XXI зууны хамгийн жигтэй 20 кино
Гүнзгий
задлан шинжлэл, ончтой тайлбар бүхий кино шүүмж, сонирхолтой кино
жагсаалтуудаараа алдартай Taste of Cinema цахим хуудаснаас XXI зуунд
бүтээгдсэн хамгийн жигтэй 20 киног нэрлэжээ.
Тогтсон хэв
шинжийг эвдэж урлагт шинэчлэгч хийгсэд ямагт тэрслүү, этгээд, хийсвэр
бүтээлүүдээрээ тухайн цаг үедээ гайхагдан шагшигдаж, эсвээс хараан
зүхүүлсээр ирсэн. Винсент Ван Гог, Салвадор Дали, Пабло Пикассо зэрэг
шинэчлэгчид одоо хэдийн "сонгодог"-т тооцогдох болжээ. Тэдний бүтээл
хэдий жигтэй, ойлгомжгүй, заримдаа бүр тааламжгүй санагдах хэдий ч хүн
төрөлхтөний сэтгэлгээний хэв маягийн олон талт, баялаг чанарыг
бийрийнхээ үзүүрээр бахархалтайгаар тунхаглаж бидний харах өнцөг,
сэтгэлгээний багтаамжийг тэлсээр байдаг гавьяатай билээ.
Харин энэ жагсаалтын эзэд бол кино урлаг дахь Пабло Пикассонууд юм. Өөрсдийн жигтэй оршихуйг кино урлагт зоригтой тунхагласан Дэвид Линч, Ларс фон Триэр, Мишель Гондри нарт талархая. Ингээд энэ зууны хамгийн жигтэй 20 киног уншигчдад хүргэж байна. Болгооно уу!
20. Цулбуурт загас (Catfish, 2010)
Кино:
Бодит түүхээс сэдэвлээгүй, энэ бол хольцгүй бодит байдал гэсэн
тайлбартайгаар уг баримтат кино эхэлнэ. Нев Шулман хэмээх зураач залуу
Мег Фаццио /Үнэндээ Ангела Бассет/ гэх бүсгүйтэй Фэйсбүүкээр
танилцсанаас эхлэн цааш хөврөх түүхийг залуугийн хамгийн сайн хоёр найз
нь дүрс бичлэгт баримтжуулснаар сайхь кино бүтжээ. Цахим ертөнцөд төгс
өрнөж байсан харилцаа бодит байдалд огт санаандгүй байдлаар эргэнэ.
Жигтэй чанар: Цахим ертөнцийн худал хуурмагийн багийг хуу татан хаяж гашуун үнэнийг үзэгчдэд дэлгэнэ.
Хамгийн жигтэй мөч: Төгсгөл. Ангела киноны төгсгөлд Невд бүхий л үнэнийг дэлгэдэг.
19. Mеланхолиа (Melancholia, 2011)
Кино:
Меланхолия нэрт өнчин гариг эх одны системээсээ тасран дэлхийг
чиглэснээр ертөнц сүйрэх бодит аюул нүүрлэнэ. Энэ түгшүүрт мөч эгч дүү
Жастин, Клэйр нарын зөрчилтэй харилцаа, сэтгэлзүйг чинээнд нь тултал
сорих ажээ.
Жигтэй чанар: Найруулагч Ларс фон Триер
дэлхийн сүйрлийг хувь хүний сэтгэл зүйд буулган үзүүлснээрээ 21-р зууны
хамгийн дарамттай кинонуудын нэгийг бүтээжээ.
Хамгийн жигтэй мөч: Меланхолия өнчин гариг дэлхийг мөргөх төгсгөл хэсэг.
18. Бараан дүрс (Scanner Darkly, 2006)
Кино:
Мансууруулах бодисын хэргийн нууц мөрдөгч (Киану Ривс) шинээр гарсан
хор хөнөөлтэй хар тамхины үр нөлөөнөөс болж өөрийн хувь чанараа алдаж
жигтэй явдлын эргүүлэгт хутгалдана.
