Чононд хадгалуулсан мах буюу тусгай сангууд
Түмэнд тустай байх ёстой Засгийн газрын тусгай сангууд тусгүй байгаа талаар өмнөх жилүүдэд ярьдаг байлаа. Гэхдээ зүгээр л яриад өнгөрдөг байв. Харин энэ удаад азаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудал сөхөгдөж нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидгийн адилаар бусад сангуудын мэдээлэл ч ил боллоо. Хэрэв энэ асуудал ил болоогүй бол шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс хэчнээн жил жирийн иргэдийн боломжийг хулгайлах байсныг таашгүй.
"МАН мартавч мань мартахгүй”
Олон нийт улстөрчдийн хэрүүл маргааныг төвөгшөөсөн байдалтай хүлээж авдаг. Харин энэ удаад эрх баригч МАН-ын дотоод зөрчил, хэрүүл тэмцэл иргэд, олон нийтэд үр өгөөжтэй боллоо. Учир нь, улстөрчид Засгийн газрын тусгай сангуудыг хэрхэн ашигладаг байсан нь ил тод болохын зэрэгцээ тэдний хэн нь хэн бэ гэдгийг иргэд, сонгогчид бага ч гэсэн мэдэж авлаа. Гэхдээ бараг өдөр болгон нэг шинэ асуудал олны анхааралд ордог учраас иргэд өмнө нь юу болсныг мартдаг. Улстөрчид ч нэг асуудлыг өөр нэг сенсаацтай мэдээллээр дарах оролдлого хийдэг. Гэсэн ч мартаж болохгүй зүйл бол иргэдийнхээ бизнесээ эхлүүлэх, өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг замаас нь хулгайлсан эрх баригчдын зүй бус үйлдэл юм. Үүнийг мартаж болохгүй. "МАН мартавч мань мартахгүй” гэдэг үг жинхэнэ үүнд тохирно. Цайлган сэтгэлтэй эгэл жирийн иргэд одооноос мартаад эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа ямар хүмүүс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрсдөө болон хамаарал бүхий хүмүүс нь гуравхан хувийн хүүтэй зээл авсныг ард түмэн мартах ёсгүй.
Сангийн яамнаас ажлын хэсэг гарч тусгай сангуудад шалгалт хийсэн. Шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоног Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж нийт 29 сангаас долоог нь татан буулгах, гурвыг нь нэгтгэх, гурван сангийн үйл ажиллагааг сайжруулах шийдвэр гаргасан юм.
Татан буугдаж буй долоон сан:
1. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан
2. Эрсдэлийн сан
3. Засгийн газрын өрийн баталгааны сан
4. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
5. Олон улсын хамтын ажиллагааны сан
6. Монгол судлалыг дэмжих сан
7. Агаарын бохирдлын эсрэг сан
Нэгтгэсэн гурван сан:
1. Тариалан эрхлэлтийг дэмжих сан
2. Мал хамгаалах сан
3. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
Үйл ажиллагааг нь сайжруулах гурван сан:
1. Улсын авто замын сан
2. Боловсролын зээлийн сан
3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
Үйл ажиллагааг нь хэвээр үлдээсэн 16 сан:
1. Нийгмийн даатгалын сан
2. Нийгмийн халамжийн сан
3. Ирээдүйн өв сан
4. Төсвийн тогтворжуулалтын сан
5. Эрүүл мэндийн даатгалын сан
6. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
7. Засгийн газрын нөөц сан
8. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
9. Байгаль орчин, уур амьсгалын сан
10. Соёл урлагийг дэмжих сан
11. Хилийн чанадад суугаа монгол иргэдэд туслах сан
12. Спортыг дэмжих сан
13. Шинжлэх ухаан, технологийн сан
14. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
15. Эрүүл мэндийн сан
16. Гэмт хэргийн хохирогчдод нөхөн төлбөр олгох сан
Зарим сангийн шалгалтын дүнг ил болгоогүй нь хардлага төрүүлэв
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд дээрх мэдээллийг өгөхдөө "Бүх санд шалгалт хийсэн. Цаашдаа үйл ажиллагаа явуулах 20 санд бүгдэд нь тодорхой үүрэг өгч байгаа. Тухайлбал, шийдвэр гаргахдаа мэргэжлийн холбоодыг оруулах, үйл ажиллагаагаа ил тод болгох үүрэг өгч байгаа. Мөн тухайн сангаар дамжуулан төсвийн хөрөнгөнөөс зээл тусламж авсан, батлан даалт гаргуулсан хувь хүний овог, нэр, хуулийн этгээдийн нэр, регистр, улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагааны чиглэлийг Шилэн дансны тухай хуулийн дагуу цахим хуудсаараа мэдээлж байхыг үүрэг болгож байгаа. Мөн бүх сангийн шалгалтын дүнг Сангийн яамны цахим хуудсанд байрлуулна” гэсэн юм. Гэвч зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Улсын авто замын сан, Гэмт хэргийн хохирогчдод нөхөн төлбөр олгох сан гэсэн зургаахан санд хийсэн шалгалтын дүнг л одоогоор олон нийтэд ил болголоо.
Цаана нь 23 тусгай сангийн мэдээлэл нууцлагдаж үлдэв. Хамгийн их дуулиан тарьсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд ил болгохгүй байгаа нь хардлага төрүүлж байна.
