Нийслэлийг угааж, цэвэрлэх нийтийн үүрэг биш
Тодруулбал, аж ахуй нэгж байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг гүйцэтгэх юм.
Түүнчлэн орон нутгийн төсвийн хөрөнгөөр дүүрэг бүр шаардлагатай техникүүдийг өөрсдөө тендер зарлан худалдан авахаар болсон. Хамгийн сүүлд гэхэд Хан-Уул дүүрэг зам цэвэрлэгээ, арчилгаанд шаардлагатай машин, техник худалдан авах 5 тэрбум төгрөгийн тендер зарласан байна.
- Авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй машин 10,
- Авто замын цэвэрлэгээний шүүрт машин 8,
- Авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин 2,
- Даралтат усаар зам угаагч машин 3,
- Цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг тус бүр хүлээн авч, Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хүлээлгэн өгөх юм байна.
УБЗАА-ын Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ "Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах зориулалттай 10 машин, 8 шүүрт машин, бага оврын цас цэвэрлэх, шидэх зориулалттай 10 машин гээд хот цэвэрлэгээний 33 машиныг хүлээн авлаа.
Энэ онд нийт 80 гаруй машин, техникийн шинэчлэлт хийж байгаа. Хамгийн сүүлд гэхэд модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг нийлүүлсэн” гэдгийг онцолсон юм.
ЧЭНЛИ ГРУПП: ДАРХАНЫ ОНӨААТҮГ-Т ТЕХНИК НИЙЛҮҮЛЖ БАЙЖЭЭ
Дээрх зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай 33 машин, техникийг Хятад улсын "Ченли” групп оруулж иржээ. Тус групп 2000 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа төрөлжсөн томоохон машин үйлдвэрлэлийн групп юм. Гаднын сайтын мэдээллээр хувьдаа чанарын туршилтын төвтэй. Салбартаа ISO9001 олон улсын чанарын стандартын гэрчилгээ авсан. 2005 онд Европын CE, Герман улсын GS бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын гэрчилгээг авч байжээ.
Тус группийн монгол дахь төлөөлөгч У.Отгонжаргал "Бидний оруулж ирдэг зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний машин, техникүүд хэрэглэхэд авсаархан хэдий ч хүчин чадал сайтай. Нэг техникээр хүний хийж болох хэд хэдэн үйлдлийг хурдан шуурхай, чанартайгаар хийх боломжтой. Тухайлбал, цас соруулдаг машин цас соруулахаас гадна дотроо 7-10 тонны давс бодисын нөөцийн савтай. Давсыг автоматаар буталж цацдаг. Мөн гаргуурын төхөөрөмжөөрөө 12 метр хүртэл газарт давсыг цацдаг. Зам угаагч машин 10 тонны усны нөөцийн савтай, шороо босгохгүйгээр бага усаар өндөр даралтаар их талбайг цэвэрлэдэг” гэв. Эдгээр машин, техникийг Монгол орны эрс тэс уур амьсгалд 4 улирлын турш ашиглах боломжтой" гэсэн юм.
Түүнчлэн 2020 онд Монгол Улс дээрх Хятад компаниас Дархан хотын тохижилт үйлчилгээний газарт техник нийлүүлж байжээ.
2024 онд хот нийтийн тохижилт үйлчилгээний зардалд 91 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин шинээр хүлээн авсан зам цэвэрлэгээний 33 техникийг БНХАУ-аас хэдэн тэрбумаар нийлүүлсэн гэх мэдээллийг УБЗАА нууцалсан уу? Үнэхээр холбогдох албаныхан ажлаа мэдэхгүй байв уу. Ямартай ч мэдээлэл өгөх хүн байсангүй. Төсвийн хөрөнгөөр худалдан авсан гэх ч үүнийгээ эргээд нээлттэй мэдээлдэггүй. Зөвхөн нэг албан мэдээ бэлтгээд түүнийгээ бүх хэвлэлээр цацдаг жишиг тогтсон аж.
Өмнө нь УБЗАА-наас 23 тэрбум төгрөгөөр хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмыг худалдан авах олон улсын нээлттэй тендерийг 2023 оны арваннэгдүгээр сарын 27-нд зарласан.
Энэ мэт хотоо цэвэрхэн байлгана гэж төсвийн хөрөнгийг цөлмөсөн удаа олон бий. Гэтэл жил бүр бүх нийтийн их цэвэрлэгээ гэж иргэдийг дайчилж шүүр, хувинтай нь зууралдуулахаа хэзээ болих вэ?
Сэтгэгдэл байхгүй байна.