Жигтэй чанар: Бодит дүрсийг зориуд анимацжуулсан хийц кинонд тун өвөрмөц уур амьсгал оруулна.
Хамгийн жигтэй мөч: Ривс өөрийгөө алдахгүйн тулд биеийг нь хувиргаж, бүдгэрүүлдэг тусгай өмсгөл өмсдөг.
17. Машинист (The Machinist, 2004)
Кино:
Жил орчим нойргүйдэх өвчинд нэрвэгдсэн үйлдвэрийн ажилчин эцэстээ
өөрийн эрүүл ухаанд эргэлзэж эхэлнэ. Кристиан Бэйл сайхь киноны гол дүрд
тоглохын тулд 30 кг жин хасчээ.
Жигтэй чанар: Киноны хийц, Крист Бэйлийн жүжиглэх ур чадвар.
Хамгийн
жигтэй мөч: Онцлох жигтэй хором үгүй ч, ясан хэдрэг болтол турсан
Кристиан Бэйлийг цээж нүцгэнээр харах л хангалттай жигтэй сэтгэгдэл
төрүүлнэ.
17. Зогссон цаг хугацаа ( Cashback, 2006)
Кино:
Дүрслэх урлагийн сургуулийн оюутан Бен найз охиноосоо салснаар олон
хоног дараалан нойргүйдэх болдог. Унтахгүй болсноор амьдралын цаг
хугацаа нь гурав дахин сунаж урт шөнүүдийг барах гэж Бен шөнийн дэлгүүрт
худалдагчаар ажиллах явцдаа цаг хугацааг зогсоох онцгой чадвараа олж
нээдэг.
Жигтэй чанар: Цаг хугацааг зогсоох нь кино ертөнцөд тийм онцгой сэдэв
биш хэдий ч сайхь кинонд харин тун жигтэй байдлаар илэрнэ.
Хамгийн
жигтэй мөч: Найруулагч Шон Эллисийн уг бүтээл аль нэг хормыг онцлох
аргагүйгээр бүхэлдээ жигтэй боловч үзэсгэлэнтэй мөчүүдээр дүүрэн юм.
16. Хуучин хүү (Old Boy, 2003)
Кино:
Нэгэн эрийг үл мэдэгдэх шалтгаанаар 15 жил ганц өрөөнд хорьж, өдөр
болгон нэг янзын хоол өгнө. Тийн хоригдож байхдаа өнөөх эр эхнэр нь
алуулсныг олж мэднэ. 15 жилийн дараа түүнд багахан хэмжээний бэлэн
мөнгө, утас өгөөд гэнэт суллан тавина. Суллагдсан эр ийм удаан хугацаанд
өөрийг нь хорьж тамлаж байсан шалтгааныг олох гэж улайран зүтгэнэ.
Жигтэй чанар: Балмад хүчирхийлэл бус бага багаар учиг нь тайлагдах жигтэй өгүүлэмж нь онцгой.
Хамгийн
жигтэй мөч: Гол дүр ганц алхаар зэвсэглэсэн хэр нь өөр лүү нь ноцох
хэдэн арван зодоонч эрсийг хайр найргүй хяр цохиж дөнгөдөг.
14. Хүн жаран хөлт 2 (Human Centipede, 2011)
Кино:
Солиот хэнээрхэлд автсан, зожиг, ганцаардмал Мартин гэгч эр өөрийн
гараар хийсэн мэс заслын төхөөрөмжөөрөө 12 хүнийг ам, бөгсний сүвээр нь
цувуулан хэлхэж хүн жаран хөлт хийх санаа сэднэ.
Жигтэй чанар: Харилцан яриа бараг гарахгүй. Киноны хар цагаан өнгө дотор зарайлгам бодит уур амьсгал төрүүлнэ.
Хамгийн жигтэй мөч: Өргөст төмөр утсаар хүчиндэх, хүүхдийн толгой хага цохих гээд нэрлээд баршгүй.