Хамгийн анх тус сангийн мэдээлэл МАН-ын дотоод хагарлаас болж задарсан. Энэ удаад аль сангуудад хийсэн шалгалтын дүнг ил болгох вэ гэдэгт ч МАН-ын дотоод зөрчил нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй байна. Мэдээллийг нь ил болгосон сангуудын харьяалагдах салбарыг удирдаж байсан болон удирдаж байгаа сайд нар бүгд хоёр талд хуваагдчихаад байгаа МАНын бүлгийн нэг талд нь харьяалагдаж байна. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эсэргүүцэгч тал гэсэн үг. Тиймээс Сангийн яам тусгай сангуудад хийсэн шалгалтынхаа дүнг олон нийтэд ил болгохдоо улс төрийн зорилгоо нэгдүгээрт тавьж авах гээхийн ухаанаар хандсан бололтой. Нэмээд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хийсэн шалгалтын дүнг ил болгосон бол олон нийт ингэж хардахгүй байсан болов уу.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүдийн авсан зээл эргэн төлөгдөж байгаа. Гэхдээ нэг зүйлийг залруулж хэлэх нь зөв байх. Эргэн төлөгдөж байгаа зээлийг буцаагаад бушуухан зээлд гаргах боломжгүй. Учир нь, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Сангийн яаманд асар их хэмжээний өртэй байгаа. Хугацаа хэтэрсэн 100 тэрбум төгрөгийн өр бий. Энэ бол 2008 оноос хойш хуримтлагдсан өр. Эхний ээлжид орж ирж байгаа зээлийн эргэн төлөлтүүд энэ өрийн төлбөрт суутгагдаж байгаа гэсэн үг.
Шалгалтынхаа дүнг олон нийтэд бүрэн гүйцэд танилцуулахгүй байгаа нь шүүмжлэлтэй ч нэг удаа ч болов татвар төлөгчдийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг хянасан нь сайшаалтай. Засгийн газрын тусгай сангуудад үүссэн зөрчил улам газар авахаас урьдчилан сэргийлэх шиг боллоо. Боловсролын зээлийн санд үүссэн өр зээлийн асуудал бүр аль эрт 1997 оноос буюу бүр 22 жилийн өмнөөс эхлэлтэй гэдэг нь саяны шалгалтаар ил боллоо.
Тус сангаас авсан зээлүүд иргэдийн одоо авч байгаа ипотекийн зээлээс ч урт хугацаанд төлөгдөөгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Хамгийн эгдүүцмээр нь Боловсролын зээлийн сангаас мэдээлэлд ойр дарга нар болон тэдний ойр дотнын хүмүүсийн хүүхдүүд зээл авч гадаадад өндөр төлбөртэй сургуульд сурдаг нь нууц биш болсон.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Боловсролын зээлийн санд маш олон диплом барьцаа маягаар байж байдаг. Дипломоо хэрэглэх болохоороо нотариатаар батлуулсан хуулбараа хэрэглэчихдэг. Тиймээс диплом нь барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байгаа. Үүн дээр шинэ зохицуулалт хийх санал боловсруулах үүргийг холбогдох сайдад нь өгсөн. 1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаас нийтдээ 1893 оюунтанд 52.3 сая ам.долларын зээл олгосон байна. Үүнээс 37.7 сая ам.доллар нь эргэж төлөгдсөн. 1997 оноос хойш төлөгдөж дуусаагүй зээл ч бий. Тиймээс энэ сангийн үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай.
Төсвийн мөнгийг хэн ч хувийнхаа мөнгө шиг санаж нэхдэггүй
Засгийн газрын тусгай санг удирдаж байгаа хэн ч төсвийн мөнгийг хувийнхаа мөнгө шиг санаж өртэй хүмүүсээс хариуцлага нэхдэггүй байна. Бүх сангийн мөнгөнд ингэж ханддаг бөгөөд энэ нь шалгалтын дүн нь ил болсон бүх сан хугацаа хэтэрсэн чанаргүй зээлтэй байгаагаас харагдаж байгаа юм.
Тухайлбал, Мал хамгаалах сангаас 2003-2006 онд олгосон 359.6 сая төгрөгийн зээл нь 9-15 жил болжээ. Шүүхэд нэхэмжлэл гаргахад материал дутуу, баримт бичгийн бүрдэл дутуу, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргээс шалтгаалан шүүх хүлээн аваагүй байна. Мөн малын тэжээл импортлох зориулалтаар олгосон зээлийн эргэн төлөлт хангалтгүйгээс Мал хамгаалах сан улсын төсөвт 40.0 тэрбум төгрөгийн өртэй байгаа ажээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайд "Капитал” банкинд байршуулсан 7.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хугацаанд нь буцаан төвлөрүүлээгүй байна. "Капитал” банк нь үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас энэ өрийг барагдуулж болох биз ээ. Харин дампуурсан "Анод” банк болон "Дэлгэр Экспресс” банк бус санхүүгийн байгууллагаас 847.5 сая төгрөг авах ёстой гэдэг нь шалгалтаар тогтоогджээ. Хамгийн их авлагатай байгаа сангийн нэг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан. Тус сан нийтдээ 132.0 тэрбум төгрөгийн авлагатай байгаагаас 54.6 хувь буюу 72.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн чанаргүй зээл болон хувирчээ.
Салбарын сайд нь солигдох бүрт тухайн салбарт хамаарах тусгай сангийн захирал, ерөнхий нягтлан бодогч зэрэг албан тушаалтнууд дагаад солигддог болох нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас харагдаж байна. 2005- 2018 оны хоорондох 13 жилийн хугацаанд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал 12 удаа, ерөнхий нягтлан бодогч 9 удаа өөрчлөгджээ.
С.Шийлэгтөмөр
Сэтгэгдэл байхгүй байна.