээ.
- 2016 онд Сангийн яамнаас "Нийлмэл бордоо нийлүүлэх” тендер шалгаруулалтын үнэлгээний дүгнэлтийг хянан үзээд тендер шалгаруулалтыг ямар журмаар зохион байгуулсан нь тодорхойгүй, үндэслэл байхгүй, тендер шалгаруулалтыг 17 хоногийн хугацаатай зарласан нь хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг, багц тус бүрээр үнэлгээ хийгээгүй нь хуулийн 8.7.3-т заасныг тус тус зөрчсөн, мөн тендерийн баримт бичигт зарим шалгуур үзүүлэлтийг хэт өндөр заасан, түншлэлээр тендерт оролцохыг хориглосон, ямар төрлийн тусгай зөвшөөрөл шаардсан тодорхойгүй нь өрсөлдөөнийг хязгаарлаж улмаар шаардлагад нийцсэн тендер ирүүлэх боломжийг хаасан байх тул тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг 2016 оны 6/244 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. Захиалагч дээрх зөрчлийг арилгалгүй, хууль зөрчиж нийт 4 багцад нийт 8,9 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулсан байна.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгийн 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 45 тоот тушаалаар ХААИС болон 5 аймгийн 8 сургуульд 17,190,000 төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй хуваарилж нийлүүлсэн байна.
- 2009 онд зохион байгуулсан "Нийлэг хальсан хүлэмж нийлүүлэх” тендерт шалгарсан "Мөнх ногоон тал” ХХК-ийн ирүүлсэн тендер нь захиалагчийн тендерийн баримт бичигт заасан ижил төстэй ажлын туршлагыг нотлох баримт ирүүлээгүй байхад гэрээ байгуулсан.
- "Жимс, жимсгэний суулгац авах” тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд "Глобал бридж" ХХК-ийн техникийн тодорхойлолтод санал болгосон суулгацын нас шаардлага хангахгүй гэж дүгнэсэн хэрнээ гэрээ байгуулсан.
- "Үр тариа хадгалах элеватор худалдан авах” тендерт "Гурил тэжээл Булган" ХК-ийн эзэмшлийн элеваторыг нийлүүлэхээр "Бэрэн групп" ХХК оролцохдоо тендерийн баримт бичгээ "Гурил тэжээл Булган" ХК-ийн материалаар бүрдүүлсэн байхад шалгаруулсан./тус худалдан авсан элеваторыг 2007 он буюу буцаан худалдан авахаас 2 жилийн өмнө хувьчилсан байна/
- "Хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин худалдан авах” тендерт шалгарсан "Агромаш” ХХК нь захиалагчийн тендерийн баримт бичигт заасан туршлагын талаарх мэдээлэл ирүүлээгүй байхад гэрээ байгуулсан.
- "Нийлэг хальсан хүлэмж нийлүүлэх” тендерт захиалагчийн тендерийн баримт бичгийн ижил төстэй ажлын шаардлага хангахгүй "Нью телеком” ХХК-ийг шалгаруулсан.
- 2011 онд зохион байгуулсан "Төмс хүнсний ногооны өрхийн аж ахуйн багаж хэрэгсэл худалдан авах” тендерт захиалагчийн тендерийн баримт бичигт заасан борлуулалтын орлогын хэмжээнд хүрэхгүй "Ирээдүй энержи” ХХК-ийг шалгаруулсан.
- 2017 онд зохион байгуулсан "Дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник нийлүүлэх” тендерт шалгарсан "Дорнод газар” ХХК-ийн санал нь захиалагчийн тендерийн баримт бичигт заасан ижил төстэй ажлын шаардлага хангахгүй, мөн тус тендерийн Багц 4-т шалгарсан "Анхны анжис” ХХК-ийн борлуулалтын орлогын хэмжээ хүрэхгүй, ижил төстэй ажлын туршлагын шаардлага хангахгүй байхад тус тус шалгаруулсан нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчсөн байна.
- Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2012-2014, 2018 онуудад "Үр ариутгалын болон ургамал хамгааллын бодис нийлүүлэх”,”Бордоо нийлүүлэх”, "Шатахуун нийлүүлэх” сонгон шалгаруулалтуудыг харьцуулалтын аргаар зохион байгуулсан нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т "Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.” гэж заасныг зөрчсөн байна.
