ҮҮЛ ДАРГАД ӨГӨХ “МАШИНЫ ХУЛГАЙ” ХИЙХГҮЙ БАЙХ ЗӨВЛӨГӨӨ
Амьдран суугаа улсын маань нийслэлд хулгай, дээрмийн хэрэг цөөнгүй гардаг л даа. Гэхдээ тэр бүгдийн ихэнхийг тухайн үед нь цагдаагийн байгууллагын албан хаагчид шуурхай илрүүлэн зохих арга хэмжээг авчихдаг нь сайшаалтай. Гэтэл сүүлийн хэдэн жил хэн гэдэг нь мэдэгдэж байгаа хэрнээ хуулийн хариуцлага хүлээдэггүй нэг сүрхий "хулгайч”-тай болчихов. Хүн бүхэн түүнийг таньдаг, мэддэг, өдрийн аль цагуудад, яг хаагуур энэхүү "гэмт үйлдэл”-ээ хийдгийг нь мэдэх боловч яаж ч чадахгүй өнөөдрийг хүрч байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас явуулсан шалгалтаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн гаргасан машин ачих шийдвэр хууль зөрчсөн нь тогтоогдсон учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 960,0 мянган төгрөгөөр торгосон гэдгийг албаны хүн хэлж байна. Мөн дээрх шалгалтаар машины дугуй түгжиж байгаа нь хууль зөрчсөн гэдгийг тогтоочихож. Гэсэн ч энэ бүхэн өнөөг хүртэл үргэлжлээд л байна. Улаанбаатар хотод нийтдээ 14 компани нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачиж, тээвэрлэх эс бөгөөс дугуйг нь түгжих гайхалтай ашигтай ажлыг хийдэг болжээ. Учир нь машинаа ачуулсан нэг иргэн 60,0-70,0 мянга, дугуйгаа түгжүүлсэн нөхөр 20 мянган төгрөгний төлбөрт унадаг аж. Нэгэнт шийдвэр тогтоомжоо гаргаад хэрэгжүүлж байгаа нь үнэн болхоор тухайн шийдвэрийг зөрчсөнийхөө төлөө иргэн ийнхүү торгуульдаг юм байж.
Гэтэл сая гаруй хүн амтай, Монгол Улсын нийслэл байж иргэдийнхээ хувийн өмчид дур мэдэн халдахаасаа урьтаж авто зогсоолуудаа бэлдэх нь чухал байлаа. Үүнийг хэн хүнгүй л ярьж буй учраас ингэс гээд орхиё. Харин чухам яагаад "Үүлэн үст” даргаа "машины хулгайч” хэмээн цоллосон бэ гэдэг гол асуудалдаа оръё.
"Хүний хувийн өмчид зөвшөөрөлгүйгээр халдахыг хулгай гэнэ”. Энэ ойлголтыг өнөөдөр цэцэрлэгийн насны хүүхэд ч мэднэ. Ангийнхаа найзын тоглоомон машиныг өөрт нь мэдэгдэлгүйгээр гэрлүүгээ нэг өдөр авч явчихаад ирвэл тэр хүү машин хулгайлсан хэрэгт орно гэдгээ мэднэ. Гэтэл энэхүү машин ачдаг компаниуд, ачихыг нь хөхиүлэн дэмжиж байгаа хотын дарга хүний өмчид хэлэлгүйгээр халдсаар байна. Нэг үгээр хэлбэл хулгайн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа юм. Энэ нь ч ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлоос тодорхой харагдана. Иргэн Б-ийн өнгөрсөн сарын 21-ний өдөр гаргасан гомдолд дурдсанаар "Ардын эрхийн автобусны буудлын тэнд машинаа түр орхиод/10 минут хүрээгүй/ ирэхэд машиныг нь ачиж байж. Учирлаж гуйсан ч "Батзэв” компанийн ажилчид 32-ын тойрогт байрлах журмын хашаанд машиныг аваачиж байрлуулжээ. Нэгэнт ийм байдалд орсон тэрээр арайхийж 60,0 мянган төгрөг олж машинаа авахаар ирэхэд нь машиных нь багажийг лацдаагүй байсан бөгөөд үүнийг хэлж багажаа шалгахад нөөц дугуй нь алга болсон байсан” гэжээ. Мөн тэрээр машиныхаа урд үлдээсэн утасных нь дугаараар холбогдож мэдэгдээгүйд гомдолтой байгаагаа дурджээ.
Энэ бол ганцхан жишээ бөгөөд ийм гомдлын жагсаалт цааш нэлээд уртаар хөвөрнө.
Нэгэнт л байдал ийм дээрээ тулчихсан учраас Үүл дарга аа, надад нэг санал байна. Хэдэн хувийн компаниудтай нийлж та бусдын эд хөрөнгөд дур мэдэн халдахаа зогсоовол ямар вэ. Ингэвэл таны ч нэрд сайнаар тусна. Ингэхийн тулд яах вэ гэж үү. Ердөө л тухайн машиныг ачихаа урьтал болгохоосоо өмнө 5-10 минут хүлээзнэдэг байхад л болно. Учир нь замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьж байгаа хүмүүс бол яаралтай ажил/5-10 минут/ гарсан л хүмүүс байдаг/Эмийн сан орсон, албан бичиг оруулж өгөх, эс бөгөөс өвдөж зовсон нэгийгээ авахаар орсон гэх мэт/.
Мөн үүнээс гадна "Уучлаарай түр зогсов” гэсэн бичгийн дор үлдээсэн дугаарт залгаж "Дүрэм зөрчсөн тул машиныг тань ачлаа шүү” хэмээн анхааруулчихаад өнөөх хүлээлгийн хугацаа дуусахад хүрч ирэхгүй бол харин ачиж болно. Ийм хоёрхон зүйлийг та машин ачдаг компаниудын ажилчдад дадал болгоод суулгаад өгчихсөний тань дараагаар таныг "Машины ……” хэмээн цолловол тэр үед минь хариуцлага хүлээлгээрэй.
Т.АЮУ
Сэтгэгдэл байхгүй байна.