Үйлдвэрлэж болох автобусыг үнэтэй авахын учир
Хэд хоног чимээгүй байсан өнөөх олон тооны автобусны асуудал дахин сөхөгдөөд эхэллээ.
Нийтийн тээвэрт тулгамдаж байгаа олон асуудал байсан ч бага багаар засч залруулан урагшилсаар л байгаа. Тэд шугаманд гарахаасаа өмнө техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, өнгө үзэмжинд анхаарч тоос шороогоо цэвэрлэх, шатахуун түлшээ авах гээд бэлтгэл ажлаа сайтар хангаад шалгуулсны дараа гардаг болоод удаж, бас хэвшиж.
Харин өнөөдөр Хүрэлцээ муу” гэх асуудал нийтийн тээврийхнийг байнга дагадаг болж. Уг нь нийслэлийн нийтийн тээвэрт гарахад бэлэн 1170 орчим автобус бүртгэлтэй гэх мэдээлэл байдаг. Гэхдээ үүнээс 900-950 орчмыг нь өвлийн улиралд гаргадаг гэж байгаа. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар 850 хүрэхтэй үгүйтэй автобусыг шугаманд гарахаар журамласан бөгөөд үүнийг автозамын түгжрэлтэй холбоотойгоор ийнхүү цөөлсөн гэж тайлбарладаг. Тооцоод үзэхээр 320 орчим автобус ээлжээ хүлээгээд зогсч, түүний цаана тэр тооны айл өрхийн амьдрал хэцүүдэж, суларч сульдаж байгаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр иргэд хохирч, өглөө оройдоо автобусанд суух гэж дажин болж байгаа дүр зургийг зогсоол бүр дээр харж болно.
Сул зогсож буй автобус 300-гаар тоологдож байхад дахин 1200 автобусыг Хятад улсаас оруулж ирэхээр болсон сурагтай. Тэрхүү автобусны нэгж үнэ нь 710 сая төгрөг гэдгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хэлж байгаа. Харин тэрхүү автобусыг Монголд угсарахад 500 сая төгрөг болж байгаа аж. Монголд үйлдвэрлэх буюу угсрах автобусыг дагаад 1000 гаруй ажлын байр бий болно гэсэн тооцоо судалгааг ч аж ахуйн нэгж байгууллагууд гаргажээ. Гэтэл төр засгийн удирдлагууд тэр тусмаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы ингэж зүтгээд байгаа нь хардлага төрүүлээд эхэлж.
Олон талаас нь бодох хэрэгтэй. Ажлын байр бий болгох, түүнийг дагаад ард иргэд, өрх гэрийн амьдрал сайжрах, Монгол инженерүүдийн ур ухааныг үнэлэх, итгэх гээд олон нарийн асуудал 1200 автобусны ард бий. Мөн манай улсад автобус үйлдвэрлэдэг 6 компани байдаг бөгөөд тэдгээр компаниуд автобусны жижиг эд ангиудыг Монголдоо үйлдвэрлэдэг байна. Тэдгээр аж ахуйн нэгжүүд жилдээ 650 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай, 24 сарын хугацаанд хотын удирдлагуудын яриад байгаа парк шинэчлэлийг хийх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсээр байгаа аж. Гэтэл яагаад 1200 ширхэг цахилгаан автобус оруулж ирэх гээд байна вэ гэдэг нь бас л асуудал юм.
Аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэгч компаниудын санаа бодлыг ч сонсохгүй үйлдвэрлэж болох автобусыг үнэтэй авах гээд байгаагийн учрыг тайлбарлана байгаа, хотын захирагч та.
Сэтгэгдэл байхгүй байна.