Гацуурт компани буудайны үнийн зөрүүний алдагдал 1.2 тэрбум төгрөгийг төлөөгүй
"Гацуурт” ХХК нь ТЭДСангийн буудайнаас зөвшөөрөлгүйгээр "Хангай Миллс” ХХК-д 17.9 мянган тонн буудайг 1 тонныг нь 280.0 мянган төгрөгөөр тооцож заржээ. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын баталсан 2012.12.11-ний өдрийн Буудай 12/36 тоот гэрээний дагуу "Гацуурт” ХХК-ний агуулахад хадгалагдаж байсан ТЭДСангийн өмчлөлийн 39040 тн буудайнаас дур мэдэн "Хангай миллс” ХХК-д 17970 тонн буудайг борлуулсан байна. "Гацуурт” ХХК нь дур мэдэн сангийн өмчлөлийн буудайг зарсан тул 17970 тонн буудайн / 1тонн 70.0 мянган төгрөгийн үнэтэй /үнийн зөрүү 1.3 тэрбум төгрөгийг ТЭДСангаас олгох боломжгүй бөгөөд сангийн балансаас 17970 тонн буудайг хасаж "Гацуурт” ХХК буудайгаа "Хангай миллс” ХХК-д борлуулсанаар тооцох гэсний дагуу "Гацуурт” ХХК-ийн нэр дээр 2013 онд 4.2 тэрбум төгрөгийн авлага үүсгэж тус компанийн өөрийн агуулахад хадгалагдаж байсан 17970 тонн буудайг сангийн орлогоос хасч тооцохоор тооцоо хийсэн боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. "Гацуурт” ХХК нь сангийн өмчлөлийн буудайнаас зарсан гэх 17970 тонн буудай нь 2011 оны ургацаас 350.0 мянган төгрөгөөр хулалдаж авсан буудай байна. Дээрх буудайны үнийг худалдаж авсан үнээр тооцож 6,289.5 сая төгрөгөөр тухайн компанийн нэр дээр авлага үүсгэж тооцохоор байхад ТЭДСангийн тайланд 4,455.0 сая төгрөгийн авлагатай байгаагаар хасалт хийж тооцсоноос 1.834.5 сая төгрөгийн зөрүү үүссэн байна .Үүний 1,257.9 сая төгрөг нь буудайны үнийн зөрүүгийн алдагдал байгаа боловч Гацуурт ХХК-аар төлүүлээгүй байна.
Урамшууллын талаар:
Урамшуулал авсан ААН, иргэдийн мэдээллээс харахад улаанбуудай тарьсан ААН-үүд нь өөрсдийн гурилын үйлдвэрт /харилцан хамааралтай ААН-үүдийг оруулаагүй/ 2013-2017 оны хооронд 38.1 мянган тонн улаанбуудай нийлүүлж 2.7 тэрбум төгрөгийн урамшууллыг авсан байна. Тус аж ахуйн нэгжүүдийн өөрийн гурилын үйлдвэртээ тушаасан улаанбуудайн хэмжээг тогтоохдоо зөвхөн толгой компаний захирал болон тариалангийн бригадын дарга /нэг компанийн ажилтан хооронд/ хооронд байгуулсан гэрээг үндэслэн урамшууллын хэмжээг тогтоосон байна. Тус сангийн ажилтнууд нь урамшуулал авахаар хүсэлтээ ирүүлсэн ААН-үүдийн мэдээллийг зөвхөн гурилын үйлдвэртэй тооцоо нийлсэн акт, байгуулсан гэрээгээр баталгаажуулж байгаа нь урамшууллыг хуурамч материал бүрдүүлэн авах, ААН-үүд өөрсдийн гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайн хэмжээг хуурамчаар өсгөж урамшуулал авах өндөр эрсдэлтэй байжээ.
Шалгалтын тайлангийн дэргэрэнгүй ЭНДээс үзнэ үү.
Itoim.mn
Сэтгэгдэл байхгүй байна.