Самсунгийн захирал ард түмнээсээ уучлалт хүсэв
Өмнөд Солонгос улсад тархаад буй Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МЕРС коронавирусын тархалтад Самсунг сангийн байгуулсан эмнэлэг халдвар тараах голомт болсон гэх хэрэгтэй холбоотойгоор тус санг захиуцсан захирал И Жэ Ён ард иргэдээсээ уучлалт хүслээ.
Коронавирусын тархалтын байдлаараа Саудын Арабын дараа бичигдэх дээрээ тулаад буй Өмнөд Солонгос улсын Засгийн газраас мэдээлсэнээр өчигдрийн байдлаар халдвар авсан тохиолдол дахин гурваар нэмэгдэж, 175 болжээ.
Тэдний ихэнх нь нийслэл Сөүл хотноо байрлах "Samsung Medical Centre” эмнэлгээр үйлчлүүлж байхдаа халдвар авсан байна. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр шинээр халдвар авсан гурван хүний нэг ч гэсэн тус эмнэлэгт үзүүлэхдээ халдвар авчээ.
И Жэ Ён телевизээр ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ "Самсунгийн эмнэлэг нь вирусын халдвар тараах эх үүсвэр болсондоо туйлын их харамсч байна. Бидэнд маш том уй гашуу тохиолдлоо. Толгой бөхийлгөн гүнээ мэхийж байна” хэмээн өгүүлж, толгой бөхийлгөжээ. Түүнчлэн, эрс шинэчлэлт хийхээ амласан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.