ХУУЛЬЧ Г.БАТЗАЯА: ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙГ ЗАРИМ УЛС БИЕЭ ҮНЭЛЭЛТИЙГ ЗӨВШӨӨРДӨГ БАЙДЛААР БУУРУУЛАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА
"Заяа энд Золоо” хуулийн фирмийн захирал, хуульч өмгөөлөгч Г.Батзаяатай хүчингийн гэмт хэргийн талаар ярилцлаа.
-Бага насны хүүхдийг хүчиндэх, цаашлаад амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэг нэг бус удаа гараад байна. Яагаад ийм ноцтой гэмт хэргүүд шил дараалан гарах болов. Хуульч хүний хувьд үүнийг та юу гэж харж байна?
-Хүчингийн хэргийн хувьд манай улсын гаргадаг статистик судалгаа байдаг. Жилд энэ төрлийн 400-500 хэрэг бүртгэгдэг. Ингээд харвал 10 жилийн циклд 4000-5000 эмэгтэй ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэлд өртсөн гэсэн үг. Сүүлийн хоёр, гурван жилд энэ тоон үзүүлэлт нэмэгдсэн. Та бид санаж байгаа бол коронагийн хөл хорионы үед огцом өссөн. Хүчингийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Нэгд, гэр бүлийн хүмүүжил, ёс суртахууны хүмүүжил байна. Хоёрт, архидалттай холбоотой. Гуравт, амьдарч байгаа болон сурч байгаа орчны нөлөөлөл гэж бий. Дөрөвт, найз нөхдийн хүрээлэл буюу тэдний харилцаа хандлага дотор хүчирхийллийн хэлбэр байна уу. Энэ олон хүчин зүйлээс хамаараад хүчирхийлэл үүсэх шалтгаан нөхцөл бүрэлдэж байна.
Хамгийн чухал зүйл бол бидний анзаараад заримдаа гаргаж ирээд, заримдаа гаргаж ирж тавьж чадахгүй байгаа зүйл бол хүчирхийлэл үйлдэж байгаа хүний зан араншин, сэдэл гэж чухал юм байдаг. Гэмт хэрэг судлал талаас яривал үүнийг гаргаж ирж, шалтгааныг нь олох ёстой.
Бид хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж байгаа хүмүүсийн тоон судалгааг гаргаад, мэдээж гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шүүхээр ял авсаар байгаа. Гол нь яагаад энэ төрлийн хэрэг гараад байгаа вэ гэдэг сэдэл, шалтгаан нь чухал. Нөгөө талдаа хүчирхийлүүлээд үлдсэн хүний ирээдүйн амьдрал орхигдчихоод байгаа юм. Эдгээр зүйл дээр бүхэлд нь харж дүн шинжилгээ хийж явахгүй бол энэ нөхцөл байдал буурахгүй байна. Сүүлийн 10 жил хийсэн судалгаагаар жил бүр тогтмол хүчирхийлэл үйлдэж байгаа хүний тоо, хүчирхийлэлд өртөж байгаа хүний тоо яг л дундаж байсаар байна. Буурах ч үгүй, нэг их айхтар өсөхгүй. Үүнийг бид олон талаас ярьж шийдэх ёстой.
-Бага насны хүүхдийг хүчирхийлээд бүр амь насыг нь хөнөөж байна. Сүүлийн хоёр ч тохиолдлыг бид харлаа шүү дээ. Гэмт хэрэгтнүүд яагаад ингэж зэрлэг балмад үйлдэл гаргадаг болчихов оо?
