Л.Оюун-Эрдэнэ “булуу”-гаа даах уу?!
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж эхлээд яг 68 хонож байна. Хоёр сар гаруйн хугацаа л даа. УИХ-д анх удаа сонгогдсон, улс төрийн намтар нь тийм чиг зузаарч амжаагүй Л.Оюун-Эрдэнэд ЗГХЭГ-ын дарга гэдэг том албан тушаал юм.
Түүнчлэн яг сарын өмнө Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, тус компанийг хөгжүүлэх замаар "Баялгийн сан” байгуулах боломжтой эсэхийг тодруулж, уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулах болсныг дуулгав.
Түүнээс гадна, 2019 оны гуравдугаар сарын 28-нд Төрийн ордонд "Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг болсон.
Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ "…Цаашдаа Монгол Улсын хөгжлийн бодлогыг дөрөвхөн жилээр улстөржиж өөрчилдөг биш. Дэлхийтэй өрсөлдөх алсыг харсан, цоо шинэ 25 жилийн хөгжлийн суурийг тавьсан, нэгдсэн хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байна. 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх энэхүү томоохон хөтөлбөрт одоо салбар бүрт замбараагүй байгаа олон төсөл, баримт бичгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүлж нэгтгэнэ. Цаасан дээр үлддэг босоо загвараар биш хэвтээ байдлаар хөгжлөө төлөвлөнө. Хэвтээ загвараар төлөвлөнө гэдэг бол хэн, хаана, хэзээ, аль салбарт ямар хөрөнгөөр юу хийх нь маш тодорхой тусгагдана гэсэн үг” гэв.