13. Донни Дарко (Donnie Darko, 2001)
Кино:
Донни Дарко эцэг эхтэйгээ ойлголцдоггүй, ангийхантайгаа таардаггүй
өсвөр насны хүү. Түүнд ганц шахам найз байдаг нь Фрэнк гэх 6 тохой өндөр
туулай дүртэй хий төсөөллийн хамтрагч. Өнөөх нь Доннид жигтэй үзэгдлүүд
харуулж, гэмт хэрэг хийхэд түлхэнэ.
Жигтэй чанар: Ричард
Келлигийн дебют кино гайхалтай этгээд шинжээрээ алдартай. Киноны турш
үзэгчид өчнөөн асуултанд ээрүүлэх боловч кино төгсөхөд бүр ч олон
асуулт, эргэлзээнд автаж хоцрох нь олонтаа.
Хамгийн жигтэй мөч: Онгоцны хөдөлгүүр эвдэрч Доннигийн унтлагийн өрөөг сүйтгэдэг хэсэг.
12. Шүд (Teeth, 2007)
Кино:
Даун цөмийн цахилгаан станцын дэргэд өсөж бойжсон охин. Ээж, хойд аав,
хэцүү авиртай хойд ахтайгаа амьдардаг. Сургууль дээрээ Тоби хэмээх
хүүтэй нөхөрлөж, тэдний дунд дотно харилцаа өрнөх хэрээр Даун биед нь
жигтэй хувирал явагдахыг мэдэрнэ.
Жигтэй чанар: Даун үтрээндээ шүдтэй.
Хамгийн жигтэй мөч: Кинонд гарах сексийн хэсэг бүр тийм нэг...
11. Тунгалаг оюуны мөнхийн гэгээ (Eternal Sunshine of the Spotless Mind 2004)
Кино:
Мишель Гондрийн хамгийн алдартай бүтээл. Жоел (Жим Кэрри) муудалцаж
салсан найз бүсгүйгээ аргадаж эвлэрэхээр ажил дээр нь очтол найз бүсгүй
Клем нь (Кэйт Уинслет) түүнийг таньдаггүй, тэр байтугай өөр эртэй их л
дотно байдалтай яриа өрнүүлж зогсоно. Төдөлгүй Клем Жоелтой холбоотой
бүхий л дурсамжаа ой санамжнаасаа устгуулсан болох нь илэрдэг. Клемд
гомдож хорссон Жоел ч түүнийг оюун ухаанаасаа арчиж хаяхыг хүснэ.
Клемийг ой санамжнаасаа устгуулснаар гэвч Жоелийн дотор шинжлэх ухаан,
логикт ч үл захирагдах хүчирхэг, шижир хайр сэтгэл өндийнө.
Жигтэй
чанар: Нэгээс нөгөөд завсаргүй үсрэх зураглал, найруулгын онцгой шийдэл
уг киног Inception-оос ч илүүтэй ярвигтай, төөрөм болгодог.
Хамгийн жигтэй мөч: Жоел Клемийн тухай дурсамжаа хүүхэд насныхаа дурсамжинд нууж бие нь жаахан хүүхэд шиг болж агшдаг хэсэг.
10. Дотоод эзэнт гүрэн (Inland Empire, 2006)
Кино:
Дэвид Линчийн тайлж ойлгоход тун амаргүй бүтээл. Жүжигчин бүсгүй Никки
(Лаура Дерн) кинонд бүтэсэн дүр нь бодит амьдралд өөр дээр нь биелээд
байхыг мэдэрч түүний ертөнц хар дарсан зүүдний тасралтгүй хэлхээс болж
хувирна.
Жигтэй чанар: Лаура Дерны амаргүй боловч
амжилттай жүжиглэлт. Мөн Дэвид Линч сайхь киног Sony PD 150 гар камераар
авсан нь хөдөлгөөнт, түгшүүртэй зураглалыг бий болгожээ.
Хамгийн жигтэй мөч: Никкийн царай бүлтгэр нүд, ярзайсан том амтай болж хувирах агшин.