-Маш харамсалтай явдал. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндээд, амь насыг хөнөөнө гэдэг маш ноцтой хэрэг. Эрүүгийн хуулиар бага насны хүүхдийг хүчирхийлээд амь насыг нь хөнөөсөн бол 20 хүртэлх жилийн хорих ял, эсвэл бүх насаар нь хорих ял оноож байгаа. Хүчингийн хэргийн ялын бодлогын хувьд манайх харьцангуй чанга хуультай улс. Мэдээж аль болох ийм төрлийн гэмт хэрэг гарахгүй байгаасай гэдэг зорилгоор ялын бодлого хэрэгжүүлдэг. Ялын бодлого өөрөө үр нөлөөтэй байх ёстой. Гэтэл энэ бодлого чанга байгаа мөртлөө яагаад ийм хэрэг гараад байна вэ гэдэг асуудал бий. Энэ бол нэгд, гэмт хэрэг үйлдэгчдийн сэтгэл зүй, зан төлөвт бид нөлөөлж чадахгүй байна гэсэн үг. Хоёрт, энэ чиглэлийн урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа мэдээллийн ажлуудыг яг өртөж болзошгүй бүлэгт зориулан байнгын тогтвортой хийж чадаж байна уу гэдэгт эхлээд хариулах ёстой.
НҮБ-ын Жендерийн тэгш эрхийн асуудал хариуцсан хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсын хувьд захын аймгууд, орон нутагт байгаа хүмүүс хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлал илүү өндөртэй. Тэр тусмаа гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь хуулийн байгууллагад мэдээлэл өгдөг байх магадлалтай гэдэг судалгаа гарчихсан байна. Хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл маш далд байдаг сэдэв. Хүчингийн хэрэгт хэрэг үйлдсэн хүн шүүхээр ороод ял шийтгэл аваад явах нь ойлгомжтой.
Гэтэл яагаад заавал харгис хэрцгий аргаар хүний аминд хүрээд байна вэ гэдэг нийгмийн эмзэг сэдэв болчихоод байна. Тэр хүнд ямар санаа, сэдэл байсан бэ гэдгийг судлахын тулд бид эргээд нөгөө гарч байгаа шалтгаан нөхцөл рүү орох хэрэгтэй болно. Сэтгэл зүйн эмгэгтэй байсан уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Дээрээс нь хаана үйлдэгдсэн байна вэ, орчин нөхцөл нь юу байна. Ямар харилцан хамааралтай байна вэ гэж судлах зүйл олон. Тэгж байж дүн шинжилгээ хийнэ. Ер нь энэ төрлийн хэрэг ойр ойрхон, давтамжтай гараад байна гэдэг үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарах ёстой асуудал болсон гэсэн үг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд монгол хүнийг, монгол хүний эрх эрх чөлөөг хамгаалах, монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдруулах тухай дурдсан байдаг. Дараагийн нэг чухал зүйл бол эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах явдал. Үүнийг зөвхөн энэ төрлийн кейсээс гадна цахим орчин дахь доромжлол, эцэг эхдээ мэдэгдэхгүй байгаа хүчирхийллүүд, арван жилийн хүүхдүүд жирэмсэн болсон асуудлууд зэрэг нь эцэг эхийн хараа хяналт сул байгаатай бас холбоотой.
-Хохирогчдын ар гэр талаас харахад хохирогч хүүхдийн амь насыг бүрэлгэхгүй үлдээхгүй яав дээ гэх харамсал хамгийн их байгаа. Ядаж энэ нь гэмт хэрэгтэнд ял хүндрэхгүй байх нэг нөхцөл болно биз дээ?
-Хүний амь гэдэг бидний таньж мэдсэн оршихуйн хамгийн үнэтэй зүйл. Хүний оршихуйг үгүй болгож, хүний амьд явах эрхийг бусниулж байна гэдэг хамгийн том гэмт хэрэг. Манайх Эрүүгийн хуулиар хүчингийн гэмт хэрэг дээр 1-5 жилийн хорих ял оноож байгаа. Хүндрүүлэх есөн нөхцөлтэй. Тэдгээрээс хэрэглэбэл 5-10 жил болно. Түрүүн хэлсэн, бага насны хүүхдийг хүчирхийлж, амь насыг нь хохироосон бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялтай. Харьцангуй хүчингийн гэмт хэргийн хувьд манайх Эрүүгийн хуулиндаа тусгачихсан. Хоёрдугаарт, ялын бодлого нэлээд хүнддээ ордог улс. Дэлхий дээрх 200 орчим улсын 130 гаруй нь Эрүүгийн хуулиндаа хүчингийн гэмт хэргийг томъёолчихсон. 70 гаруй нь хууль тогтоомжиндоо зохицуулаагүй. Нөгөө талаар манайд хүчингийн гэмт хэргийн гаралт хүн амын тоотой харьцуулахад дэлхийн улс орнуудаас эхний 50-д орж байна. Энэ бол өндөр үзүүлэлт. Гэхдээ манайд хууль тогтоомж нь байна, ялын бодлого нь байна. Судалгаа нь ч байна, гарч байгаа шалтгаануудыг тогтоож байна. Одоо энэ төрлийн гэмт хэргийг яагаад үйлдээд байна, юунаас нь болоод байна гэдгийг цогцоор нь хууль тогтоомжоор шийдэхгүй бол сүүлийн 10 жилийн судалгааг харахад энэ хэрэг өсөө ч үгүй, буураа ч үгүй гарах ёстой юм шиг тоо байсаар байна. Ингэж болохгүй юм.
