Мерс өвчин тэмээнээс гаралтай байж болзошгүй
Дөрвөөс доош насны тэмээнээс Мерс өвчин гаралтай байж болзошгүй гэсэн шинэ таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Олон улсын багийнхан Мерс өвчний гарал үүсэл, шалтгааныг олохоор ажиллаж байгаа бөгөөд 800 гаруй нэг бөхт тэмээнд халдварын шинж илэрснийг судалсан байна. Халдвар тээж байгаа тэмээнүүдийн 90 орчим хувь нь хоёр настай байгаа ба нас бие гүйцсэнээс илүү ботгонуудын дунд тархалт их байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Тэд мал аж ахуй дахь өөрчлөлт нь хүмүүсийн дунд тархаад буй Мерс вирусийн халдварыг бууруулж болох талтай гэж үзсэн байна. Хамгийн сүүлд гаргасан энэхүү судалгааны дүнг Emerging Infectious Disease сэтгүүлд нийтэлсэн аж.
Хүнд халдварласан Мерс коронавирусийн тохиолдол анх 2012 оны зургадугаар сард илэрсэн боловч үүнээс ч өмнө халдвар гарч байсан байж болзошгүй гэдгийг эрдэмтэд анхааруулж байгаа юм.
Мерс вирусийн 1,100 орчим тохиолдол бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнээс 400 гаруй хүн амиа алдсан байна. Одоогоор Европ, Ази, Африкийн 25 улс оронд халдвар тархсан байгаагаас Саудын Арабад хамгийн их тохиолдол байгаа аж.