9. Антихрист (Antichrist, 2009)
Кино:
Найруулагч Ларс фон Триэрийн ээлжит арт хаус бүтээл. Бэлгийн ажилдаа
улайрч байгаад бяцхан хүүгээ цонхноор унахыг мэдэлгүй өнгөрч үрээ
харамсалтайгаар алдсан гэр бүлийн хоёр сэтгэл санаагаа тогтворжуулж, уй
гашуугаа мартагнах гэж ой модон дахь зуны байшиндаа нүүж ирэх боловч
байдал улам таагүйгээр эргэнэ.
Жигтэй чанар: Киноны ихэнх хэсгүүд таны санаанд хоногшин үлдэх вий.
Хамгийн жигтэй мөч: Эхнэрийн сэтгэлийн шаналал эцэстээ тулж хэлүүгээ хайчлана.
8. Синекдок, Нью-Йорк (Synecdoche, New York, 2008)
Кино:
Филип Сеймүр Хоффман уг кинонд тун этгээд жүжгийн зохиолч эрийн дүрийг
чадварлаг бүтээсэн. Дарамттай гэмээр амьдралын хэв маягтай жүжгийн
зохиолчийн энгийн амьдралын хормууд дэлгэцэнд өрнөх тусам тун ярвигтай
өгүүлэмж руу үзэгчийг хөтлөнө.
Жигтэй чанар: Гол дүр бодит
амьдралаа жүжиг болгон найруулан тавих болсноор бодит амьдрал, жүжиг
хоёр нэг шугамаар өрнөж кинонд тун жигтэй, толгой эргэм чанарыг
шингээжээ.
Хамгийн жигтэй мөч: Каден (Хоффман) удаан
хугацаанд өөртэй нь зууралдаж мөрддөг байсан Сэммийг өөрийнхөө дүрд
жүжиг доторх жүжигт тоглуулдаг.
7. Зочин Q (Visitor Q, 2001)
Кино:
Хоорондоо нийцгүй, гаж гэр бүлийн дөрөв дээр нэг л өдөр үл таних эр
айлчлан ирж аймшигтай арга замаар тэдэнд амьдралын баяр баясгаланг
мэдрүүлэх гэж оролдоно.
Жигтэй чанар: Киноны зарим мөч
хөгжилтэй байгаагүй бол улам түгшүүртэй байж болох ч үнэндээ гашуун
инээд төрүүлэм хэсгүүд киног улам түгшүүртэй, жигтэй болгоно.
Хамгийн жигтэй мөч: Гэрийн эзэн сургуулийн дээрэлхүү хүүхдүүд руу дайрдаг хэсэг.
6. Мөрөөдөлд өргөх гашуудлын дуун (Requiem For Dream, 2000)
Кино:
Хүний донтох чанарын тухай хирдхийм хурцаар өгүүлэх Даррен Аронофскийн
онцлом бүтээл. Киноны дөрвөн гол дүр эцэстээ тултлаа дондоо хөтлөгдөн
өөрсдийгөө сүйрүүлсээр. Хүний хүслийн хязгаарт мөрөөдөл биелэх бус харин
сүйрэл отож байдаг юм биш байгаа?
Жигтэй чанар: Тураах эм
ууж хүссэн жиндээ хүрч дуртай зурагтын нэвтрүүлэгтээ оролцох хүслээ
биелүүлэх гэсэн эмэгтэй ямар хялбархан шалдаа бууж, өөрийгөө гутааж,
өвчлүүлж буй үйл явц, дурлалт хосын хар тамхины донг хайр, өөрийгөө
хүндлэх сэтгэл ч давж дийлэхгүй хирдхийм агшнууд үзэгчдэд тун жигтэй
хийгээд дарамттай сэтгэгдэл төрүүлнэ.
Хамгийн жигтэй мөч:
Марион (Женнифер Коннели) хар тамхины төлөө өөр нэг биеэ үнэлэгчтэй цуг
хиймэл бэлэг эрхтэний хоёр талаас бэлгийн харилцаанд ордог хэсэг.