-Хүчингийн гэмт хэргийн ялын бодлого хэт чанга байгаа нь гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл болоод байна уу. Ер нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулах арга зам юу байж болох вэ?
-Зарим улс орнууд цаазаар авах ялтай ч байна. Зарим нь манайхтай ижил ч бий. Зарим улс орнууд энэ төрлийн гэмт хэргийг багасгахын тул зарим зохицуулалтыг бий болгосон байдаг. Нэг ёсондоо бие үнэлэлтийг тодорхой нарийн хяналтан доор зохицуулах гэж оролдож байна. Манайх биеэ үнэлэлтийг огт хүлээн зөвшөөрдөггүй улс. Дэлхий дээр биеэ үнэлэлтийг огт хүлээн зөвшөөрдөггүй, хэсэгчлэн хүлээн зөвшөөрдөг, бүрмөсөн хориглодог гэсэн гурван төрлийн улс байдаг. Дэлхий дээр 20 гаруй улс хэсэгчилж хүлээн зөвшөөрч байна. Жишээ нь, сүүлд Турк улс хүлээн зөвшөөрлөө. Тэр нь бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг зогсоох зорилготой. Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэгш эрхийн үндсэн дээр Финланд, Швед улс ч хэсэгчилж хүлээн зөвшөөрсөн. Биеэ үнэлэлт гэдэг зөвхөн эмэгтэй хүнтэй холбоотой асуудал биш. Эрэгтэй, эмэгтэй, бэлгийн цөөнх гээд бүгд ордог зохицуулалт. Өөрөөр хэлбэл, хүчирхийллийн хэргийг зарим улс биеэ үнэлэлтийг тодорхой хэмжээгээр лицензтэй зөвшөөрдөг байдлаар бууруулах гэж оролдож байгаа.
-Сүүлийн үед зарим хүний эрхийн хуульчид хүчингийн гэмт хэргийг бууруулах тал дээр энэ асуудлыг хөндөх болсон. Та ямар санал хэлэх вэ?
-Бид нар эхлээд одоогийн бодит байдлаа харах хэрэгтэй. НҮБ-ын Хүн амын сангийн судалгаагаар 2010 онд Монгол Улсад тогтвортой биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүд 18.000 орчим байна гэж гарсан. Тэдгээр эмэгтэйчүүдээс авсан тандалтын судалгаагаар 70 орчим хувь нь бага насандаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэдэг. Эндээс нэг зүйл харах хэрэгтэй. Өнөөдөр энэ тоо яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг мэдэх ёстой. Дээрээс нь хүчирхийлэл, биеэ үнэлэлт гэдэг хоёр өөр ойлголт. Биеэ үнэлэлт бол орлого олох гэж биеэ үнэлж байгаа. Хүчирхийлэлд тийм ойлголт байхгүй. Хууль журам, дэг ёс, заншил, хувь хүний үнэлэмж бүгдийг хаяад хийж байгаа хамгийн ёс зүйгүй гэмт хэрэг. Үүнийг ялгаж салгаж харж байж дараагийн алхам руугаа орохгүй бол өнөөдрийн гараад байгаа нийгмийн нөхцөлд байдлыг түр намжаахын тулд асуудал шийдэх үү, эсвэл суурь шалтгааныг угаар нь шийдэх үү гэж хэлэлцэхээс өөр аргагүй болсон.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл байхгүй байна.