5. Ойн савдгийн эргүүлэг (Pan"s Labyrinth, 2006)
Кино:
Найруулагч Гильермо дель Торогийн оргил бүтээл. Испанийн иргэний дайны
үе. Бяцхан охин ээжтэйгээ, цэргийн балмад офицер болох хойд эцгийн хамт
босогчдийг дарахаар төвлөсөн цэргийн хуаранд амьдрах болдог. Хатуу
хөтөө, харгис бодит ертөнцийн далдаас охин ид шидийн гэмээр жигтэй
ертөнц нээнэ.
Жигтэй чанар: Харгис бодит байдал, ид шидийн
ертөнцийг нарийн зааглах хэр нь эцэстээ зүйдэлгүй урнаар хольж сүлсэн
найруулгын онцгой шийдэл. Ид шидийн ертөнцийн жигтэй баатрууд.
Хамгийн жигтэй мөч: Ид шидийн ертөнцийн жигтэй баатар тавагнаас нүдээ авч гарынхаа алганд хийж эргэн тойрныг хардаг агшин.
4. Буцаашгүй (Irreversible, 2002)
Кино: 12 сцен ухарч нэг нэгээр хөвөрсөөр Парисийн шөнө болсон харгис хүчирхийлэлд тулна.
Жигтэй
чанар: Найруулагч Гаспар Ноэ цаг хугацааны ухраа цуваагаар ээлжлэн
солигдох дүрсүүдээрээ зарим талаар кино урлагийн хязгааруудыг давсан
гэхэд хилсдэхгүй.
Хамгийн жигтэй мөч: Моника Беллучийг
гудамжинд удаан хугацаанд хэрцгийгээр хүчирхийлдэг нь жигтэй гэхээс
илүүтэй хамгийн хүнд хэсэг.
3. Үсэглэл (Primer, 2004)
Кино: 4 бизнесийн хамтрагч цаг хугацааг дөрөв дахин өсгөж нэмэгдүүлдэг машин зохион бүтээснээр санаанд оромгүй үр дүнд хүрнэ.
Жигтэй шинж: Ярвигтай, толгой эргүүлэм үйл явдлын шугам үзэгчийг киноны утга учрыг ойлгох гэсэн амаргүй даваанд хөтлөнө.
Хамгийн жигтэй мөч: Киноны гол дүрийн нэг Аарон машин доторх цаг хугацаа гадаад ертөнцөөс огт өөрөөр өрнөдгийг тайлбарлах үе.
2. Малхолландын зам (Mulholland Dr. 2001)
Кино:
Дэвид Линчийн 21-р зууны кино урлагт бүтээсэн жигтэй шидээврүүдийн нэг.
Нэгэн эмэгтэй Лос Анжелес руу жүжигчний карьер хөөн ирдэг боловч
төдийлөн амжилтанд хүрдэггүй, харин дур булаам, залуухан эмэгтэй
жүжигчинтэй дотно харилцаатай болно. Киноны үйл явдал цааш өрнөх тусам
улам ээдрээтэй, улам тайлагдашгүй болж эхэлэнэ.
Жигтэй чанар: Та нарт гэж хэлэхэд киноны утгыг ойлгох гэж би л лав 4 сар зарцуулсан.
Хамгийн жигтэй мөч: Шороонд хутгалдсан эр зоогийн газрын арын хогийн савнаас гэнэт гарч ирдэг агшин.
1. Хоосонд нэвтрэхүй (Enter the Void, 2009)
Кино:
Үйл явдал Токиод өрнөнө. Оскар нэртэй америк залуу цагдаагийн суманд
амиа алдаж өөд болох ч хоёр ертөнцийн заагт хашигдсан сүнс нь ертөнцөөр
тэнүүчлэн сэтгэхүйн аялалд гарна.
Жигтэй шинж: Найруулагч
Гаспер Ноэгийн энэ жагсаалтанд багтсан хоёр дахь бүтээл талийгаачийн
сэтгэхүйн аялалыг санаанд оромгүй жигтэйгээр дэлгэцэнд тамгалснаараа энэ
зууны хамгийн жигтэй киноны тэргүүнд жагсаж байна.
Хамгийн жигтэй мөч: Оскар эмэгтэй хүний үрийн суваг дотроос секс өрнөхийг харна.
Сэтгэгдэл байхгүй байна.